НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

оруулсан Алсын Хараа

/TASS/. Олон улсын үйл хэрэгт НҮБ тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг БНХАУ дэмжиж байна. Үүнтэй холбогдуулан коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд хүмүүнлэгийн арга хэмжээ авах НҮБ-ын төлөвлөгөөг дэмжиж, Хятад улс 50 сая ам.долларыг олгоно хэмээн БНХАУ-ын Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.

“НҮБ-ын олон улсын үйл хэрэгт тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг бид дэмжиж байна. Үүнтэй холбогдуулан коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд хүмүүнлэгийн арга хэмжээ авах НҮБ-ын төлөвлөгөөг дэмжиж, Хятад улс 50 сая ам.долларыг олгох, Хятад-НҮБ-ын (Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага) Итгэлцлийн санд 50 сая ам.долларын санхүүжилт олгох, БНХАУ болон НҮБ-ын Энхтайван буюу Хөгжлийн сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг 5 жилээр сунгах, НҮБ-ын хүрээнд Газарзүйн мэдлэг, инновацийн төв болон тогтвортой хөгжлийн салбарт зорилгоо хэрэгжүүлэх Олон улсын томоохон мэдээллийн төв байгуулах шийдвэрийг гаргаж байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.

Коронавирусний гарал үүслийг судлах тухайд

Коронавирусний гарал үүсэл болон дамжин халдварласан арга замуудыг олж илрүүлэх олон улсын шинжлэх ухааны судалгаанд Хятад улс идэвхтэй оролцоход бэлэн хэмээн Ши Жиньпин мэдэгдэв.

“Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд зүтгэл гарган оролцож байгаа. Манай улс олон нийтийн эрүүл мэндийн салбар дахь олон улсын аюулгүй байдлыг хангахад хүчин чармайлт тавьж буй. Бид цаашид ч түншүүдтэйгээ оношлогоо, эмчилгээний арга барил, туршлагаасаа хуваалцаж, тусламж хэрэгтэй байгаа орнуудад дэмжлэг үзүүлэх, хямралын эсрэг сангийн хангамжийн системийн тасралтгүй байдлыг хангах, коронавирусний үүсэл болон түүний дамжин халдварлах арга замуудыг олж илрүүлэх олон улсын шинжлэх ухааны судалгаанд идэвхтэй оролцох болно” гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар Хятадын хэд хэдэн вакцин эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатандаа байгааг тэрбээр онцолжээ. “Хөгжүүлэлт нь бүрэн дуусаж, хэрэглээнд нэвтэрсний дараа бид дэлхий нийтийн сайн сайхны төлөө юуны түрүүнд хөгжиж буй орнуудыг вакцинаар хангах болно" гэж Ши Жиньпин хэллээ.

Түүнчлэн цар тахлын өмнө улс орнууд хүчээ нэгтгэх хэрэгтэй байгааг тэрбээр дурдахдаа, “улс орнууд шинжлэх ухааны хандлагыг баримталж, ДЭМБ-ын голлох, манлайлах үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх хяналт тавих чиглэлд олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, коронавирусний эсрэг олон улсын тэмцэлд ялалт байгуулах, цар тахалтай холбоотой улс төржилтийг сөрөн зогсох хэрэгтэй” гэжээ.

Коронавирусний цар тахлын үүсэлтэй холбогдуулан НҮБ Хятадыг хариуцлагад татах хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Энэ тухай Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпин үгээ хэлэхийн өмнөхөн мэдэгджээ. Тахал дэгдэх эхлэлийг тавьсан улс нь Хятад юм гэж Д.Трамп хэлсэн байна.

Глобал удирдлага

"Дэлхий дахиныг хамарсан удирдлагын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх шаардлагатай байгааг коронавирусний цар тахал бидэнд сануулж байна. Коронавирус нь орон бүрт төрийн удирдлагынх нь чадавхид тавигдсан ноцтой шалгуур болоод зогсохгүй дэлхий дахиныг хамарсан удирдлагын тогтолцооны хүчин чадлыг сорьж байна. Олон талт байдал, олон улсын тогтолцоог НҮБ-тэй хамгаалах хэрэгтэй” гэж Ши Жиньпин ярив.

Дэлхий дахиныг хамарсан удирдлагын тогтолцоог өөрчлөн сайжруулахын тулд хамтын зөвлөлдөөн, хамтын бүтээн байгуулалт, хэрэглээний зарчмыг баримтлах, бүх улс орны эрх тэгш байдлыг дэмжих нь чухал болохыг тэрбээр онцлов. Түүнчлэн дэлхий дахиныг хамарсан удирдлагын тогтолцоо нь өөрөө өөрчлөгдөж буй улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд нийцэж, глобал сорилтуудад хариу алхам хийх шаардлагад зохицох, түүхэн хандлагаараа урсгалаа дагах ёстой гэжээ.

Нөлөөллийн хүрээг бий болгох, тэлэх тухайд

Хятад улс хөгжлийн замаар замнаж байгаа бөгөөд нөлөөллийн хүрээгээ бий болгох, тэлэх, дайн дэгдээх сонирхолгүй гэж БНХАУ-ын дарга мэдэгдэв.

“Бид ноёрхох, нөлөөллийн хүрээгээ бий болгох, тэлэхийг эрмэлздэггүй. Бид хэнтэй ч хүйтэн юмуу “халуун” дайн дэгдээхийг зорьдоггүй. Санал зөрөлдөөн, мөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар зохицуулахыг бид дэмждэг” гэж тэрбээр мөн хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих