Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэн, төрийн эрх барих дээд байгууллагаа энэ оны зургаадугаар сарын 24-нд 8 дахь удаагаа сонгосон. Сонгуулийн дүнгээр 2016-2020 онд засагласан МАН дахин 4 жил бодлого шийдвэрээ үргэлжлүүлэх үүргийг ард түмнээс авсан. Ийнхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулж, энэ оны наймдугаар сарын 17-28-нд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан билээ. Ирэх 4 жилийн хөтөлбөр Коронавирусээс сэргийлэх, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого болон Нийслэл ба Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн зургаан хэсгээс бүрдэж байна. Ингээд уг хөтөлбөрт тусгасан гол ажлуудыг тоймлон хүргэж байна.
Ирээдүйн 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө
Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсн урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал буюу “Алсын хараа-2050”-ийн эхлэл болохоороо ихээхэн онцлогтой.
Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Тодруулбал, Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байгаа юм. Ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд нотолж байна. Түүнчлэн нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нь зөв хэмээн Засгийн газар үзэж, “Алсын хараа-2050”-ийг боловсруулсан. Улмаар УИХ-ын чуулганы энэ оны тавдугаар сарын 13-ны хуралдаанаар баталсан.
“Алсын хараа-2050” нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний эхлэл болгож Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хамт баталсан. Энэхүү үндсэн чиглэл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд бүх салбарт хэрэгжүүлэх нийт 149 төслийн 47.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон байна. Харин санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай 16.4 их наяд төгрөгийн өртөг бүхий 77 төсөл, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай 74 төсөл тусгасан юм. Дээрх бүх төсөл хөтөлбөртэй Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр нягт холбоотой.
“COVID-19”-өөс сэргийлэх Засгийн газрын бодлого үргэлжилнэ
Дэлхий нийтэд тархсан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд 7 сар гаруй болж байна. Энэ хугацаанд дотооддоо халдвар алдаагүй цөөхөн улсын нэг болсон ч эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаад байгаа. Гэсэн хэдий ч Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, түрээсийн төлбөрөө буулгасан аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх, хүүхдүүдэд олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох зэрэг иргэн, аж ахуйн нэгж рүүгээ чиглэсэн бодлогын ажлыг ч тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн эхний хэсэг “COVID-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн байна. Үүнд 2020 он дуустал татварын хөнгөлөлт, хүүхдүүдэд 100 мянган төгрөг олгох ажлыг үргэлжлүүлэхээр тусгасан байна.
Үүнээс гадна цар тахлаас сэргийлж, бэлэн байдлыг хангахтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмэх, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд бүрэн хамруулах зэрэг ажлыг тусгасан. Засгийн газраас “COVID-19”-тэй “тэмцэж” буй эмнэлгийн ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд оруулах, онцгой нөхцлийн урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байгаа. Үүнийгээ ч үргэлжлүүлж, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад олгох цалин урамшууллыг нэмэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн зарим аймагт зоонозын өвчин судлалын төв, хил дагуух боомтод тандалтын нэгж, өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах болжээ. Монгол Улс коронавирусний оношлуурыг Япон, Хятад зэрэг орноос авч байгаа. Тиймээс коронавирусний халдварыг тодорхойлох оношлуурыг дотооддоо бүтээн, туршиж, хэрэглээнд нэвтрүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийг РТ-ПСР төхөөрөмжөөр хангах, гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлэх зэрэг ажлыг төлөвлөсөн байна. Монгол Улс энэ оны нэгдүгээр сарын 28-наас энэ сарын 20-нд нийт 81 улсаас 22 мянга 448 иргэнээ татан аваад байгаа юм.
Түүнчлэн экспортыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг боловсруулж, экспортод гаргах бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх хүрээнд “Ногоон гарц” түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сургалтын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгох, цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ажлыг тусгажээ.
