Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.
ГХЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан энэхүү хурлын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг мөн нээсэн юм. Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар оролцлоо.
Хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, "1990 оны гуравдугаар сарын 26-нд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш бидний харилцаа үсрэнгүй хөгжиж ирсэн. Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 123 дахин өссөн. Энэ бол хоёр орны харилцааны хөгжлийг тодорхойлж болох үзүүлэлт. Анх дипломат харилцаа тогтоох үед БНСУ-ын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын зах зээлийг сонирхож байсан. Гэвч Монгол Улсад ардчилал хөгжиж эхэлж байсан тул эдийн засгийн харилцаа үүсгэхэд тогтворгүй байсан цаг. Тиймээс хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татсан тохиолдол цөөнгүй бий. Харин сүүлийн үед Монголд улс төрийн байдал нэлээн тогтворжиж байгаа учраас БНСУ-ын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах нь нэмэгдэнэ хэмээн харж байгаа. Цаашид иргэд харилцан визгүй зорчих нь бидний шийдвэрлэх ёстой хамгийн том асуудлуудын нэг. Энэ талаар холбогдох албаныхан санал солилцож байгаа. Харилцан визгүй зорчих нь хоёр улсад хоёуланд нь ашигтай байх ёстой. БНСУ бол эхлээд солонгосчуудыг Монголд визгүй зорчуулах юм. Учир нь БНСУ-д одоо хууль бусаар оршин сууж байгаа маш олон монгол хүн бий. Тиймээс БНСУ-д хууль бусаар оршин сууж буй монгол иргэдийн тоо буурч, солонгосчууд Монголд визгүй зорчиж хэвшсэний дараа монголчуудыг визгүй нэвтрүүлдэг болох гэсэн шат дараалалтай явах нь зүйтэй" хэмээв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улсаас гадаадад байгаа иргэдийн хамгийн олон нь БНСУ-д байна. БНСУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулалт ч чамлахааргүй хэмжээнд хийж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болгосон харилцаанд тулгуурлан ирээдүйд улам хөгжүүлэх, стратегийн түншлэлд хүрэх, алсдаа хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болгох түвшинд хүрэх ёстой хэмээн бодож байна. Учир нь иргэдийн харилцаа, солилцоо их байх нь эдийн засаг, улс төрийн харилцааны суурь болдог" гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, "Монгол Улс, БНСУ-д хамтран ажиллаагүй салбар байхгүй. Тэр дундаа боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ажил, эдийн засаг, улс төрийн хувьд бүр өндөр түвшинд хүрлээ. Төрийн өндөр түвшний айлчлал тогтмол хийхийн сацуу БНСУ-д сурах оюутнууд, хөдөлмөрлөх иргэдийн тоо ч нэмэгдсэн. Улс төрөөс гадна ард түмний харилцаа өргөжих нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд тустай юм. Хоёр улсын харилцаа хөгжлийн оргилд хүрсэн хэмээн хэлж болохгүй ч бидэнд цаашдын хамтын ажиллагаанд асар их боломж бий. БНСУ нь техник технологийн түвшин өндөртэй бол манайх түүхий эд, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээрээ хамтарч дэлхийн зах зээлд гарах боломж байгаа" гэв.