ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шүтэж ирсэн төрийн үйлчилгээг хална

оруулсан Алсын Хараа

 Ирэх сарын 7-8-нд болох “Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ыг угтсан салбаруудын хэлэлцүүлэг үргэлжилж, өнөөдөр МҮХАҮТ-д “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр ээлжит хэлэлцүүлгийг ХЗДХЯ-наас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нээж хэлэхдээ, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг нь төрийн бүтээмжийн сэргэлт юм гэдгийг онцлов. Цахим хөгжлийн багц хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхийг Х.Нямбаатар сайд дуулгасан юм. Ингэснээр:

  • Нийтийн мэдээллийн тухай хууль,
  • Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль,
  • Цахим гарын үсгийн хууль,
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль,
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль багцаараа хэрэгжихийг тодотгов.

Тэрээр, Цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага бүр бэлтгэл ажлаа хангах ёстойг тэмдэглэж, “Нийтийн мэдээллийн тухай хуулиар бид төрийн албаны албан хэргийн хөтлөлтөд өөрчлөлт гарна. Төрийн байгууллагууд хоорондоо албан бичиг солилцдог уламжлал халагдаж байна гэсэн үг.

“Хур” системийг ашиглан нийтийн мэдээллийг хуваалцаж төрийн том датаг албан байгууллагууд хоорондоо солилцоно. Төр иргэн, ААН, байгууллагын өмнө үүрэг хүлээж байгаа. Төрийн мэдээллийг нийтэд ил тод болгоно. Жишээ нь, төрийн өмчит компаниудын ашиг алдагдлын тайлан, ТУЗ-ийн гишүүдийн нэрс, гишүүдийн цалин, ашигт малтмалын газрын лиценз ашиглах эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх мэдээллийг төр ил болгох үүрэг хүлээж байна” гэдгийг тодотгов.

Цахим шилжилттэй холбогдуулан E-mongolia цахим хуудсаар 2.1 сая ширхэг лавлагааг иргэн, хуулийн этгээдэд өгснийг мэдээлэв. Ингэснээр 30 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Цаашид төрийн үйлчилгээг цахим руу богино хугацаанд шилжүүлэхийн хэрээр төрийн бүтээмж сайжирна гэж үзэж байгааг илэрхийлэв. “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна.

“Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг хөндсөн. Улсын хэмжээнд нийт 467 төрийн өмчит ААН үйл ажиллагаа явуулж байна. Гэвч ашигт ажиллагаа ердөө 5.9 хувьтай, нийт хөрөнгийн өгөөж нь 1.3 хувийн үнэлгээтэй байна. Энэ байдлыг сайжруулахын тулд компанийн удирдлагын багийг хараат бусаар сонгож, үйл ажиллагааны тайланг ил тод байлгах механизмыг бий болгох замаар шинэчилнэ гэж үзэж буйг илэрхийлж байна.

Энэ нь төр өөрийнхөө төсвийн, хөрөнгө оруулалтынхаа, бүтэц тогтолцооны менежментээ өөрчилснөөр төрийн бүтээмжийн сэргэлтийн нэг шинж тэмдэг гарч ирнэ гэдгийг тодотгов. Төрийн бүтээмжийн сэргэлтэд:

  • төрийн үйлчилгээг цахимжуулах,
  • Хүнд суртлыг багасгах, төрийн хяналт шалгалтын болон звөшөөрлийн тогтолцоог цөөрүүлэх, орон тоогоо багасгаж хялбаршуулах,
  • Төр өөрөө бүх чиг үүргээ хэрэгжүүлэх гэж улайрах шаардлагагүйгээр төрийн зарим чиг үүргийг нийтийн эрхзүйн субьектууд болон хувийн секторт, ТББ-уудаар гүйцэтгүүлж хийлгэх байдлаар илэрч чиг, зорилго, зорилтоо хэрэгжүүлж болно гэдгийг тэмдэглэн хэлж байна.

Төр, засаг, ялангуяа төрийн байгууллагыг удирдаж ирсэн дарга, яамдын сайд нар сүүлийн 30 жилд орон тоогоо яаж нэмэгдүүлэх, бүтцээ яаж данхгар болгох, яаж өөр дээрээ чиг үүрэг нэмж, төсөв нэмүү тавиулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж зүтгэж ирснийг бид ярьж, хөндөхгүй явж ирлээ.

Гэтэл энэ бүхний үр дүн өнөөдөр яаж гарч ирж байна гэхээр татварын байр, Монголбанкны байргүй нэг ч аймаг алга, Цагдаагийн байр шинээр бариагүй сум тун цөөн. Гэтэл төрийн бусад агентлаг бүгд байртай болох гээд зэрэгцээд явж байх жишээний. Тэгэхээр төр хөрөнгийн менежментээ хүртэл зөв хийж байж бүтээмжийн сэргэлт гарна. Төрийн мөнгө гэдэг хязгааргүй нөөц биш. Татвар төлөгч та бүхний мөнгө, түүгээр бүрдэж буй төсөв бүгд хязгаартай байх ёстой. Төрийн бүтээмжийн сэргэлт гэдгийг үүгээр тодорхойлж болно гэж байв. Тэрээр, цаашид бид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шүтэж ирсэн төрийн үйлчилгээ халъя гэдэгт анхаарч ажиллахаа илэрхийлэв.

“Өнөөдөр төрийн үйлчилгээ цахимжаад байхад иргэд заавал бүртгэлийн нэг газар очиж биш, заавал өөрийн оршин суугаа газраа бус, хамгийн ойр явж байгаа хороон дээрээ очоод бүх үйлчилгээг авчихдаг байж яагаад болохгүй гэж. Газрын гэрчилгээг заавал дүүргийнхээ газрын албан дээр очиж дугаарлан авах шаардлагагүй. Бүх үйлчилгээг цахимаар, гар утаснаасаа, киоск машинаас авч болно. Ийм нээлттэй, хүртээмжтэй тогтолцоо руу шилжих нь төрийн бүтээмжийн сэргэлтийн нэг онцлог хэлбэр юм” гэдгийг хэлж байлаа. Тэрээр өнөөдөр улсын бүртгэлтэй холбоотой 126 нэр төрлийн үйлчилгээнээс 122-ыг газар дээр нь цахимаар авах боломжтойг тодотголоо.

Төр үйл ажиллагааны бүтээмжээ сайжруулъя гэдэг нэр томьёоны хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг түшиглэсэн, шүтсэн төрийн үйлчилгээг халах чиглэл рүү, магадгүй тойргийн шинжтэй төрийн үйлчилгээ давамгайлах тэр хэлбэр рүү явна гэв. Энэ үүднээс бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Засгийн газрын хамгийн оновчтой бүтэц, үйл ажиллагааны бүдүүвчийг судалгааны байгууллагуудаар хийлгэхээр зорьж байна гэдгийг дуулгалаа.

 

Томоохон төслүүдийг хувийн хэвшилтэйгээ хамтран хэрэгжүүлье

“Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээнд болсон "Төрийн бүтээмжийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг дээр бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гаргасан санал, хэлсэн үгийг хүргэж байна. Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Төр, засаг аж ахуйн ажлаасаа салах алхамыг хийж байгаа нь таалагдаж байна. УИХ, Засгийн газар төрийн хүнд суртлыг багасгах, хөгжлийг түргэтгэх хэд хэдэн уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан. Сайн үр дүнд хүрэхийн тулд бид ярилцаж байна. Хувийн хэвшлийнхэн асуудлыг том зургаар хардаг болсон.

Том төслүүдийг хэрэгжүүлж байж монголчуудын амьдрал дээшилнэ гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Олон нийтийн хувьцаат компани байгуулаад аль нэг том төслийг төртэй хамтраад хэрэгжүүлье. Төслүүдийн ТЭЗҮ хийх болон судалгаа шинжилгээ хийхэд хувийн хэвшил хурдтай манлайлж ажиллах боломжтой. Хууль эрх зүйн орчин илүү сайжрахыг хүлээж байна.

МҮХАҮТ-ын ерөнхиийлөгч О.Амартүвшин, “Танхим Сангийн яамтай хамтран хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг энгийнээр авч үзвэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц юм.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардах 90 гаруй төсөл ярьж байгааг бид эдийн засгаа тэлэх том боломж гэж харж байна. Төр хувийн хэвшилдээ итгэл үзүүлж, дэмжих замаар үүнийг шийдэх боломжтой. Нөгөө талаас төр өөрөө хамтын түншлэлд бэлэн үү, хувийн хэвшлийнхэндээ бүрэн дүүрэн итгэж байна уу гэдэг асуудал байна. Дотоодын ААН-үүддээ итгэж, дэмжихгүй бол гадны хөрөнгө оруулагчид яаж итгэж манай улсад хөрөнгө оруулах вэ?

Төрийн дангаараа хийх гэж буй төсөлд хувийн хэвшлийн оролцоог хангая, хувийн хэвшлийн төсөлд төрийн концессын олон хэлбэрийг нэвтрүүлье гээд хамтрах боломжтой төслүүдэд зөв уялдаа холбоог нь хангах зорилготой төслийн нэгжийг байгуулсан. Төр хувийн хэвшлийн түншлэл нь “Шинэ сэргэлт”-ийн амин сүнс нь байх ёстой.

Төр хатуу итгэл үнэмшилтэйгээр аж ахуйн үйл ажиллагаанаас татгалз, төрд байгаа 106 компанийн ихэнх нь алдагдалтай, цөөн хэдэн компанийнхаа орлогоор нийт алдагдлаа балансалдаг. Хувьчлах юм бол илүү ашигтай. Эцсийн дүндээ үр дүн, гарц чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, хувийн хэвшил тэлэх тусам татварын орлого нэмэгдэж, итгэлцэл бий болно”.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл юм. МҮХАҮТ-ын тухай хуульд Танхимуудыг эдийн засгийн салбараар дагнасан байхаар байгуулахаар тусгасан хуулийн шинэчлэлийг Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэн шуурхай хэлэлцэхээр болсонд таатай байгааг бизнес эрхлэгчид болон Танхимын гишүүдийн өмнөөс илэрхийлье”.

Мэдээллийг ил тод болгож, албан бичгийн тогтолцоог хална

 

Сэтгэгдэл бичих