Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Англи хэлний сургалтын төвд өнгөрсөн оны 10 дугаар сараас яриа, бичгийн чадварын багшаар томилогдон ажилласан БНЭУ-ын Зэвсэгт хүчний алба хаагч, хошууч ИШАН ШИНГАЛТАЙ ярилцлаа. Түүний томилолтын хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болж, нутаг буцах гэж байгаа билээ.
Эрхэм хошууч Ишан Шингал та Монгол Улсад 6 сар томилогдон ажиллалаа. Цаг агаар, өв соёл, уламжлал, монголчуудын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монгол Улсад 2022 оны 9 дүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалаар Батлан хамгаалахын сайд нар хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, сурган дадлагажуулах чиглэлээр ярилцан тохирч сургалтын багийг Монгол Улсад ажиллуулсан юм.
Энэхүү багийн нэг хэсэг нь англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд миний бие ХЗЦК-ын Англи хэлний сургалтын төвд, хошууч Дипак Бишман ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвд зургаан сарын хугацаанд томилогдон ажиллаж байна.
Бид хоёрын үүрэг бол бэлтгэл дунд болон дунд шатны суралцагчдад яриа, бичгийн чадвар олгоход чиглэсэн юм. Энэ хугацаанд олон сайхан монгол найз нөхөдтэй болж, талын Монголын талаар сайхан сэтгэгдэлтэй буцах гэж байгаадаа баяртай байна. Мэдээж Монголд ирэхээсээ өмнө судалж уншсан. Чингисийн түүхээр нь мэддэг байсан ч орчин үеийн Монгол Улс ямар бол гэдэг сонирхол төрсөөр байсан л даа. Ирээд харин ард түмэн нь найрсаг, тусархуу, байгаль дэлхий нь үзэсгэлэнтэй гэдгийг нь өөрийн биеэр мэдэж авлаа.
Өвөл танд их хүйтэн санагдсан байх даа...
-Тэгэлгүй яах вэ. 12 дугаар сар гарахад бүр их хүйтэрч яаж давж гарна даа л гэж бодогдож байсан. Эхний үедээ даарсан ч удалгүй орчиндоо дассан гэх үү дээ. Одоо харин эх орондоо очоод халууцах байх аа.
Таныг томилогдон ажиллах хугацаанд Монгол түмний уламжлалт их баяр боллоо. Уламжлалт баяр ямар санагдав?
-Монгол, Энэтхэг хоёр улсад ёс уламжлал, зан заншлын хувьд төсөөтэй зүйл их байдаг юм байна. Энэтхэгт монголчуудтай ойролцоо заншилтай ястнууд ч байдаг. Ялангуяа үндэсний зоог, хоол хүнсээрээ, гэр бүлсэг байдлаараа төсөөтэй бол зарим талаараа ч эсрэг гэмээр уламжлалтай санагдлаа.
Ёс уламжлалаа хаалттай бус, ил тод нээлттэй, өргөн дэлгэр тэмдэглэдэг нь ч таалагдлаа.
Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Энхбаатар нар “Цагаан сар”- аар гэртээ урьж уламжлал, ёс заншлынхаа талаар ярьж өгсөн болохоор бага зэрэг мэдээлэлтэй болж чадсан шүү.
Таныг монгол хэл сурч байгаа гэж сонссон?
-Өдөр бүр хичээлтэй болохоор төдийлөн суралцаж амжсангүй. “Сайн уу, юу байна”, “Өглөөний мэнд”, “Баярлалаа”, “Баяртай”, “Нааш ир”, “Та мундаг шүү” гэдэг үгийг шавь нар маань надад зааж өгсөн. Монгол хэл анхлан сурахад хэцүү ч гэсэн сурчихсан хойно давтагдашгүй, баялаг үгийн сантай гэж шавь нар маань хэлсэн.
Монголчуудын зан чанарын тухайд?
-Хэзээд туслахыг хичээдэг нь маш их таалагдлаа. “Багш аа, танд ямар тусламж хэрэгтэй байна” гэж үргэлж асууна. Монголд ирээд их олон найз нөхөдтэй боллоо. ХЗЦК-ын Англи хэлний сургалтын төвийн сургагч багш, сургагч ахлагч Ч.Батболд, сургагч ахлагч Т.Дэлгэрхүү (014), тэргүүн ахлагч Н.Энхбаатар (016), дэд хурандаа Б.Адъяа, номын санч Б.Энхтуяа (ХЗЦК) нараас гадна шавь болоод нөхөрлөсөн Сүхээ, Батхишиг, Баатархүүг нэрлэмээр байна.
Миний найзууд гэлтгүй Монголд ажилласан энэ хугацаанд бүгдээрээ элгэмсэг, сурах хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг нь анзаарагдсан. Аль болох надтай ярилцаж, хэлний чадвараа дээшлүүлэхийг хичээнэ. Тэгээд нүүрийн баясгалантай, үргэлж инээнэ. Гунигтай нэг ч монгол хүнийг хараагүй.
Ямар зоог нь таалагдав?
-Цуйван. Хийж чадахгүй ч идэх дуртай. Буцахдаа жорыг нь бичүүлж аваад явна.
Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Абшита Синг гэдэг. БНЭУ-ын Зэвсэгт хүчинд мөн адил алба хаадаг. ахмад цолтой. Бид 2019 онд гэрлэсэн. Одоохондоо хүүхэдгүй. Эхнэр маань удахгүй Монголд ирнэ. Намайг буцахаас өмнө Монгол Улсын зарим аймгийн үзэсгэлэнт байгалиар аялчихаад хамтдаа харина. Бид “Чингисийг хөшөө” болон говьд очиж үзэхээр төлөвлөөд байгаа.
Харин миний аав Зэвсэгт хүчиндээ артиллерийн чиглэлээр алба хаадаг хошууч генерал цолтой хүн байдаг бол ээж маань сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг сайхан эмэгтэй бий. Хүүхэд байхдаа аавыгаа дагаж цэргийн анги, байгууллагад очдог байсан нь цэргийн хүн болоход нөлөөлсөн.
Энэтхэг Улс нь хүн ам ихтэй, түүнийг дагаад Зэвсэгт хүчний алба хаагч нь олон ч гэсэн генерал цолтой нь цөөхөн. Ааваараа үргэлж бахархаж, түүний энтэй явж чадахгүй ч эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг эрмэлздэг. Ээж минь залуудаа Энэтхэг Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин нь байлаа. Намайг төрүүлээд л дасгалжуулагчийн замнал мөрийг сонгож, өнөөдөр шавь нар нь шилдэг тамирчид болон гялалзаж яваа.
Манай сайхан оронд томилогдож, Зэвсэгт хүчний алба хаагчдад англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлсэн танд их баярлалаа...
-Баярлалаа. Төсөөлж байснаас ч илүү сайхан орон байна. Боломж гарвал зуны улиралд ирэх сэн гэж төлөвлөж байгаа. Монгол хэл мэдэхгүй надад цаг үргэлж тусалж, замч хийж, найрсаг элгэмсэг ханддаг генерал, офицер, ахлагч нартаа талархал илэрхийлье. Та бүхний надад өгсөн сайхан сэтгэлээр нийт монголчуудыг төсөөлөөд буцаж байгаадаа баяртай байна.
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин