Төрийн тусгай хамгаалалтын харъяа Их тэнгэр цогцолбор руу 1986 онд одоогийн Дүрслэх урлагийн музейгээс 17 сор бүтээлийг шилжүүлсэн байна. Харин өнөөдөр буюу 34 жилийн дараа Ерөнхийлөгчийн өвлийн ордонд байрлаж асан алтан үеийн бүтээлүүдийг мэргэжлийн байгууллагад нь эгүүлэн өгсөн түүхэн үйл явдал тохиолоо.
Дээрх 17 сор бүтээлээр маргааш буюу энэ сарын 28-наас ирэх сарын ирэх сарын 8-ныг дуустал үзэсгэлэн гаргах аж.
Энэ үеэр Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа хэлэхдээ, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл урлагийн байгууллагуудын ажилтай танилцах үедээ Монголын уран зургийн галерейд данстай эдгээр бүтээлийг сан хөмрөгт нь өгөх шийдвэр гаргасан нь эхнээсээ биелэлээ олж байна. Монголын сор бүтээлүүд “төрсөн гэртээ”, ард түмэндээ ирж байгаа түүхэн үйл явдал болж байна” гэв.
МУУГЗ, Ахмад уран бүтээлч Г.Дунбүрээ, “Үе үеийн ахмад зураачдын шилдэг бүтээлүүд Уран зургийн галерейд ирж, үзэгч олны мэлмийг баясгах боллоо. Жишээ нь, Ардын зураач,Төрийн шагналт Д. Амгалан гуайн “Жаахан шаргын нутаг” бүтээл өнгөө алдаагүй хэвээрээ байна. Үзэгч олны сэтгэлд хоногшсон энэхүү бүтээл байх ёстой газраа, суурин дээрээ ирлээ гэж би бодож байна. Энэ зургийн агуулга нь “Сурталын бригад” хөдөө орон нутагт явж байгаа тухай юм. Уран сайханчид ард түмэндээ соёл урлагаа түгээж, гэрт болж буй үйл явдлыг хүүхэд залуучууд сонирхон байгааг харуулсан. Мөн өөрийн гэр бүлийн хүнийг бодит байдлаар нь харж, энэхүү бүтээлдээ уран сайхны аргаар мөнхжүүлсэн гэж зураач өөрөө ярьж байсан юм” хэмээв.
Дээрх 17 бүтээлд:
Ардын зураач, УГЗ А.Сэнгэцохио зураачын 1962 онд зурсан “Хүрхрээ” нэртэй нагтан зураг. / Нагтан гэж хар дэвсгэр дээр есөн эрдэнийн өнгөөр нарийн зураасаар шигтгэх аргаар зурсан зургийг хэлнэ/
МУУГЗ, Төрийн шагналт байгалийн нэрт зураач М.Цэмбэлдорж зураачын 1966 онд зурсан “Шаргын говь” нэртэй зураг.
Реалист аж байдлын сэдэвт уран зургийн нэр төлөөлөгч С.Рэнцэн гуайн “Цэцэрлэг хот” зураг
Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Наадам” нэртэй зураг
Ардын зураач, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт монголын анхны мэргэжлийн зураач Л.Гаваа 1976 онд зурсан “ Газар” нэртэй зураг.
Монгол зургийн нэрт төлөөлөгчдийн нэг Ц.Даваахүүгийн 1972 оны бүтээл “Хөдөөгийн нэг өдөр” зураг багтаж байна.
Т.Билгүүн