Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсчээ.
Монголын ард түмэн энэхүү эрхмийг тайз, дэлгэцэнд мөнхөлсөн олон сайхан дүрүүдээр нь андахгүй. "Мандухай сэцэн хатан" киноны Батмөнх даян хаан, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэн зэрэг дүрийг монголчуудын зүрх сэтгэлд хоногштол бүтээж чадсан, авъяаслаг уран бүтээлч байв.
Анх 16 настайдаа “Давааны цаана даваа” кинонд тоглож, уран бүтээлч болох гараагаа тавьсан бол 27 настайдаа “Мандухай сэцэн хатан”-д гол дүр бүтээсэн юм. Уран бүтээлийнхээ тухай өмнө нь нийт 70 орчим кино, 30-аад жүжигт туслах болон гол дүр бүтээсэн байдаг гэж дурсан ярьсан нь бий.
Мөн ард түмний дунд цоохор морины наймаачны дүрээр мөнхөрсөн Д.Сэдэд агсан жүжигчин болох мөрөөдлийг нь биелүүлсэн байдаг.
Энэ тухай Монгол Улсын Гавьяат жүжигчин агсан Ж.Сүххуяг “Д.Сэдэд гэж агуу жүжигчин миний багш. Аав маань Эрүүлийг хамгаалах яамны ерөнхий нягтлан, Сэдэд багш Хүүхдийн театрын жүжигчин. Эмнэлэг гэгээрлийн ордонд хүүхдийн театр байрладаг байсан юм. Хоёр хөгшин нэг нутаг усны, Төв аймгийн хүмүүс. Нийлж сархад хүртэнэ. Би 1978 онд аравдугаар ангиа төгсөөд Багшийн дээдийн кино драмын ангид ормоор байна гэсэн чинь аав, ээж зөвшөөрлөө. Шалгуултал хүүхэд бүр л нэг жүжигчин дагуулж ирээд болдоггүй. Аавд би энэ тухай хэллээ. “Танд таньдаг жүжигчин байдаггүй юм уу” гэсэн чинь “Бий нь ч бий. Нэг муу эсгий гуталтай өвгөн бий” гэнэ. “Ямар хамаатай юм. Тэр хүнтэйгээ уулзуулж өгөөч” гэлээ. Тэгээд Сэдэд багштайгаа уулзлаа. Трубка зуусан өвгөн байна. Кино драмын ангийн шалгалтад бэлдлээ. Эмнэлэг гэгээрлийн ордны мужааны өрөөнд хүүхдийн театраас жүжигчин Г.Дашхүү ахыг авчирч баянхуур даруулаад л, би дуу бэлдээд л. Сэдэд багш надад ингэ тэг гэж зааж өгнө. Аав тэр хоёр зуу татаад л. Тэгээд 460 хүүхэд шалгалт өгч Улаанбаатараас таван хүүхэд тэнцүүлэхэд би хамгийн өндөр оноо авч тэнцсэн юм.
Сэдэд багшдаа би их хайртай” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурссан удаатай.
Харин Монголын сор бүтээлийн нэг “Мандухай сэцэн хатан” кино үзэгч түмэнд хүрээд 30 жил болсны дараа “30 жилийн өмнө би яг 27 настайдаа энэ кинонд тоглож байлаа. "Мандухай сэцэн хатан" киног манай уран бүтээлчид хоёр жилийн хугацаанд хийсэн. Тэр хоёр жилийн хугацаа миний амьдралыг их өөрчилсөн. Тэр үе одоо надад бүгд ил тодхон санагдаж байна. Хамт ажиллаж байсан хамт олон маань ихэнх нь цугласанд сэтгэл маш их хөдөлж, өөрийн эрхгүй нулимс гарч байна. Дөнгөж сургууль төгсөж байсан миний амьдралд том алхам болсон бүтээл. Манай кино чинь хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багтай байлаа. Зөвхөн кино групп гэхэд л 250 хүнтэй ажиллаж байсан. Энэ сайхан уран бүтээлийг бүтээсэн найруулагч болон жүжигчдээ эргэн дурсахад сайхан байна. Кино, уран бүтээл, дуу, дүрс мөнхийн хадгалагдаж үлдэх нэг том үндэс нь архив. Архив бидний бүтээлийг олон зуун жил хадгалж, хойч үедээ үлдээж байгаа нь уран бүтээлчийн бидний амьдралыг мөнхийн болгож байна гэж бодон, өнөөдөр энэ үйл ажиллагааг зохиож байгуулж байгаад талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Гавьяат жүжигчин цол хүртээсэн түүхтэй.