Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл Монгол-Оросын шинэ зууныг төлөөлөх бүтээн байгуулалт болно

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчилсан. Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсон тус айлчлалаар монголын нутгаар хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцэж зарим зүйлийг тохирсон байна. Энэ удаагийн айлчлал нь цар тахал дэгдсэнээс хойших Монгол Улсын Засгийн газрын анхных гэдгээрээ онцлогтой. Айлчлалын талаар болон бусад асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Та саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын талаар Монгол, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд их мэдээ, нийтлэл гарлаа. Амжилттай сайн айлчлал болсон гэдэг дээр бүх хүний санал нэгдэж байх шиг байна?

-Миний бие ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлаад ирлээ. Айлчлал амжилттай болсон гэдэгтэй санал нийлж байна. Ер нь аливаа гадаад айлчлалыг маш нарийн няхуур бэлтгэдэг. Гадаад харилцааны сайдын айлчлал бусад салбарын сайдын айлчлалаас онцлогтой. Учир нь бүх салбарын хамтын ажиллагаанаас гадна Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцдэг. Энэ утгаараа айлчлалын бэлтгэлийг хангахдаа. бид холбогдох бүх яам, байгууллагаас санал авч, олон талын судалгаа, чиглэлийн асуудлаар өөрсдийн байр суурийг нэгтгэн нягталсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн сүлжээгээр айлчлалын талаар мэдээ их гарсан. Манай иргэд энэхүү айлчлалд ингэж анхаарал хандуулж байгаа нь Монгол, Оросын харилцаа монголчууд бидний хувьд чухал байдгийн нэгэн жишээ гэж бодож байна.

-Тус улсын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хийсэн энэ удаагийн хэлэлцээ ямар онцлогтой болсон бэ?

-Энэ удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийхдээ, Монгол, Оросын иж бүрэн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх боломжийн талаар ярилцсаны дотор олон жил ярилцсан ч эцэслэн шийдэж чадаагүй байгаа  зарим ужиг асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, манай талын байр суурийг Оросын талд илүү тодорхой тайлбарласан. Цаашид дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлалууд, төрийн тэргүүн нарын уулзалтын талаар тодорхой ойлголцолд хүрч, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн ажлыг оны үлдсэн хугацаанд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр тохирсон.  Гадаад харилцааны яамны төлөвлөж зохицуулдаг гол ажлын нэг нь дээд түвшний айлчлалын ерөнхий товыг тохирч, бэлтгэлийг хангах явдал байдаг. С.Лавров сайдтай хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцсон.

Түүнчлэн айлчлалын хүрээнд, ОХУ-ын Ерөнхий­лөгчийн туслах И.Е.Левитин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, В.В.Абрамченко нартай болон бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, гурван талын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг ярилцсан.

Айлчлалыг хоёр улсын дипломат харилцааны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн тул ёслол хүндэтгэл, соёлын ажил харьцангуй олон байснаараа онцлог байлаа. Тухайлбал, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн шагнал гардуулах ёслолд С.Лавров сайдын хамтаар оролцлоо. Ж.Гүррагчаа баатартай олон жил дотно нөхөрлөсөн ОХУ-ын сансрын домогт баатрууд болох В.А.Жанибеков, В.А.Бабушкин, В.П.Савиных нартай нэг дор уулзаж ярилцах завшаан тохиосон нь надад мартагдашгүй, сайхан дурсамж үлдээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитинг Хөдөлмөрийн гавъьяаны улаан тугийн одонгоор шагнасныг миний бие мөн айлчлалынхаа үеэр гардуулсан. И.Е.Левитин манай улстай олон жил хамтран ажиллаж, Тээврийн сайд байхдаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар ажиллаж байсан, манай хоёр улсын харилцааны хөгжилд одоо ч ихээхэн тус дэмжлэг болдог хүн болохыг мэдэх байх.

Манай төлөөлөгчдийг Санкт-Петербург хотноо ажиллах үеэр Оросын Үндэсний номын санд нээгдсэн “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэн, Рерихийн гэр бүлийн музейд нээгдсэн “Өнгөлөөгүй аяга” сэдэвт үзэсгэлэн нь хоёр улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжууллаа.

-Айлчлал Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд болсон болохоор, мэдээж өнгөрсөн 100 жилийн харилцаагаа дүгнэсэн байх. Дараагийн 100 жилд хоёр талын харилцаа нэг иймэрхүү байна гэж төсөөлөх боломжтой юу?

-Монгол, Оросын харилцаа өнгөрсөн 100 жилийн туршид бүтээн байгуулалтаар дүүрэн байсан. Манай улсын үйлдвэрлэл, газар тариалан, хот байгуулалт, геологи, соёл, боловсрол гээд бүх л салбарт хөгжил дэвшлийг авчирсан он жилүүд байлаа. Монголын ард түмэн үүнд талархаж явдаг. Мөн манай хоёр улс соёл, хүмүүнлэгийн өргөн харилцаатай, ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгий байдаг нь хоёр талын харилцааны чухал онцлог шинж. Манай мянга мянган оюутан залуучууд Зөвлөлтийн их, дээд сургуулиудад суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан.

Цаашид ч энэ онцлогийг хадгалах нь чухал гэдэг дээр Оросын тал санал нэгддэг. Дараагийн 100 жилдээ харилцааны түүхэн энэ онцлогийг хойч үедээ өвлүүлж, олон шинэ салбарт хамтран ажиллах боломж их байна. Ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, шинэ томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй.

ОХУ-ын “Газпром” компанитай ОХУ, БНХАУ-г холбосон хийн хоолойг манай улсын газар нутгаар дайруулахаар тохиролцож, судалгааны ажлыг эхлүүлээд байгааг бид бүхэн мэднэ. Айлчлалын үеэр манай төлөөлөгчид “Газпром” компанийн тэргүүн А.Миллертэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ төсөл манай хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны шинэ зууныг төлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох нь дамжиггүй.

-Хийн хоолойн төсөл ер нь манайд хэр ашигтай төсөл вэ. Байгаль орчин, бэлчээрт сөргөөр нөлөөлөх үү?

-ОХУ-ын хувьд энэ бол томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил. Хоёр хөршийг холбосон эдийн засгийн төсөл санаачилгаас хоцролгүй, түүнд оролцож байх нь манай улсын ашиг сонирхолд нийцнэ. “Газпром” компанийн хийсэн урьдчилсан судалгаагаар хийн хоолойг барьж ашиглах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж гарсан. Одоо техник, эдийн засгийн нарийвчилсан үндэслэл дээр ажиллаж байна. Цаашид төслийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай болно. Манай Засгийн газар энэ ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Хийн хоолой нь стратегийн чухал ач холбогдолтой, аюулгүй байдлын өндөр шаардлага тавигддаг обьект. Энэ хоолойг барих, ашиглах, засварлах зэрэг үе шат болгонд нь техникийн болон хууль, эрх зүйн нарийн тохируулга хийх шаардлага гарна. Улаанбаатар төмөр замын дагуух суурин газар, бэлчээрийг хамгаалах тухай дүрэм журам байдаг. Хийн хоолойн хувьд ч түүнтэй ижил төстэй олон төрлийн шаардлага тавигдана. Тиймээс “Газпром” компанийн тэргүүн А.Миллертэй уулзах үеэр хийн хоолойн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцсон. Байгалийн хий экологийн хувьд хамгийн аюулгүй эрчим хүчний эх үүсвэр. Хийн хоолой баригдсан тохиолдолд дагалдах дэд бүтэц бий болж, олон ажлын байр бий болно. Хийн хоолойн инженерүүд, энэ салбарын бусад боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхээр ярилцаж байна.

-Монгол Улс ШХАБ-д элсэхгүй, одоогийн ажиглагчийн статусыг хэвээр хадгална гэдгээ Оросын талд мэдэгдсэн гэж сонин хэвлэлээр гарсан. Ажиглагчийн статусыг цаашдаа баримтлах нь зүйтэй гэж та бодож байна уу?

-ШХАБ нь Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал байгууллага юм. Тус байгууллагын хүрээнд тодорхой чиглэлээр хамтран ажиллах нь манай улсын эрх ашигт нийцнэ гэж үздэг. Ийм учраас бид ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч статустайгаар оролцож, ингэхдээ худалдаа, эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаанд нь түлхүү анхаарал хандуулж ирсэн. ШХАБ-ын гишүүн орнуудаас манай улсын тус байгууллага дахь статусыг дээшлүүлэх саналыг тавьж ирсэн. Бид мөн энэ асуудлыг судлаж,  сүүлийн жилүүдэд манай улсын судлаачид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдаж байна. Одоогийн байдлаар манай улс ШХАБ-тай ажиглагчийн статустайгаар хамтран ажиллах нь хамгийн зохистой гэсэн байр суурь давамгайлж буйг би илэрхийлсэн. Бид цаашид ч тус байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг анхааралтай ажиглахын зэрэгцээ харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллах болно.