Хөгжлийн бодлогын цөм нь “Монгол хүн”
Эрүүл, боловролтой, чадварлаг иргэн бол улс орны хөгжлийн гол тулгуур. Тиймээс ч Монгол Улсын хөгжлийн бодлогын цөм нь “Монгол хүн” байх ёстой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” үзэл баримтлалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед онцолж байсан юм. Энэ ч үүднээс Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрийн онцлох зүйл бол Хүний хөгжлийн бодлого. Нэн тэргүүнд улс орныг хөгжүүлэх цөм болох хүн чадварлаг, боловролтой байхаас гадна хамгийн гол нь эрүүл байх ёстой. Тиймээс Засгийн газар хүний хөгжлийн бодлогынхоо эхэнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх асуудлыг тусгажээ. Тухайлбал, яаралтай тусламж үйлчилгээнд нисдэг тэрэг нэвтрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах заалт тусгасан байна. Түүнчлэн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Сүрьеэгийн эмнэлэг, бүсийн эмнэлэг, оношилгооны төвийг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөжээ.
Эрүүл мэндийн дараа боловсролын салбар орж байна. Үүнд хүүхдүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг боловсрол олгохоос гадна үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээг суулгаж, монгол хэл, түүх соёл, ёс заншлаа уламлуулах, монгол хүний онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг тусгасан байна. Тухайлбал, яслийн үндэсний тогтолцоог сэргээж 1-2, хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдийг хамруулах, 5 настай хүүхэд бүрийн ерөнхий боловсролын сургуульд суралцахад бэлтгэнэ. Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлнэ. 200 шинэ сургууль ашиглалтад оруулах, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчилж, өргөтгөх заалт орсон. Үүнээс гадна орон нутаг дахь мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, их, дээд сургуулиудыг дэмжих үүднээс багш нарт нь орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахаар хөтөлбөрт тусгасан байна.
Аливаа улс орон шинжлэх ухаанд тулгуурлан хөгждөг. Монгол Улсын төр шинжлэх ухаанд тулгуурласан бодлого хэрэгжүүлдэггүй, эрдэмтэдийнхээ санал бодлыг сонсдоггүй хэмээн иргэдээсээ шүүмжлэл хүртдэг. Харин энэ удаагийн мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаан, технологи, инновац, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгэхээр тусгажээ. Дэлхийн ихэнх улс шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зориулж дунджаар улсын төсвийнхөө 3 хувийг зарцуулдаг бол манайд энэ үзүүлэлт ердөө 0.1 хувьтай байна. Тиймээс Засгийн газар шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлж, олон улсын стандартад нийцүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Мөнэ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Даяаршилын эрин үед улс үндэстний давтагдашгүй онцлогийн илэрхийлэл, үнэт өв бол язгуур урлаг, өв соёл. Тиймээс өв соёлоо биетээр өвлөн тээж дамжуулах, хадгалан хамгаалах нь монгол төрийн болоод иргэн бүрийн үүрэг юм. Монгол Улсын өвлөж ирсэн хамгийн том соёл бол нүүдлийн ахуй. Тиймээс төр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болох томоохон зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд “Чингис хаан” хаад, язгууртны музейн шинэ барилга, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборууд, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг барихаар төлөвлөсөн байна. “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулах, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлэх зорилт ч мөн дэвшүүлсэн байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх энэ оноос телевиз, радионуудын дунд үндэсний контентын уралдаан зарлаж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарыг сон гэгээрүүлэх, үндэсний урлагаа сурталчилан таниулах зорилтын эхлэл байв.
Иргэн, аж ахуйн нэгжээ дэмжих эдийн засгийн бодлого
Монгол Улс өнгөрсөн хугацаанд уул уурхайд түшиглэн эдийн засгаа хөгжүүлж ирсэн. Тиймээс ч дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унахад манайн улсын эдийн засагт цохилт болж ирдэг. Үүнээс сэргийлэхийн тулд аялал жуулчлалыг хөгжүүлэх, экстортын бүтээгдэхүүн хөгжүүлэх талаар олон жил ярьсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байгаа. Засгийн газраас экспортын бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор “Экспортын баталгааны сан” байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Монгол Улсад 700 мянга гаруй хүн цалингийн зээлтэй гэсэн судалгаа бий. Мөн хэрэглээний зээл, орон сууцны зээл, тэтгэврийн зээл зэргийг нэмбэл 1 сая гаруй болно. Одоогоор арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 16 хувь байгаа нь иргэдийг зээлийн хүүгийн дарамтад оруулж, ядуурал нэмэгдэхэд нөлөөлж буй. Тиймээс банкны салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийж, банк, зээлийн сарын хүүг 1 хувь буюу жилийн 12 хувь болгох зорилт дэвшүүлжээ.
Үүнээс гадна гадаад худалдааг дэмжсэн гаалийн үйлчилгээг хялбаршуулах, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх, хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах аж. Түүнчлэн нийслэлээс 1000 км-ээс хол бүсэд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх аж. хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.
Газрын хэвлийн баялгаа боловсруулалгүйгээр экспортолдог цөөхөн улсын нэг нь Монгол. Тиймээс газрын тос, нүүрс-хими, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Монгол Улсыг зэсийн нөөцөөрөө 40 жил тэжээж буй Эрдэнэт үйлдвэрээс 8 дахин том гэгдэх Оюутолгойн төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулж, зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр байгуулна. Ингэхдээ Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрүүдийн захиалгад ажлуудыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх юм. Цагаан суваргын зэс, молибденийн орд, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Салхитын мөнгөний ордыг төслийг эхлүүлэх, Зүүн цагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулах зэрэг хэд хэдэн томоохон төслийг уул уурхайн салбарт хэрэгжүүлэх аж.
Түүнчлэн хар төмөрлөгийн /кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр/ үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлэх, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаас гадна Энэтхэгийн санхүүжилтээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах асуудлыг ч тусгажээ.
Монгол Улс өргөн уудам нутагтай, байгалийн болон соёлын хосгүй цогцолбор бүхий газруудтай хэдий ч аялал жуулчлал төдийлөн хөгжөөгүй тул жилд 400-500 мянган гадаадын жуулчин ирдэг. Тиймээс байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэх нь Засгийн газрын дэвшүүлсэн том ажлуудын нэг. Энэ хүрээнд “Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор”-ын ажлуудыг цогц байдлаар дуусгаж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймагт дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна.
Харин эрчим хүчний салбарт дэвшүүлсэн эн тэргүүний зорилт нь ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-г хамтран дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангах, Дулааны IV цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөна. Мөн Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зэргээр эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангахаар мөрийн хөтөлбөрт тусгасан байна.
Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс ирэх 4 жилд 2022 км авто зам тавина. Тухайлбал, Чойбалсан-Хавиргын хилийн боомтын 124.5 км, Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сумын 99.7 км, Ховд-Улаангомын 163.3 км авто замын ажлыг үүнд тусгасан байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавьж дуусган, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэх аж.
Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөө
Дэлхий нийтээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх бодлого баримтлан байгальд ээлтэй үйлдвэрлэл, технологи хөгжүүлж байна. Монгол Улс ч энэхүү Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 зэрэг бичиг баримт боловсруулан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн онд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр сүүлийн 20 гаруй жил нийслэлийнхэний өмнө тулгамдсан асуудал болоод байсан агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан билээ. Ирэх жилүүдэд энэ амжилтаа ахиулж, 80 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Улмаар өвлийн улиралд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад мөс цөмөрч живсэн машин техникийг татаж гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгохоор тусгасан байна. Уул уурхайн улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээх, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах юм.
Төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх төрийн бодлого
Монгол Улсын хүн амын 50 хувь Улаанбаатар хотод аж төрдөг нь агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийслэлийнхэний өмнө тулгамдсан олон асуудлын эх үүсвэр болоод буй. Тиймээс төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх нь төрийн шийдвэрлэх гол ажлын нэг болоод байгаа билээ. Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шархад, Дарь-Эх дэд төв байгуулж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүрт дан болон давхар автобус, цахилгаан соронзон болон дүүжин замын тээврийн хэрэгслийг хэрэглээнд үе шаттайгаар нэвтрүүлэх аж.
Улмаар олон улсын стандартад нийцсэн явган хүний болон унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж байгуулан, тоосжилтыг 50 хувь бууруулах, дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.
Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу аймгийн төвүүдийг хотын статустай болгож, бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын шаталсан тогтолцоог хөгжүүлж, орон нутагт томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ. Аймгуудад эхний ээлжийн инженерийн шугам сүлжээний төв магистраль шугамыг шинэчлэн, орон нутгийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, сум, орон нутагт ажиллахаар анх удаа очиж байгаа багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар түр хангах цогц ажлыг эхлүүлэх аж. Ингэснээр орон нутагт ажлын байр шинээр бий болж, нийслэлийг зорих шилжих хөдөлгөөн багасна хэмээн тооцож буй.
montsame.mn