“Токио-2020” олимпын наадамд хүч, хурд, ур чадвараа сорих тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж байгаа, олимпод өрсөлдөх эрх авах чадвартай болон олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм.
Монолын үндэсний олимпын хороо /МҮОХ/ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн юм байна. Үүнийг Олон улсын спортын холбоотой хамтран судалсан дүгнэлтийг үндэслэн уг шалгаруулалтад 8 спортын 17 тамирчин тэнцэж, олимпын тэтгэлгийг хүртэх эрхтэй болжээ.
Тодруулбал, жүдочдоос Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Буудлага спортоос О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, Боксын баг тамирчдаас Б.Чинзориг, М.Намуун, Чөлөөт бөхөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Таеовондогийн тамирчдаас П.Тэмүүжин, Хөнгөн атлетикийн тамирчдаас марафонч Д.Гантулга, Байт харваанаас Ж.Гантөгс, Хүндийг өргөлтийн тамирчдаас М.Анхцэцэг нар болон тэдний дасгалжуулагчид, холбооны төлөөллүүд өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас олимпын тэтгэлэгээ гардан авлаа.
Хөтөлбөрт хамрагдаж байгаа тамирчин ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур садвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл олимпын наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай. Энэхүү тэтгэлгийг гардуулах үеэр тэтгэлэг хамрагдсан спорт холбоод олимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчид болон олимпын эрх авахын төлөө тамирчид хэрхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа болон энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулсан юм.
Уг хөтөлбөрт хамрагдсан тамирчин тухайн спорт холбоо-МҮОХ-ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд гэрээний дагуу 1 сард 415 ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдох юм байна.
Энэхүү хөтөлбөр нь 2017 оны 9 дүгээр сард эхэлсэн бөгөөд “Токио-2020” олимпын наадам хойшилсноор гэрээг 1 жилээр сунгаж 2021 оны 5 дугаар сар хүртэл үргэлжлүүлэх юм.
Мөн энэ уулзалтаар дасгалжуулагчид, тамирчид “Токио-2020” олимпийн наадамд хэрхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа, ямар хэрэглэл материал хэрэгтэй байгаагаа танилцуулсан. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бүх талаар дэмжиж ажиллахаа онцлоод тамирчдад зориулж хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж бүтээн байгуулалт, өндөржүүлсэн бэлтгэлийн төвийг бий болгоход анхаарч ажиллаж байгаа гэдгээ хэлж байв. Түүнчлэн тамирчдад боловсрол олгох, тамирчдын спортын дараах амьдрал зэрэгт хэрхэн бэлдэх талаар санал бодлоо солилцсон юм.
Ташрамд сонирхуулахад, Өмнөх “Рио-2016” олимпын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн 7 спортын төрлийн 17 тамирчин хамрагдаж байсан юм.