Ази тивийн цээжинд орших Монгол Улс нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөн Бүрэн Эрхт улс болж байсан түүхэн үйл явдлыг эргэн дурсвал, тэртээ 59 жилийн өмнөх энэ өдөр НҮБ-ын индэр дээрээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн царгисан сөөнгө хоолойгоор зарлан тунхагласан хүн бол БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Дондогийн Цэвэгмид агсан билээ.
Хожим нь Монгол Улс НҮБ-д элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн: Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. ЗХУ 1921 онд Ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан.
Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Энэ гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан юм. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан хэмээн дүгнэж хэлсэн юм.