УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Тодруулбал, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, зарлагыг 13.9 их наяд төгрөг буюу 30 байхаар тооцжээ. Тодруулбал, төсвийн алдагдлыг 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр төсөлд тусгасан байна. Засгийн газар 2021 онд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан дээрх хуулийн төслүүдийг боловсруулснаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн талаар голлон хэлэлцсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан нар малын тоо толгойн татварыг хэрхэн тогтоохоор төсвийн төсөлд тусгасныг тодрууллаа. Мөн бүс нутгаар нь ангилж, малын тоо толгойн татварыг өөр өөр байлгах боломж байгаа эсэхийг асуув.
Малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зарцуулахаар тусгасан юм. Малын тоо толгойн албан татварын дээд хэмжээг 2000 төгрөг байхаар тогтоожээ.
Монгол Улсад 2019 оны эцсээр 70.9 сая толгой мал тоологдсон бөгөөд 2000 мянган төгрөгөөр тооцвол 142 тэрбум, 1000 төгрөгөөр тооцвол 71 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Мөн мал аж ахуйн болон тариалангийн бүс нутгуудийг зааглаж татварын хэмжээг өөрчлөх боломж байгаа гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн бүс нутагт 2000 төгрөг хүртэл, Сэлэнгэ, Дархан зэрэг тариалангийн бүс нутагт 5000 төгрөг хүртэл байхаар зохицуулж болно гэв.
Мөн УИХ-ын гишүүд малын тоо толгойн татвар 2000 төгрөг байх нь хэт өндөр байгааг хэлж байлаа. Зарим гишүүн уг татварын дээд хэмжээг 250 төгрөгөөс дээш гаргаж болохгүй гэдгийг хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2008 онд малын хөлийн татвар 10 төгрөг байсныг дурдлаа.
Ийнхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүнээс 10 нь дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дээрх хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.