Санхүүгийн зохицуулах хороо, “Найман шарга” төв, гадаад валютын арилжаа эрхэлдэг зарим ББСБ гудамжинд зөвшөөрөлгүйгээр валют арилжаа хийдгийг таслан зогсоохоор хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
Ингэхдээ мөнгөн хөрөнгийн бүтцийг нь тодорхойлох, валютын арилжаа эрхлэх нөхцөл, шаардлагын хэрэгжилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд үүргээ биелүүлж байгаа эсэхийг ч авч үзэж байгаа. Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь валютын арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой. Учир нь гадаад валютын арилжаа нь хуулиар олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд аюулгүй байдлыг хангасан нөхцөл, шаардлага бүхий ажлын байранд, үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг нарийн тогтоож өгдөг. Мөн хувийн дансаар дамжуулан арилжаа хийх, санхүүгийн тайланд бүртгэлгүй, зөвшөөрөгдөөгүй мөнгөн хөрөнгөөр арилжаа хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр ББСБ-ын санхүүгийн сахилга бат сайжрах, орлого, зардлаа үнэн бодитой тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бий болно.
СЗХ гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлагыг тодорхойлсон “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг өнгөрсөн 6 дугаар сард баталсан. Ингэснээр тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрдсэн. Тодруулбал, иргэд валют худалдах, худалдан авах бүрт төлбөрийн и-баримт авах, валютын арилжаа эрхлэгч нь энэ баримтыг заавал өгөх үүрэг хүлээжээ.