30 мянган хүний аминд хүрсэн Азербайжан-Арменийн дайн 1994 онд зогссоноос хойш болоогүй маш ширүүн зэвсэгт мөргөлдөөн Уулын Карабахад дэгдэж, 8 дахь хоногтоо үргэлжилж байна. Өмнө нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын БНУ-ын хилийн дагуу болон хоёр улсын хил дээр үе үе буудалцаан болдог байсан. Тухайлбал, энэ оны 7 дугаар сард нэлээд хүчтэй зэвсэгт тулгаралт болсныг цар тахалд хамаг анхаарлаа хандуулсан дэлхийн том гүрнүүд төдийлөн анзаарсангүй.
Уг мөргөлдөөн Уулын Карабахад бус Азербайжан-Армений хил дээр дэгдэж, 10 гаруй хүн амь үрэгдсэн бол одоо болж буй байлдааны ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн мянгаар тоологдож, хоёр улсад дайны байдал зарлаж, дайчилгаа явагдаж байна.
Байлдааны ажиллагааны явц, цар хүрээ, түүнд оролцож буй цэргийн хүч, давшилтын чиглэлийн талаар бүрэн баримжаалах боломжгүй байгаа нь байлдагч талууд мэдээллийг нууцалж, эсвэл хэтрүүлэгтэй бодит бус мэдээлэл тарааж байгаатай холбоотой.
Байлдааны ажиллагаа эхэлсэн 9 дүгээр сарын 27-ний ням гарагийн өглөө Азербайжаны Батлан хамгаалах яам “манай улсын зэвсэгт хүчин фронтын нийт шугамын дагуу сөрөг довтолгоо хийж байна” гэж мэдээлсэн бол Армений Батлан хамгаалах яам “Уулын Карабах /Арцах/ ба Азербайжаны хилийн нийт шугамын дагуу байлдааны ажиллагаа явагдаж байна” гэж мэдэгдлээ.
Азербайжаны талын мэдээлэлд дурдсанаар, Талыш гэдэг суурингийн ойролцоох өндөрлөг газрууд, Муровдаг гэдэг уулын даваа, Мардакерт хотын орчимд тулалдаан болж байна. Мөн Азербайжаны цэргүүд Физулин, Жебраилийн районы хэд хэдэн сууринг эзлэн авчээ.
Нисэх хүчин оролцоогүй дайн
Энэ удаагийн байлдааны ажиллагааны онцлог нь хоёр тал хоёулаа агаарын цэргийн хүчээ тулалдаанд ашиглахгүй байгаа явдал юм. Одоогоор хамгийн баттай мэдээлэл нь энэ болж байна.
Азербайжаны агаарын цэргийн хүчин нийтдээ 120 орчим нисэх онгоц, 150 орчим нисдэг тэрэгтэй бол Армений тал янз бүрийн зориулалтын 60 орчим нисэх онгоц, 50 орчим нисдэг тэрэгтэй ажээ.
Сүүлийн жилүүдэд Азербайжан улс 20 гаруй МиГ-29 сөнөөгч онгоц, 11 Су-25 дайрагч онгоцыг Оросоос худалдан авсан бол Уулын Карабахын армийг дэмжиж буй Армений тал МиГ-29, Су-30 нисэх онгоцуудтай болжээ.
Талууд агаарын цэргийн хүчээ байлдаанд ашиглахгүй байгаа нь юуны түрүүнд Уулын Карабахын районд агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд маш шигүү байрласан учраас нисэх онгоцуудаа алдахаас болгоомжилсон хэрэг. Тухайлбал, Армений хил дээр Оросоос худалдан авсан С-400 цогцолбор байрлаж, Карабахын агаарын орон зайг хянаж байдаг. Нөгөөтэйгүүр, уулын бүсэд болж буй тулалдаанд нисэх хүчин ашиглах нь үр дүн муутай ажээ. Эдгээр шалтгаанаас үүдэн фронт дээр танкийн ба танк эсэргүүцэх анги нэгтгэлүүдийн хооронд гол тулалдаан явагдаж байна.
Уншигчид дорх зургийг үзсэнээр Уулын Карабах хаана оршдог, Армений цэргийн хяналтанд байгаа Азербайжаны нутаг дэвсгэр болон одоо байлдаан болж буй газар орны талаар төсөөлөлтэй болно. Үүнтэй холбогдуулан Армени-Азербайжаны хооронд дайн дэгдсэн шалтгаан, дайн дууссан хэдий ч зэвсэгт тулгаралтууд байнга болсоор ирсний учрыг тайлбарлахын тулд өнгөрсөн түүхээс товчхон сөхлөө.
Түүх сөхвөл
Уулын Карабахын анклав /тал талаасаа бусдын нутгаар хүрээлэгдсэн газар нутаг/ нь Азербайжаны нутгийн нэг хэсэг гэж тооцогддог боловч 1990-ээд оны эхэн үеэс хойш Армений хяналтанд байгаа юм. Тус бүс нутаг 1991 онд Азербайжанаас салж, тусгаар тогтнолоо зарласан боловч дэлхийн улс орнууд, тэдгээрийн дотор Армени хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байна.
Карабахын хямрал бол хуучин ЗХУ-ын орон зайд үүсээд хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт сөргөлдөөн юм. XIX зууныг хүртэл Карабах нь Армений хаант улсын бүрэлдэхүүнд байсан бөгөөд уг улс задран унасны дараа Персийн эзэнт гүрний мэдэлд оржээ. 1813 оноос Карабахыг Оросын эзэнт гүрэн хавсарган нэгтгэсэн аж.
1917 оны Октябрийн хувьсгалын дараа Кавказын чанадад Гүрж, Армени, Азербайжан гэсэн гурван улс байгуулагдсанаар Карабахын район Азербайжаны бүрэлдэхүүнд оржээ. Энэ шийдвэр Карабахын хүн амын ихэнхийг бүрдүүлдэг арменичуудын дургүйцлийг төрүүлж, улмаар дайн дэгдлээ. Хэдийгээр энэ дайнд армянчууд ялсан боловч большевикууд Уулын Карабахыг Азербайжаны бүрэлдэхүүнд хэвээр нь үлдээжээ. Үүнээс хойш ЗХУ оршин тогтносон хугацаанд тус бүс нутаг ерөнхийдөө нам тайван байсан боловч Карабахыг Арменид шилжүүлэн өгөх тухай асуудал үе үе босч ирж байв. Улмаар 1987 оноос Уулын Карабахад армянчууд, азербайжанчуудын хооронд мөргөлдөөн дэгдэх болжээ.
1991 онд Уулын Карабахын армянчууд тусгаар тогтнолоо зарласныг Азербайжан хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн дайн дэгдсэн байна. Орос улс болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Минскийн бүлгийн гишүүн орнуудын зуучилснаар 1994 оны 5 дугаар сард гал зогсоох гэрээ байгуулагдаж, Карабахын дайн зогсжээ. Энэ үед Уулын Карабах болон түүнтэй залгаа 7 район Арменийн цэргийн хяналтанд орсон байлаа. Эдгээр районыг Азербайжаны тал “эзлэгдсэн газар нутаг” үзсээр байгаа бөгөөд алдсан газраа эргүүлэн авна гэдгээ шулуухан мэдэгддэг.
Сүүлийн жилүүдэд сөргөлдөгч талуудын хүчний харьцаа Азербайжаны талд ашигтайгаар эргэж байна. Учир нь, 7 тэрбум газрын тосны болон үлэмж хэмжээний байгалийн хийн батлагдсан нөөцтэй Азербайжан улс түүхий эдийн үнийн өсөлтөөс ихээхэн ашиг олсноор эдийн засгаа бэхжүүлж, батлан хамгаалах хүчээ зузаатгаж чаджээ. Сүүлийн үед Азербайжаны тал Оросоос 5 тэрбум долларын зэвсэг техник худалдан авсан гэх тоо бий.
Олон улсын хандлага
Байлдаан эхэлснээс 5 хоногийн дараа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Минскийн бүлгийг хамтран даргалагч орнууд болох ОХУ, АНУ, Францын төрийн тэргүүн нар Армени, Азербайжанд хандан гал зогсоохыг уриалсан боловч байлдагч талууд уриалгыг огт хэрэгссэнгүй.
Уулын Карабахад болж буй мөргөлдөөнд энгийн номхон ард иргэд өртөн амиа алдаж буй явдал дахин давтагдах ёсгүй гэж Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдээд, байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг Баку, Ереван хоёроос шаардсан байна. Тэрбээр ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн ивээл дор хэлэлцээг ойрын үед сэргээх нь зүйтэй гэж твиттер хуудсандаа бичжээ.
Харин Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгдэхдээ “өнгөрсөн 28 жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэг Карабахын асуудлыг улс төрийн аргаар зохицуулж чадаагүй учраас манай улс үүнийг өөрөө хийх болно” гэсэн нь асуудлыг цэргийн хүчээр шийдэх эрмэлзэлтэй байгааг харууллаа. Азербайжаныг дэмжиж байгаагаа илэрхийлэн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдэхдээ “хэлэлцээрийн ширээний ард ч, байлдааны талбарт ч Бакуд туслахад Турк улс бэлэн байна” гэжээ.
Сөргөлдөгч талуудтай хөрш Иран улс хуягт техник, их буунуудаа Азербайжантай залгаа хилийн бүс рүүгээ яаралтай татаж эхэлжээ. Энэ нь сүүлийн хэдэн өдөрт Ираны хилийн хот суурингууд Азербайжаны цэргийн довтолгоонд өртсөнтэй холбоотойгоос гадна зэвсэгт мөргөлдөөн цаашид өргөжсөн тохиолдолд Армений талыг дэмжих зорилготой байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Байлдагч талуудтай хиллэдэг Гүрж улсын тухайд, ужгирсан сөргөлдөөний явцад төвийг сахисан байр суурьтай хэвээр байна. Учир нь, өдгөө Гүржид 800 мянга орчим азербайжанчууд, 500 мянга орчим армянчууд оршин суудгаас гадна Армени улс Гүржээр дамжин стратегийн түнш болох Оростой харилцаж, Гүржээр дамжуулан Оросоос хий авдаг бол Азербайжан нефть, хийгээ Гүржээр дамжуулан Туркэд нийлүүлдэг ажээ.
Үүнтэй холбогдуулан дурдахад, Уулын Карабахад болж буй мөргөлдөөн нь тухайн бүс нутаг дахь нефть-хий дамжуулах дэд бүтцэд хөнөөл учруулж болзошгүй тухай Америкийн CNBC телевизийн мэдээнд дурджээ. Учир нь, Азербайжаны нефтийг дэлхийн зах зээлд хүргэдэг Баку-Тбилиси-Жейханы нефть дамжуулах хоолой ба Өмнөд Кавказын хийн хоолойгоос 30-40 км-ийн зайд зэвсэгт мөргөлдөөн болж байна. S&P Global Platts дүн шинжилгээний компанийн шинжээчдийн ярьснаар, одоогоор нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа боловч зэвсэгт мөргөлдөөн сунжрах аваас дээрх хоёр хоолой эвдрэн сүйдэх, үйл ажиллагаа нь зогсох магадлалтай гэдгийг анхаарууллаа. Ташрамд дурдахад, Азербайжан бол Европын нефть, хийн хэрэглээний 5 хувийг хангадаг томоохон нийлүүлэгч юм.
Холбоотнууд Арменид туслах уу?
Арменийн Ерөнхий Никол Пашинян Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярилцах үеэрээ Карабахын мөргөлдөөнд Оросын цэргийг оролцуулах эсэх тухай асуудлыг огт хэлэлцээгүй ажээ.
Уг сэдвийг хөндөөгүйн учрыг ТУХН-ын орнуудын хүрээлэнгийн Армени дахь салбарын захирал А.Маркаров тайлбарлахдаа, байлдааны ажиллагаа Армений нутагт бус харин олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын БНУ-ын нутагт болж байгаа гэдгийг дурдлаа.
Армени улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ гишүүн бөгөөд уг байгууллагад одоогоор Орос, Армениас гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Казахстан, Киргиз, Тажикистан улс багтдаг. ХАБГБ-ын аль нэг гишүүн улс гадны халдлагад өртсөн тохиолдолд бие биедээ харилцан туслалцахаар гэрээнд заасан нь нэг ёсондоо цэргийн эвсэл гэсэн үг. Харин Уулын Карабах бол Азербайжаны газар нутаг мөн гэдгийг олон улсын эрхзүйгээр хүлээн зөвшөөрсөн учраас Орос болон ХАБГБ-ын бусад гишүүн орнууд зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох үндэслэл шалтгаан байхгүй юм.
Ташрамд дурдахад, Оросын цэргийн 102 дугаар бааз Арменид байрладаг бөгөөд тус улсыг болон ТУХН-ийн орон зайг гадны аюул заналаас хамгаалах баталгаа болдог” гэдгийг шинжээч А.Маркаров хэллээ.
Оросын “Комсомольская правда” сонинд бичсэнээр, дорх дурдсан гурван тохиолдолд Арменид байрлаж буй Оросын цэрэг байлдаанд оролцож болзошгүй ажээ.
1 дүгээрт, Азербайжаны /эсвэл Туркийн/цэрэг Армений нутагт цөмрөн орвол;
2 дугаарт, Азербайжаны /эсвэл Туркийн/ цэргийн нисэх хүчин Армени болон Оросын цэргийн онгоцууд, нисдэг тэргүүд байрлаж буй аэродромууд руу пуужингаар харваж, бөмбөгдсөн тохиолдолд;
3 дугаарт, Азербайжаны /эсвэл Туркийн/ цэрэг Уулын Карабахын хэд хэдэн районыг эзлэн авсан тохиолдолд;
Гэхдээ ХАБГБ-ын гишүүн орнууд зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг учраас мөргөлдөөнд Оросын цэрэг оролцох магадлал тун бага.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: https://www.bbc.com/russian/features-54333600
, www.kp.ru, www.pravda.ru, cnbc.com