-ШХАБ-аас гадна Евразийн эдийн засгийн холбоонд манай улсыг гишүүнээр элсүүлэх сонир­хол манай хойд хөршид байдаг гэсэн. Хэлэлцээний үеэр ийм асуудал сөхөгдөж яригдсан уу?

-Зөвхөн ОХУ төдийгүй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бүх оронтой хоёр талын уулзалт хийхэд тус холбоотой хамтран ажиллах асуудлыг тодорхой хэмжээнд ярилцдаг. Энэ удаагийн айлчлалын үеэр ч ярилцсан. Евразийн эдийн засгийн холбоо, манай улсын хооронд хамтран ажиллах тусгай механизмыг бид 2016 онд байгуулан, хамтарч ажилладаг. Хамтарсан ажлын хэсгийн түвшинд худалдаа, эдийн засгийн асуудлуудыг ярилцдаг уламжлалтай.

ОХУ-тай хийж буй худалдаа цар тахлын өмнө хоёр тэрбум ам.доллар орчимд хүрч байсан ч нийт худалдааны эргэлтийн 90 хувийг нь ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлж буй импорт бүрдүүлж байсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дийлэнх хувь, өргөн хэрэглээний бараа, техник тоног төхөөрөмж зэрэг олон нэр төрлийн барааг ОХУ-аас худалдаг авдаг хэрнээ маш цөөн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр Оросын зах зээлд нийлүүлдэг тул хоёр улсын худалдаанд олон жилийн турш ихээхэн алдагдалтай явж ирсэн. Манай аж ахуйн нэгжүүд Оросын зах зээлд гарахад гаалийн өндөр татвар, тарифын бус саад зэрэг асуудлууд олон саад бэрхшээл тулгардаг. Тарифын бус саад тотгорын нэг жишээ болгож тохирлын гэрчилгээний шаардлагыг дурдаж болох юм. ОХУ-ын хууль журмын дагуу гадаадаас оруулж буй бараанд тохирлын гэрчилгээ шаарддаг. Энэ гэрчилгээг авахад гурван сар орчмын хугацааг зарцуулдаг бол гэрчилгээний хүчинтэй хугацаа зургаан сар байдаг.

Эдгээр асуудлыг шийдэх нэг гарц нь ОХУ багтдаг ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал юм гэж үздэг. Тиймээс бид ЕАЭЗХ-той хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судлаж байна. Хамтарсан ажлын хэсэг энэ онд багтаан судалгааны ажлыг дуусгаж, үр дүнг танилцуулах зорилготой ажиллаж байна. Шинжээчдийн судалгааны үр дүнд тулгуурлан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх эсэх гэсэн дараагийн алхам, шийдвэрээ гаргах юм.

-Эгийн гол, Шүрэнгийн УЦС-ын талаар оросын хэвлэлд та нилээд сайн үндэслэлтэй байр суурь илэрхийлсэн байсан. Дээр өгүүлсэн интеграцын бүтцүүдэд нь манай улс нэгдэхгүй болохоор Оросын тал эдийн засгийн томоохон төслүүдэд саад хийдэг юм биш биз дээ?

-Хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаанд нөлөөлөх гадаад хүчин зүйл гэж байх ёсгүй. ШХАБ ч юм уу, бүс нутгийн өөр бусад интеграцад нэгдэхгүй бол хамтарч ажиллахгүй гэж бидэнд хэн ч, хэзээ ч хэлж байгаагүй. Аливаа байгууллагад элсэх эсэх нь манай улсын дотоод хэрэг тул Монголын талын байр суурийг хүндэтгэж үзнэ гэдгээ орос нөхөд маань байнга илэрхийлдэг.  Монгол, Оросын харилцаа онцгой шинж чанартай гэдгийг би дээр өгүүлсэн. Бид итгэлцэл, харилцан ойлголцолд тулгуурласан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс. Монгол Улсын хувьд ч, ОХУ-ын хувьд ч энэ харилцаа чухал ач холбогдолтой.

