БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 3 дугаар сарын 21-ний өдөр Кремлийн ордонд хэлэлцээ хийснийхээ дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Ерөнхийлөгч Путин бид хоёр илэн далангүй, найрсаг, үр дүнтэй хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон шинэ чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Бид "Шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай Хятад, Оросын хамтарсан мэдэгдэл" болон "Хятад, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт улам эрчтэй хөгжүүлэх тухай төлөвлөгөө гаргалаа. Ерөнхийлөгч Путин бид хоёр Хятад, Оросын харилцаа хоёр талт харилцаанаас гадна олон улсын тогтолцоо, хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд чухал ач холбогдолтой харилцаа гэдэгт санал нэгтэй байна. Хоёр тал сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмын дагуу олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг урагшлуулж байна. Түүхэн шинэ нөхцөлд Хятад, Оросын харилцааг өргөн хүрээнд хэтийн төлөвөөр харж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлст улам их хувь нэмэр оруулах болно.
Өнгөрсөн жилээс хойш Хятад, Оросын иж бүрэн хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад худалдааны хэмжээ 116 хувиар нэмэгдсэн нь Хоёр орны харилцааны үндэс суурийг бэхжүүлсэн төдийгүй хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц өгсөн.
Хоёр тал ерөнхий зураг төсөл, өндөр түвшний төлөвлөлтийг чангатгаж, эрчим хүч, нөөц баялаг, машин механик, цахилгаан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлж, хоёр талын аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан чанарыг дээшлүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой гэдэгт бид санал нэгдэв. Түүнчлэн мэдээллийн технологи, дижитал эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлчилгээний худалдааг хөгжүүлж, уламжлалт худалдаа болон шинээр тулгар хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагааг дэмжин, бие биенээ нөхөж, зэрэг хөгжиж, хил дамнасан ложистик, тээвэрлэлтийг улам жигдрүүлэх болно. Мөн хоёр орны хүмүүнлэг соёлын солилцооны ул суурийг үргэлжлүүлэн бэхжүүлэх ёстой гэдэгт бид санал нэгдлээ. Ах дүү хоёр орны муж, хотууд хоорондын хамтын ажиллагаа, солилцоог өргөтгөж, Хятад, Оросын спортын солилцооны жилийг сайтар зохион байгуулж, хоёр орны боловсон хүчний солилцоог ахиулах таатай нөхцөл бүрдүүлнэ.
Хятад, Орос улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд тулгуурласан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай хамгаалахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт чармайх болно гэдгийг хоёр тал онцолж байна. ШХАБ, БРИКС, Их-20 зэрэг олон талт хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлж, олон талт үзлийг дээдэлж, цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлж, олон туйлт дэлхий ертөнцийг байгуулах бүтээлч үүрэг гүйцэтгэн, глобал засаглалыг сайжруулна. Түүнчлэн дэлхийн хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад илүү их үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж ажиллана" гэжээ.
Д.Хүчитбаатар