Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлт болон төсвийн орлогын талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан ажиллаж байна. Үүний нэгдүгээрт, боомтын сэргэлт гэж заасан. Тэгэхээр боомтын сэргэлт гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Засгийн газраас дэвшүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого” маань өөрөө эдийн засгийг сууриар нь тэлэх зорилготой бодлого юм. Харин эдийн засгийг сууриар нь тэлэхэд бидэнд ойрын үед юу хэрэгтэй вэ гэхээр экспортыг нэмэгдүүлэх л шаардлага бий. Харин экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх гэхээр одоогийн байгаа боомтын дэд бүтэц, нэвтрүүлэх хүчин чадал маань бэрхшээл болж байна. Үүнийг "Шинэ сэргэлтийн бодлого"-д эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйл гэж тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсад өнөөдрийн байдлаар 46 боомт байдаг. Үүний 19 нь идэвхгүй, бусад нь үйл ажиллагаа явуулдаг хэрнээ манай экспорт үндсэн гуравхан боомтоос л шалтгаалж байна.
Импорт нь Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар гэсэн боомтоос шалтгаалдаг ч дийлэнх нь ганцхан Замын-Үүдээс хамааралтай. Тэгвэл экспорт маань Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоос ерөнхийдөө хамаарч байна. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаа харахад олон жилийн баригдсан дээрх хэдхэн боомтынхоо хүчин чадлыг шавхаж ирсэн дүр зураг ажиглагддаг. Харин экспортынхоо тоо хэмжээг нэмэхийн тулд яах аргагүй одоо байгаа боомтоо өргөтгөх, шинэчлэх, авто зам, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хил гаалийн байгууллагын үйлчилгээ, хяналт шалгалтыг үр дүнтэй, түргэн шуурхай, цахим, хүний хамаарал багатай болгохоос өөр арга байхгүй. Тийм ч болохоор энэ бодлогыг дэвшүүлж байгаа. Нөгөө талдаа цар тахлын энэ хүнд үед боомт ямар чухал гэдгийг бид мэдэрсэн шүү дээ.
-Тэгвэл боомтыг хэрхэн сэргээх вэ?
-Боомт гэдгийг бид өнөөдөр ерөнхий том зургаар нь харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Боомт гэхээр л хил гааль дээрээ байгаа зөвхөн нэвтрэн өнгөрөх үйл ажиллагааг хэлдэг, хардаг байсан. Тэгвэл боомтын шинэчлэлийг зөвхөн хилийн гарц гэж харах бус эдийн засгийн цогц агуулгаар нь харж төлөвлөх шаардлагатай байна.
Тухайлбал, экспортын бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэлээс эхлээд хил хүрэх ачаа тээвэр, логистик, зам, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь анхаарч хилийн нэвтрэн өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил гаалийн үйлчилгээг түргэн шуурхай, үр дүнтэй болгох зэргээр бид төлөвлөж байна. Үйл ажиллагааг нь хэвийн явуулахад шаардлагатай цахилгаан, дулаан гээд дэд бүтцийн хэсэг тус бүр өөрөө боомтын хөгжил юм байна гэдгийг тодорхой байдлаар нь авч үзэх шаардлагатай.
Мөн нөгөө талд байгаа хөршийн боомтын хүчин чадал ямар түвшинд байна, тэр хэмжээнд нь өөрсдийнхөө хүчин чадлыг ижилсүүлж байж гадаад худалдааг чөлөөтэй түргэн шуурхай хийх бололцоо бий болно. Экспортын бараа бүтээгдэхүүний маань дийлэнхийг авч байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэж байгаа боомтуудаа нөгөө талтайгаа уялдуулах хэрэгтэй. Тухайн улсын тэр боомт аль чиглэлээр дагнаж, түлхүү хөгжиж байна. Бид ч гэсэн хиллэж байгаа боомтоо тэр тал руу нь түлхүү хөгжүүлэх ёстой. Энэ мэтчилэн олон хүчин зүйлийг харж, боомтын цогц төлөвлөгөөг бодлогын түвшинд авч үзэн нарийн зохион байгуулалттайгаар авч явах хэрэгтэй. Ингэснээр экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх бололцоо бүрдэнэ.
Манай эдийн засаг бол уул уурхайгаас хамааралтай. Ойрын үед ч гэсэн энэ байдал үргэлжлэх байх. Хөгжлийн урт хугацааны бодлогууд дээрээ бид бүхэн тусгасан зорилтууддаа хүрэхийн тулд нэг жилд экспортоо хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ тодорхой үечлэлээр гаргаж байгаа. Тэгэхээр хилийн боомт орчмын уул уурхайн үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлжилтийн хүчин чадлыг тооцоолоод тухайн боомт бараа бүтээгдэхүүнээ гаргаж чадахаар байна уу. Чадахааргүй бол боомтынхоо чадлыг хэдий хэр хэмжээгээр нэмэх вэ, ямар бараа бүтээгдэхүүн түлхүү гаргах юм гэдэг дэд хөтөлбөрүүдийг боомт бүр дээр тусгайлан гаргасан. Үүнийхээ ч дагуу зарим боомтуудын бүтээн байгуулалтыг эхлүүлээд явж байна. Дээрээс нь боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг нь зөвхөн бүтээн байгуулалтаас гадна зөөлөн дэд бүтэц буюу үйл ажиллагааг нь цахим болгох, техник технологийн дэвшлийг ашиглах, иргэд, аж ахуйн нэгжид түргэн шуурхай үйлчлэх гээд олон зүйл бий. Харин боомт дээр зайлшгүй байх ёстой байгууламжийг төр өөрөө хийхээс өөр арга байхгүй.
Гаалийн лаборатори, ус, дулаан, цахилгаан зэргийг нь төрөөс шийдвэрлэж, нэмэлт байгууламжуудыг нь хувийн хэвшлийнхэнд хийх боломжийг гаргаж өгч байгаа. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт дээр өнгөрсөн жил хувийн хэвшлийнхэнээ түшиглээд чингэлэг тээврийн терминалыг барьж байгуулсан. Яг үүн шигээ боомтын нэмэлт байгууламжуудыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж хийх хэрэгтэй. Ингэж байж бид боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортынхоо хэмжээг зорьсондоо хүртэл нэмэгдүүлж чадна. Ирэх 2030 он хүртэл үе шаттайгаар хөгжүүлснээр боомтынхоо хүчин чадлыг гурав, экспортын хэмжээгээ дөрөв дахин нэмэгдүүлэх судалгаа, тооцоог ч гаргасан.
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр болж, Хангийн боомт сэргэхээр болж байна. Дараагийн боомт юу байх вэ. Боомтуудаа төрөлжүүлнэ гэсэн үг үү?
-Боомтын сэргэлтийн хүрээнд одоо байнгын үйл ажиллагаа явуулж байгаа 10 боомтын ТЭЗҮ, стратегийн ямар ач холбогдолтой, шинж чанар нь юу юм, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулбал эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ гэдэг дээр цогц төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Таны хэлсэнчлэн одоо бүтээн байгуулалтууд хийгдээд эхэлчихсэн газрууд ч байгаа. Жишээлбэл, Замын-Үүд, Алтанбулаг боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай явж байна. Гашуунсухайт дээр ч мөн цогц төлөвлөгөө нь гараад шинэчлэлийн ажлууд эхэлсэн. Мөн Хангийн боомт бол эдийн засгийн ч, экспортын ч үр өгөөж өндөртэй газар. Тийм болохоор дэд бүтцийн ажлуудыг нь хувийн хэвшлээ түшиглээд хийгээд явж байна.
Харин дараагийн боомтын тухайд гэвэл бид боомтуудаа эрэмбэлж байгаа. Одоохондоо түргэн хугацаанд экспортоо нэмэгдүүлэх боломжтой уул уурхайн чиглэлийн боомтууд дээр түлхүү анхаарч байгаа бол үүний дараа хил орчмын аялал жуулчлал, уул уурхайн бус экспортын чиглэлийн боомтуудыг сэргээж, дэд бүтцийг нь шийднэ. Ер нь зарим боомт төрөлжсөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж таарна. Ингэхийн тулд хиллэж байгаа улсын боомтын үйл ажиллагаа, ойрхон хотуудын үйлдвэржилт зэргийг сайтар судалж, уялдуулах бодлого барьж байна. Нэмээд хэлэхэд БНХАУ-аас авч буй дийлэнх импорт ганцхан Замын-Үүд боомтоор явж ирсэн учраас сүүлийн нэг жилд тэнд ачаа бараа гацаж, үүнээс үүдсэн үнийн хөөрөгдлийн эрсдэл бий болж байгааг харж байна. Тиймээс импортын сувгуудаа ч бусад боомтууд дээр түлхүү нэмэх бодлого барьж байгаа.
-Манайханы харьцуулж ярьдаг газар нь Замын-Үүд, Эрээн хоёрын хөгжлийн ялгаа шүү дээ. Боомтуудыг дагасан жижиг хотуудыг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Боомтын цогц төлөвлөгөөнд энэ бүхнийг тусгаж өгч байгаа. Тухайн газарт нь суурьшлын бүс байх уу, зөвхөн дамжин өнгөрөх байдлаар байх уу гэдэг нь боомт тус бүр дээр гарна. Экспорт, импортын хүчин чадал ихтэй боомтыг бол дагаад л суурьшлын бүс үүсэх нь гарцаагүй. Улирлын чанартай, эсхүл төрөлжсөн боомтууд дээр заавал суурьшлын бүс байгуулах шаардлага байхгүй. Эрээн-Замын-Үүд боомтын харьцуулалт бол салбар хоорондын уялдаа тааруу байснаас үүдэлтэй гэж боддог. Тиймээс цогц төлөвлөгөө гаргаад, түүнийхээ дагуу салбар яамдууд уялдаа холбоотой ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн хөрш улсынхаа боомтыг сайн судлаагүй, түүнтэй нь өөрсдийн бодлогоо уялдуулж яваагүйгээс хөгжлөөс хоцрох, орхигдох байдал гарсан байх талтай.
-Дараа, дараагийн боомтуудыг сэргээх, дэд бүтцийг нь барьж байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын сэргэлт дээр нийтдээ 44 төсөл хэрэгжихээр судалгаа, тооцоо нь гарсан. Үүнд 30 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг урьдчилсан байдлаар тооцсон. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, дэд хөтөлбөрүүдийг хийхэд улсын төсөв дангаараа хийх ямар ч боломжгүй. Тэгэхээр аль болох хувийн хэвшлүүдийнхээ боломж бололцоонд тулгуурлах, хөрөнгө оруулалтыг татах, гадаадын улс орон, олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжуудыг татан оролцуулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Боомтын сэргэлтийн үндсэн дэд бүтцийн хүрээнд төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад, бусад зүйлс дээр нь хувийн хэвшлийнхэнийгээ урьж оролцуулна. Бид хамтдаа л хичээж байж боомтуудаа сэргээж, эдийн засгаа тэлж чадна. Ерөнхий төлөвлөгөөгөө нээлттэй танилцуулаад аж ахуйн нэгжүүдийн орж ажиллах, хөрөнгө оруулах боломжтой бүтээн байгуулалтыг бүрэн танилцуулаад явах зарчмыг барьж байгаа.
-Ерөнхий сайд улсынхаа төсвийг 150-200 их наяд төгрөг болгож байж бид эдийн засгийн бүрэн боломжтой болох тухай ярьсан. Тэгэхээр манай улс төдий хэмжээний төсөвтэй болоход хэдий хэр хугацаа шаардлагатай бол?
-Эдийн засгийн хувьд бие даасан чадвартай болоход тодорхой хугацаа зайлшгүй шаардлагатай. Ийм ч учраас Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого” маань 10 жилийн хугацаатай. Ирэх 2030 он гэхэд ямар хэмжээнд хүрсэн байх вэ гэдгийг тооцоолж гаргасан. Энэ төсөөллөөрөө харахад эдийн засаг маань жил бүр зургаан хувийн тогтвортой өсөлтийг бий болгоно. Боомтуудын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ дөрөв дахин нэмэгдэнэ.
Ажиллах хүчний оролцоо 65 хувьд хүрнэ, нэг хүнд ноогдох ДНБ хоёр дахин нэмэгдэх макро эдийн засгийн зорилтууд бий. Эдийн засгийн хүчин зүйлүүд маань бүгд сайжирч байж бид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ багтаамжийг 5-6 дахин нэмэх боломж бололцоо бүрдэнэ. Одоогийн байдлаар яг тодорхой хугацаа хэлэх боломж алга. Гэхдээ “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг дээрээ эдийн засгийн багтаамжаа хэд дахин нэмэгдүүлэх, дундаж давхрагаа 80 хувьд хүргэнэ зэргээр тодорхой тусгаж өгсөн. Энэ зорилт руугаа л чиглүүлээд явж байгаа.
-Боомтынхоо чадлыг нэмэгдүүлэхээс гадна гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ эцсийн байдлаар үйлдвэрлэж байж л бидний олох орлого зорьсон хэмжээндээ хүртэл нэмэгдэнэ шүү дээ?
-Тэгэлгүй яахав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын бас нэгэн зорилт маань аж үйлдвэржилтийн сэргэлт байгаа. Манайх экспортоос хамаарсан эдийн засагтэй хэрнээ экспортлож байгаа бүтээгдэхүүний 90 хувь нь боловсруулаагүй бүтээгдэхүүн, эрдэс түүхий эд байдаг. Тэгэхээр үүнийгээ боловсруулах үйлдвэр байгуулж, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон гадагшаа гаргаж байж эдийн засагт өгөх үр өгөөжийг нь нэмнэ. Аж үйлдвэрийг нэмэгдүүлж чадсанаар экспортоос хамаарсан эдийн засаг маань солонгорох, төрөлжих давуу талтай.