-Монголын төмөр замыг хөгжүүлэх болон бүтээн байгуулалтын бусад төслүүдэд оролцох бодит сонирхол Оросын талд байдаг юм болов уу?

-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд өнөөг хүртэл хуримтлагдаад буй тодорхой бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Оросын талын хувьцаа эзэмшигч нь “Оросын төмөр замууд” компани. Хүндрэл бэрхшээлийг шат дараатайгаар шийдвэрлэхийн төлөө аль аль талаасаа ажиллаж байна. Манай улсаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор УБТЗ нийгэмлэг ашигтай ажиллаж байна. Гэвч хуучирсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, удирдлагын тогтолцоо үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд нь тээг болж ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор манай Засгийн газар багагүй санаачилга гаргаж байгаа.

Нөгөө талаар шинэ төмөр зам барих төслүүдэд Оросын талыг оролцохыг бид урьж байгаа. Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тойруу төмөр зам барих зайлшгүй шаардлагатай тул “Богдхан төмөр зам” төсөл чухал ач холбогдолтой. Айлчлалын үеэр би энэ бүхнийг Оросын талд тайлбарлаж, хамтран ажиллах санал тавьсан. Судалж үзээд нааштай хариу өгнө гэж найдаж байна.

-Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад та оролцсон. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог юу байв? Манай талаас ямар зорилго тавьж оролцов.

-Энэ удаагийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт “цар тахлын дараах эдийн засаг” гэдэг сэдвээр болж өнгөрлөө. Цар тахал дэлхий нийтийн эдийн засагт маш их сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын дараа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдэг бидний хувьд ч томоохон сорилт. Чуулга уулзалт цар тахлын үеийн онцгой дэглэмийн үед зохион байгуулагдсан ч эдийн засгийн бүх салбарт шинэ боломж, арга зам, түнш хайх, сайн туршлага судлахад чиглэсэн олон ажил болж өнгөрлөө. Чуулга уулзалтад 140 орчим улсын төлөөлөл, Катар улс зочин статустай оролцож, компаниуд 3,8 их наяд рублийн өртөгтэй хамтын ажиллагааны 800 гаруй гэрээ байгуулсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцсон. Петербургийн энэ чуулга уулзалт бизнес эрхлэгчдэд түлхүү хандсан ажил. Тийм болохоор чуулга уулзалтын хүрээнд Оросын төр засаг, томоохон хувийн хэвшлийнхэнтэй уулзах ховор боломж гарлаа. Энэ удаагийн чуулга уулзалтыг гибрид буюу хосолсон хэлбэрээр зохион байгуулсан нь анхаарал татсан. Гадаадын зарим зочид төлөөлөгчид өөрийн улсаас цахим хэлбэрээр оролцсон. Олон улсын томоохон чуулган зохион байгуулахдаа цаашид энэ хэлбэрийг ашиглах нь олон талын давуу талтай болох нь харагдлаа.

-Айлчлалын үеэр таныг хэвлэлд мэдээлэл хийхдээ монголоор ярьсан гэсэн шүүмж­лэл гарч байсан. Гэтэл сүүлд нь та оросын телевизэд ярилцлага өгөхдөө оросоор ярьсан. Ер нь Гадаад харилцааны сайд ямар үед нь монголоор, ямар үед нь гадаад хэлээр ярих ёстой юм бэ?

-Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Тиймээс дээд, өндөр түвшний хоёр талын албан ёсны уулзалт, хэлэлцээг бид монгол хэлээр, орчуулгатай хийдэг. Харин олон улсын ажилд англи зэрэг түгээмэл хэлээр голдуу ярьдаг. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ, албан ёсны хэсгүүдэд монгол хэлээр орчуулгатай яриад, бусад үед цаг хэмнэх зорилгоор буюу богино хугацаанд илүү олон зүйл ярилцах үүднээс оросоор ярьсан.

-Монгол Улс хилээ нээгээд гадаадад ажил хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар боллоо. Цаашид аль улсад айлчлах гэж байна вэ?

-Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтэд амаргүй хэвээр байна. Шууд нислэгүүд бүрэн нээгдээгүй нөхцөлд гадаадад ажил хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Цаашид цар тахлын нөхцөл байдал намжиж, бусад улс оронтой харилцан тохирч хилээ нээсний дараа гол түнш орнуудад айлчлах, айлчлал хүлээж авах тухай бид ярилцаж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл бичих