Дэлхийн олон хот утаатайгаа тэмцсээр байна. Тэдний нэг нь манай Улаанбаатар. Бид өнгөрсөн хугацаанд маш олон шийдлийг олон нийтэд санал болгож, хэрэглээнд нэвтрүүлж ирсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Тэгвэл Засгийн газраас энэ удаа хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, эхний удаад Яармаг, Налайх, Нисэх зэрэг газарт түлж, үр дүнг харахаар шийдвэрлээд байна. Мөн цаашид хагас коксын үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-г боловсруулж байгаа. Хагас коксыг 2017 онд урд хөршид туршиж, Хятадын олон хот утаанаасаа салжээ. Мөн БНСУ, Япон зэрэг Ази, Европын орнууд ч түгээмэл хэрэглэж буй. Удахгүй Улаанбаатарт нэвтрэх хагас коксын түлшийг хэрхэн бэлтгэдэг, яагаад бид хагас коксод шилжих ёстой вэ, үр дүнг хэрхэн тооцоолж байгааг урд хөршийн хэд хэдэн хотоор явж, хагас коксын үйлдвэртэй танилцан сурвалжиллаа. Удахгүй утааны улирал эхэлж, улаанбаатарчууд нэлээд стрессдэнэ. Арга ч үгүй юм. Утаанаас үүдэн бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн, суурь эрх өвлөөс өвөлд дамжин зөрчигдөж ирсэн. Утаанаас үүдэлтэй өвчлөл ч нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд баталж хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, бохирдлын улмаас цус харвалт, зүрхний өвчин, уушгины архаг бөглөрөл болон уушгины хорт хавдар зэргээр өвдөхөд хүргэдэг хэмээн ДЭМБ мэдээлжээ. Тэгвэл энэ удаагийн хагас кокс түлш шийдэл болж чадах болов уу. Олон улсад утааны эсрэг шийдэл байж чадсаныг харахад хонгилын үзүүрт гэрэл гялалзах мэт горьдлого төрж байна. Гэвч үр дүнг ярихад мэдээж эрт биз ээ.
Хагас кокс гэж юу вэ?
Олон нийтийн дунд ид яригдаж байна. Түлш нь хортой, хоргүй. Нийслэлчүүд туршилтад орох гэж байна. Урд хөрш рүү нүүрсээ гаргаад эргээд авдаг тэнэг улс гэж байхгүй, ээлжит мөнгө угаалт гээд л амтай болгон өөр өөрсдийнхөөрөө шаагилдацгааж байна. Мэдээллээ сайн өгөөгүй учраас олон нийтийг буруутгах аргагүй юм. Тэгвэл хагас кокс гэдэг нь түүхий нүүрсийг 600-700 хэмийн халуунд жигнэж, “хорыг” нь бууруулан гаргаж авсан аж. БНХАУ-ын хувьд 2017 оноос эхлэн туршиж хэрэглээнд нэвтрүүлжээ. Үр дүнгийн тухайд тухайн жилдээ хятадын хотуудад утаа хоёр дахин буурч, Бээжин агаарын бохирдлоос гурван жилийн хугацаанд салжээ. Тэгэхээр хагас кокс нь олон улсад аль хэдийнэ туршигдаж, хэрэглээнд нэвтрээд, үр дүнгээ өгөөд эхэлсэн түлш юм. Улаанбаатарчууд анхны туршилтад орох гээд байгаа асуудал огт биш гэдгийг дурдах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд энэ түлшийг хэрэглэж буй хотуудад туршилтын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд халтай тохиолдол гарч байгаагүй гэдгийг мөн урд хөршийн хагас коксын үйлдвэрийн удирдлагууд өгнө лээ. Хятадад одоогийн байдлаар хагас кокс үйлдвэрлэдэг 300 үйлдвэр байна. Манай улс хагас кокс түлшийг нэвтрүүлэхийн тулд тендер зарлаж, шалгарсан компаниас хагас коксын түүхий эдээ авахаар төлөвлөжээ.
Агаарын бохирдол хоёр дахин буурах тооцоо гарчээ
Улаанбаатарт өмнө нь утааг бууруулах олон шийдлийг нэвтрүүлсэн ч үр дүн үзүүлсэн нь цөөн. Хамгийн сүүлд буюу 2018 онд Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийг байгуулж, шахмал түлшийг нэвтрүүлсэн. Тухайн жилдээ утаа тодорхой хэмжээнд буурсан ч энэ технологи жилээс жилд хоцрогдож байгааг албаныхан хэлж байна. Ялангуяа одоо хэрэглэж буй мидлинг түлш утааг 30 хувиас дээш бууруулж чадахгүй байгаа юм. Тиймээс Эрчим хүчний яамнаас өнгөрсөн хавраас эхлэн мидлинг түлшийн түүхий эдийг солих туршилтыг эхлүүлж, хагас коксоор 97 удаагийн галлагаа хийж, лабораторийн үзүүлэлтээр агаарын бохирдол хоёр дахин буурсан үр дүн гарчээ. Энэ талаар Эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга И.Лувсанцэрэн "Анх шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд агаарын бохирдлыг 50 хувь бууруулж байгаа гэх тооцоолол гарч байсан юм билээ. Энэ нь түүхий нүүрсийг ашиглахаас илүү шийдлийг нь сонгосон гэж хэлж болно. Шахмал түлшний гол түүхий эд нь мидлинг. Гэвч хожим энэ түлш агаарын бохирдлыг бууруулах тул түүхий эдийг нь солих туршилтын ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ мидлингийг хагас коксоор орлуулж, 97 удаагийн туршилт хийлээ. Туршилтын үр дүнд дэгдэмхий ес, хүхэр 0.5, үнслэг чанар найман хувиар бага гарсан. Мөн тоосонцор 3.7, хүхэрлэг хий 6.9 дахин багассан бол угаарын хий 810, азотын исэл 56-гаар буурсан үзүүлэлтийг харуулсан” гэлээ.
Ийнхүү олон нийтийн шүүмжлэлтэй тулсан ч хагас кокс түлшийг энэ жил Нисэх, Яармаг, Налайхад түлж, туршихаар болж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Энэхүү туршилт арванхоёрдугаар сарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл 45 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үүнд нийтдээ 32 тэрбум зарцуулах тооцоо гарсан бөгөөд нийслэлийн бондоос уг мөнгийг шийдвэрлэх юм.
Үйлдвэрийн туршлагууд
Урд хөршид сэтгүүлчдийн баг болон албаныхан гурван үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Эхнийх нь “Сентай Нью Техноложи” шахмал түлшний үйлдвэр байв. Тус үйлдвэр нь жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Нэг цагт 160-210 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэдэг бөгөөд манай "Тавантолгой түлш" компани ижил гэсэн үг юм. Дараа нь бид “Шэнмү энержи девелопмент компани”-ийн үйл ажиллагаатай танилцав. Өмнөх үйлдвэрээс ялгаатай нь энэ үйлдвэр нь нүүрснээс гадна дэргэдээ химийн үйлдвэртэй юм. Түүхий нүүрсийг 650-750 хэмд жигнэж, хагас кокс гаргаж авдаг уг үйлдвэр нь хагас коксоо нунтаг болон ширхэглэгт гэх хоёр хэсгээр ялгана. Нунтаг хэсгээр нь иргэдийн хэрэглэх түлшийг хийдэг бол ширхэглэгт хэсгийг нь гангийн үйлдвэрт нийлүүлдэг ажээ. 14 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр нь жилдээ 800 мянган тонн хагас коксон түлшийг үйлдвэрлэдэг хүчин чадалтай юм. Хамгийн сүүлд “Ван зонг вэй еэ” шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын компаниар орлоо. Өдгөө 24 дэх жилтэйгээ золгож буй уг компани нь 150 мянган тоннын дөрвөн ширхэг зуухтай бөгөөд нийт 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Тус компани нь дөрвөн төрлийн хагас коксон түлшийг гарган авдаг байна. Нунтаг, жижиг, дунд болон том гэх дөрвөн төрлийн хэмжээтэй гарган авдаг. Ингэхдээ олон нийтэд гэрээ дулаалах галлагаанаас гадна шорлогийн нүүрс хийж, экспортлодог байна.
Цаашид Монгол Улс...
Хагас коксын үйлдвэр барих асуудал манай улсад 2008 оноос эхлэн яригдсан ч хөрөнгө оруулалт болон бусад асуудлын улмаас унасаар ирсэн. Тэгвэл энэ удаа үйлдвэр барих асуудлыг дахин зүтгүүлж эхлээд байна. Эрчим хүчний яамнаас 600 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулан ажиллаж байгаа юм. Урд хөршид энэ хэмжээний хүчин чадалтай үйлдвэр 250 сая юанийн өртгөөр босчээ. Энэ нь ойролцоогоор 125 тэрбум төгрөг гэсэн үг. Тэгвэл манайх хөрөнгө оруулалтаа шийдэж чадвал 2025 оны дунд үе гэхэд хагас коксын үйлдвэртэй улс болно гэсэн үг. Мөн хэрэв хагас коксын үйлдвэртэй болчихвол одоо байгаа агаарын бохирдлыг хоёр дахин бууруулах тооцоо бий. Тиймээс урд хөршийн туршлагыг судалж хагас коксыг нэвтрүүлэх шаардлагатай гэдэг дээр талууд нэгджээ. Үйлдвэртэй болсноор зөвхөн хагас кокс түлш гаргаж авахгүй, өөр бусад ач холбогдолтой. Тухайлбал, нүүрсийг 600-700 хэмд жигнэх явцад хий гардаг. Тэрхүү хийгээ урд хөршийн үйлдвэрүүд цахилгаан станцад нийлүүлж байна. Хоёрдугаарт, давирхай гарна. Түүнийгээ химийн бүтээгдэхүүн болгож шатахуун, дизель түлш гарган авч болно. Мөн хагас коксын үйлдвэрүүд том ширхэгт хагас коксыг гангийн үйлдвэрт нийлүүлдэг бөгөөд нунтаг хагас коксыг шахмал түлшний үйлдвэрт нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн үйлдвэрлэл болон хөгжих боломж харагдаж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)