-Сангийн дэд сайдтай уулзсаных асуухад хил, гааль бүрэн нээлттэй болоогүй байгаа нь төсвийн гүйцэтгэл, орлогод ямар нөлөө үзүүлэх вэ?
-Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээс харахад эдийн засаг маань 1.4 хувийн өсөлттэй гарсан. Энэ маань эдийн засаг сэргэж байгаа гэсэн дүр зураг мөн боловч нөлөө үзүүлдэг макро үзүүлэлтүүд бүгд сэргэсэн гэсэн үг биш. Зарим нэг нь уналттай хэвээрээ байгаа. Тиймээс эдийн засгийн бүх үзүүлэлтүүдээ сэргээхэд анхаарал хандуулах шаардлагатай. Энэ жилийн хувьд гэвэл хил, гааль хаалттай байгаа, экспорт хангалттай хэмжээнд гарч чадахгүй байгаа зэрэг асуудлууд бий. Экспорт бага байгаа ч гэсэн дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байгаа болохоор нийт орж ирж байгаа үнийн дүнгээрээ төсөвт орж ирж байгаа орлогод тасалдлыг тодорхой хэмжээнд нөхөж байгаа.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд орлогын төлөвлөгөө 95 орчим хувьтай биелж явж байна. Гэсэн хэдий ч Сангийн яам төсвийн бодлогыг гол барьж ажилладагийн хувьд энэ жил орлого тал дээрээ илүү их анхаарч ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах Засгийн газрын бодлого, чиглэл гарсан хэрэгжиж эхлээд байна. Манай улсад 400 гаруй төрийн болон орон нутгийн өмчит компани бий. Эдгээрийн ашигт үйл ажиллагааг сайжруулснаар улсын төсөвт оруулах ашиг сайн болно. Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтраад энэ тал дээр тодорхой ажлууд хийнэ. Зөв чиглүүлж, ажиллуулж чадвал манай төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах боломж, чадамж байна гэж харж байгаа юм.
-Олон нийтийг бухимдуулж байгаа нэг зүйл бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт яах ч аргагүй бидэнд нөлөөлж байна. Энэ нь хэд, хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортоор авдаг. Гэтэл дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүн болон тээвэр ложистикийн үнэ өсөөд байгаа юм. Энэ нь ч дам нөлөөллөө үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас үнийн өсөлтийг тогтвортой байлгах тал дээр анхаарал хандуулж байгаа. Харин юунд нь нөлөөлж чадах вэ гэхээр тээврийн зардлыг өсгөхгүй байх, хангалтын таслалдал үүсгэхгүй байх тал дээр ажиллаж болохоор байгаа юм. Түүнээс биш гадаад зах зээл дээр өсөж байгаа үнэ дээр нөлөөлөх боломжгүй.
Тиймээс орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний саатал, тээврийн зардал нэмэгдэхгүй байх дээр тодорхой ажлуудыг хийж байна. Мөн сүүлийн үед, Украин, Орос улсын хоорондын нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар онцгой анхаарч ажиллаж байна. Дэлхийн улс орнууд ч гэсэн цар тахлын үеийн эдийн засаг, дараах эдийн засаг гэдэг дээр анхаарал хандуулж байна. Цар тахлын дараах эдийн засаг дээр хоёр асуудал санаа зовоож байгаа. Нэг нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу инфляц. Хоёр дахь нь цар тахлын үед улс болгон л төсвөөс тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ нь тухайн улсын Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх байдал бий болгоод байна. Ийм хоёр асуудал бараг л цар тахлаас илүүтэй улс орнуудын санааг зовоож байна. Манай орны хувьд ч энэ хоёр асуудал байгаа. Мэдээж зүгээр хараад суугаагүй. Үнийн өсөлт, инфляцийг аль болохоор тогтвортой байлгах үүднээс мөнгөний бодлого, төсвийн бодлогоороо тодорхой зохицуулалтууд, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Цар тахал, хоёр улсын хоорондын асуудал гээд таамаглаагүй хүчин зүйлүүд гарч ирсэн тийм л жилүүд өнгөрч байна.
Дэлхийн эдийн засгийг энэ онд нэлээд тогтвортой сэргэх юм байна гэж судлаачид хэлж байсан бол Орос, Украины асуудлаас болоод саарахаар болчихлоо гэсэн таамаглалыг хэлээд эхэлсэн. Мэдээж энэ хоёр орны харилцаа дэлхийн бусад улс орнуудад ямар нэгэн байдлаар дам нөлөөгөө үзүүлж таарна. Тэгэхээр энэ болгоныг аль болохоор урьдчилан харж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж явах шаардлага үүссэн. Энэ тал дээр тодорхой судалгааны ажлууд хийгдэж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН