Киргизийн депутатууд парламентын ээлжит бус чуулганаар Садыр Жапаровыг Ерөнхий сайдын албан тушаалд томилохыг санал нэгтэй батлав. Түүнийг аравдугаар сарын 6-нд парламентын ордон руу дайрч орсон шөнө дэмжигчид нь урьдчилан хорих ангиас сулласан юм.
Жапаров парламентад үг хэлэхдээ, Киргизийн Ерөнхийлөгч сайн дураараа огцроход бэлэн байгааг мэдээлжээ. Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өмнө нь улс орных нь байдал тогтворжсоны дараа бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгоход бэлэн буйгаа мэдэгдсэн юм. Одоогийн нөхцөлд, хэрэв Киргизийн Ерөнхийлөгч огцорвол парламентын дарга огцорсон учир (ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн тухай хуульд зааснаар парламентын дарга үүрэг гүйцэтгэгч болох ёстой) Ерөнхий сайд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ.
Үймээний дараа шоронгоос суллагдсан даруйдаа талбай дээр гарч ирэн жагсагчдад хандаж үг хэлсэн цорын ганц улс төрч бол Жапаров юм. Дэмжигчид нь түүнийг Ерөнхийлөгч, эсвэл улсынхаа Ерөнхий сайдаар харахыг хүсэж байгаагаа мэдэгджээ. Жапаровын дэмжигчид сүүлийн 5 хоногийн турш Засгийн газрын ордны дэргэд түүнийг дэмжин жагссан юм.
“Тэр бол миний итгэдэг цорын ганц улстөрч. Түүнд өөрийгөө харуулах боломж гарч байна. Тэрбээр өнчин өрөөсөн бөгөөд алдах зүйл байхгүй. Кумтор авлигагүй ажилласан бол киргиз хүн бүр саятан болох байсан гэж тэр ил тод хэлсэн. Тэр бол энгийн хүмүүсийн төлөө хүн юм. Тэр бол ямар ч шалтгаангүйгээр шоронд хоригдож байсан нөхцөл байдлын хохирогч юм” гэж Жапаровын дэмжигчдийн нэг ярьжээ.
Жапаров 2013 онд Каракольд (тус улсын хойд хэсэг) Кумторын алтны уурхайг улсынх болгохыг шаардсан жагсаал зохион байгуулсан хэргээр 2017 оноос хойш шоронд хоригдож байжээ. Түүнийг мөн тухайн үеийн Иссык-Кул мужийн захирагч Эмилбек Каптагаевыг барьцаалсан хэрэгт буруутгасан байна. Жапаровыг 2012 онд засгийн эрхийг хүчээр булаан авсан хэрэгт буруутгаж байжээ. Гэвч удалгүй цагаатгаж, шүүхийн танхимд сулласан байна.
2013 онд Жапаров хүн барьцаалсан хэрэгт буруутгагдахаас зайлсхийж, эх орноосоо гарч хэсэг хугацаанд Кипрт амьдарч байжээ. 2017 онд эх орондоо ирэхэд нь түүнийг урьдчилан хорих төвд суулгажээ.
Жапаровын улс төрийн карьер 2005 онд болсон төрийн эргэлтийн үеэр эхэлсэн байна. Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийн үед тэрбээр депутат, ерөнхийлөгчийн зөвлөх, Авлигаас урьдчилан сэргийлэх агентлагийн дарга байжээ. 2010 оны төрийн эргэлтийн дараа Атамбаевын үед Жапаров мөн депутат байсан бөгөөд хожим нь шүүх, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн мэргэжлийн хорооны даргаар томилогдсон байна.
Бямба гарагт Бишкек хотод улс төрийн гурван арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулжээ. Сапар Исаковын дэмжигчид болон Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын талынхан жагсаж, залуучуудын "Баштан башта" хөдөлгөөнийхөн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн эсрэг тайван жагсаал хийсэн байна.
Нийтдээ 10 мянга орчим хүн талбайд цугласан бөгөөд тэд Атамбаев, Жапаровыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гармагц хурдан тарцгаажээ. Мөргөлдөөний үеэр сөрөг хүчнээс Ерөнхий сайдад нэр дэвшигч, 29 настай Тилек Токтогазиев гэмтжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, түүн рүү чулуу шидсэн байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдалд хүндэвтэр байгаа аж.
Ерөнхийлөгч асныг дэмжигчид болон Жапаровыг дэмжигчид хоорондоо мөргөлдөж, тэд үг хэлж байсан хүмүүс рүү, тодруулбал Атамбаев, Ерөнхий сайд асан Сапар Исаков, Омурбек Бабанов, Тилек Токтогазиев, “Баштан Башта” хөдөлгөөний удирдагч Улан Усоюн нар луу чулуу, шил шидсэн байна.
Олныг хамарсан үймээн самуунтай холбоотой хэрэг
Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаеыг Бишкек хотод олныг хамарсан үймээн самуун зохион байгуулсан хэргийн хүрээнд хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд баривчилсан гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын улсын хороо мэдээлэв.
Тусгай хүчнийхэн Бишкекээс 20 км-ийн зайд орших Кой-Таш тосгонд байрлах Атамбаевын өргөөнд өмнө нь ирсэн гэж Киргизийн Социал Демократ намын төлөөлөгч Кундуз Жолдубаева "Интерфакс" агентлагт мэдээлжээ.
Аравдугаар сарын 6-нд Бишкек хотод жагсагчид Киргизийн Ерөнхийлөгч асныг урьдчилан хорих ангиас сулласан бөгөөд дараа нь шүүх түүнийг гэрээнд хорионд шилжүүлсэн байна.
Зургадугаар сард Атамбаев гэмт хэргийн толгойлогчийг хууль бусаар сулласан хэргээр шийтгэгдсэн юм. Тэрбээр мөн 2019 оны наймдугаар сард эрх баригчид түүнийг баривчлах ажиллагаа явуулах үеэр болсон мөргөлдөөнтэй холбогдох хэргийн шүүгдэгч юм. Тухайн үед тусгай хүчний нэг алба хаагч амиа алдаж, 100 гаруй хүн шархдаж гэмтжээ.
Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлыг Атамбаев “гурав дахь хувьсгал” гэж нэрлэсэн байна.