Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуульд монгол хэлний мэргэжилтэн бэлтгэнэ

оруулсан Алсын Хараа
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд яам, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургууль хоорондын зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сарын 29-нд болов.
Уулзалтад ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамыг төлөөлж Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч захирал Е.М.Горожанкина, референт М.М.Посельский, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлж Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийг төлөөлж ректор И.А.Краева, орлогч захирал Л.А.Петручак нар холбогдох салбар сургууль, сургалт, эрдэм шинжилгээний төв, гадаад оюутан, олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан газрын захирлуудын хамт оролцов.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч захирал Е.М.Горожанкина хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, ойрын болон дунд хугацаанд тавигдаж буй зорилтуудын талаар яриад “Монгол хэл, Монголын түүх, соёлыг өндөр түвшинд мэддэг мэргэжилтэн бэлтгэх шаардлага байна. Монгол хэлний мэргэжилтэн бэлтгэх асуудал дээр талуудын санаачилга нэгдэж, Орост төдийгүй Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орон зайн дахь хэл шинжлэлийн хамгийн том төвд хэрэгжих болж байгаад баяртай байна” гэлээ.
Манай сургуулийн дорно дахины хэл судлалын багш, эрдэмтэд Монгол хэлний анги нээх асуудлыг 3 жилийн өмнөөс надад тавьж, өнгөрсөн хугацаанд зохих бэлтгэлийг хангаж ирлээ гэж Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн ректор, профессор И.А.Краева уулзалтын үеэр дурдлаа. Тэрбээр, “Манай сургуульд Монголын 19 оюутан суралцаж байна. Хэл шинжлэлийн олон улсын арга хэмжээ дээр сургуулийнхаа төгсөгч Монголын эрдэмтэн судлаачидтай тааралдаж санал, сэтгэгдлээ солилцоход таатай байдаг" гэлээ. Түүнчлэн Монгол хэлний анги нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын талаар дэлгэрэнгүй яриад уг асуудлаар сургуулийнхаа холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, чиглэл өгөв.
Уулзалтад оролцогчдод Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваагийн мэндчилгээг тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү дэвшүүлээд “Монгол судлал, монгол хэл, соёлыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэх нь манай төр, засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг. Монгол хэлний анги нээх санал, санаачилга, үйл хэрэгт Элчин сайдын яам сэтгэл хангалуун нэгдэж байна” хэмээн тэмдэглэв.
ОХУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн оны 9 дүгээр сард “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Оросын Холбооны Улс, Монгол Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Хоёр орны хамтын ажиллагаа харилцааны шинэ түвшинд гарлаа. Монгол Улстай ажил хэргийн нягт холбоотой ажилладаг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд монгол хэлтэй мэргэжилтэн шаардлагатай байгаа тухай удаа дараа илэрхийлэх болсон хэмээн ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын референт М.М.Посельский уулзалтын үеэр дурдаад “Монгол хэлийг Москва, Санкт-Петербургийн цөөн их сургуульд заадаг. Өнөөдрийн яригдаж буй асуудал ажил хэрэг болсноор Хэл шинжлэлийн их сургууль нь монгол хэлний анги, тэнхимтэй ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шууд харьяаны анхны сургууль болох юм” гэж онцлов.
Түүнчлэн талууд хамтын ажиллагааны бусад арга хэмжээ, тухайлбал мэргэжилтэн болон оюутны солилцоог нэмэгдүүлэх, Орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, зарим чиглэлд тодорхой шийдэлд хүрэв.
Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн 90 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус сургуульд гадаадын 36 хэл заадаг ажээ.

Сэтгэгдэл бичих