Дэлхийд эдийн засгийн өсөлт, хүн амаараа тэргүүлж буй хоёр гүрний хилийн дагуух мөргөлдөөн хурцадмал байдалд шилжжээ. Хоёр улс өнгөрсөн 45 жилийн хугацаанд хилийн зурваст галт зэвсэг ашиглахыг хориглосон хэлэлцээрийг даган мөрдөж ирсэн байдаг.
Гэвч Хятадын Засгийн газар Энэтхэгийн цэргүүд хилийн шугамыг хууль бусаар давж, хилийн харуулууд руу галт зэвсгээр буун дуу гаргаж буудсан хэмээн буруутгалаа. Энэ үед Хятадын харуулууд нэн даруй сөрөг арга хэмжээ авч хариу гал нээсэн гэж армийн төлөөлөгч мэдэгджээ. Харин буун дуу гарах үед Хятадын хилийн харуулууд хаана байрлаж байсан нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн зургадугаар сард хоёр улсын хилийн дагуух мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 орчим цэрэг алагдсанаас хойш зөрчил мөргөлдөөн хэдэн сарын турш хурцаджээ. Орон нутгийн хэвлэлүүдээр цэргүүдийг галт зэвсэг ашиглалгүй зодсоор амь насыг нь бүрэлгэсэн хэмээн мэдээлсэн байна.
Энэ явдлаас хойш наймдугаар сард Энэтхэг улс Хятадын арми долоо хоногт хоёр ч удаа нөхцөл байдлыг хурцатгаж өдөөн хатгаж байна хэмээн буруутгажээ. Хоёр улсыг заагласан хилийн хяналтын шугам бүдэг бадаг тогтоогдсон бөгөөд Гималай орчмын гол мөрөн, нуурууд, цаст өндөр оргилуудад тодорхой зурагдаагүй тул өөрчлөгдөж, шилжих боломжтой үлдсэн байна.
БНХАУ-д төвтэй Global Times сувгийн мэдээлснээр Пангонг Цо нуурын өмнөд ай савын орчимд Шеньпао уулын бүс нутагт Энэтхэгийн цэргүүд хууль бусаар хилийн зурвасыг давж, галт зэвсэг ашигласан гэж мэдэгджээ. Гэвч Энэтхэгийн Засгийн газар энэ үйл явдалд хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Буун дуу гарахаас хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн тал хилийн бүсэд байрласан таван хүнийг Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд хулгайлсан хэмээн мэдэгдсэн билээ.
Хятад, Энэтхэг нь хүн ам, эдийн засгийн өсөлтөөс гадна дэлхийн хамгийн том армиудыг бүрдүүлсэн байдаг. Сүүлийн 30 гаруй жил хилийн зурвасыг тогтоох хэлэлцээр хийгдэж байгаа ч бүтэлгүйтсээр байгаа юм. 1962 онд хоёр тал дайтахад Энэтхэг ялагдал хүлээсэн ч үүнээс хойш дайны хэмжээнд хүрэхгүй ч жижиг зөрчил мөргөлдөөн тасраагүй.
Эх сурвалж: ВВС, CNN