Америкийн “National Public Radio” 2019 оны нэгдүгээр сард Монголын хүнд металл хамтлагийн клипүүдийг “YouTube” цахим хуудсаар олон сая удаа үзэж байгаа талаар мэдээлсэн. Түүнээс найман сарын дараа “Хү” хамтлаг хүнд металл урсгалын гитарыг Монголын уламжлалт хөгжимтэй хослуулсан анхны цомгоо гаргасан юм. Бид цар тахал намжихыг хүлээн Монголдоо байгаа хамтлагийн хоёр гишүүнтэй видео дуудлага хийлээ.
“Хү” хамтлагийн анхны хоёр клипэнд хамтлагийн гишүүд хөөмийлөнгөө урт үсээ шидэлж буй нь 80-аад оны хүнд металл хамтлагуудыг санагдуулам байсан юм. Эдгээр уран бүтээл 2018 оны сүүлээр үзэгч, сонсогчдын хүртээл болсныхоо дараахан 7 сая хандалттай болсон юм. Дан эрэгтэйчүүдээс бүрдсэн дөрвөн гишүүнт хамтлагийнхан савхин хүрэм, гавлын ясны хэлбэр бүхий бөгжнүүдийг зүүж, Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуураа барьсан байсан нь Өрнө, Дорнын үзэгчдийн аль алинаас сайшаал хүртжээ. Тэдгээр бичлэгүүдийг одоо 93 сая гаруй удаа үзсэн байна.
Үүний зэрэгцээ “Хү” хамтлаг өөр ертөнцтэй холбоотой уран бүтээлийг хүртэл туурвисан. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард “Disney”, “Lucasfilm”, “EA”, “Respawn Entertainment” компанийн бүтээсэн “Star Wars Jedi: Fallen Order” видео тоглоомын “Sugaan Essena” дууг гаргасан юм. Уг дууг тоглоомонд зориулан бүтээсэн бөгөөд тоглогчид гол дүр болох “Cal Kestis”-тэй анх танилцах үед эгшиглэх ажээ.
“Бид “Оддын дайн”-ы ертөнцийн нэгээхэн хэсэг болсон нь итгэмээргүй явдал байсан” гэж гоцлол дуучин Ц.Галбадрах буюу Галаа орчуулагчаараа дамжуулан хэлсэн байна. “Хү” хамтлаг нь Б.Энхсайхан /Энхүүш/, Г.Нямжанцан /Жаяа/, Н.Тэмүүлэн /Тэмка/ гэсэн бүрэлдэхүүнтэй юм. Хамтлагийн менежер Туга Намгүр нь Галаагийн ах, хамтлагийн орчуулагч бөгөөд түүний хэлснээр, “Оддын дайн”-тай холбоотой өөр уран бүтээлүүд гаргах ажээ.
Хэдийгээр “Хү” хамтлагийнхан өөр гараг ертөнцөд зориулан уран бүтээл туурвихыг мөрөөдөж байгаагүй байж магадгүй боловч Монголын гаднах сонсогчдын сонорт дуу хөгжмөө хүргэхийг үргэлж хүсдэг байжээ. Тэд монгол хэлний хүн хэмээх үгийн язгуураас улбаалан хү хэмээх нэрийг сонгожээ. Мөн тэд бүх хүн төрөлхтнийг сонсоосой хэмээн бэлгэдсэн ажээ. Тэд Монголын хөгжмийн соёлыг рок урсгалтай аль болох хослуулахыг зорьдог гэж хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Дашдондог /Дашка/ нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.
Ингэснээр Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, төмөр хуур, товшуурыг рок урсгалын басс гитар, бөмбөртэй хослуулсан Монголын фолк рок бий болох ажээ. Хоёр чавхдаст морин хуур нь зөвхөн морины толгойн хэлбэрийг дуурайлган бүтээснээр зогсохгүй чавхдасыг нь морины сүүлээр хийдэг бөгөөд адуун сүргийн чимээг ч гаргах боломжтой юм. Мөн хөөмий нь Төв Азийн нүүдэлчидтэй холбоотой бөгөөд олон нотыг зэрэг гаргадаг ажээ.
“Хү” хамтлаг анхны цомгоо Чингис хааныг амьд ахуй үед хэрэглэдэг байсан дипломат паспортыг төлөөлүүлэн “Гэрэг” хэмээн нэрлэжээ. Мөн Монголын домогт удирдагч улс орнуудыг хэрхэн нэгтгэж байсныг анхны уран бүтээл болох “Юу вэ Юу вэ Юу” дуундаа оруулжээ. Уг дууны клипэнд Монголын байгалийн үзэсгэлэнт газруудыг харуулдаг бол хоёр дахь клип болох “Чонон сүлд” дуунд мотоциклтой залуучууд гардаг нь олон үзэгчийн анхаарлыг татжээ. Хэдийгээр зураглал, хөгжмийн зэмсэг зэрэг нь гадаадын орны үзэгчдэд харийн юм шиг санагдаж болох ч рок хэмнэл бол танил дотно билээ.
Өрнө, дорнын соёлын энэхүү ер бусын хоршил нь Монгол Улс өнгөрсөн зууны сүүлээр Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарсан үеэс үүдэлтэй. Сүүлийн жилүүдэд уг хоршил олон улсын үзэгчдийн дунд алдарших болсон. Фолк металл “Тэнгэрийн хөлөг” хамтлаг “Carnegie” танхимд тоглож, “Алтан ураг” хамтлагийн уран бүтээл 2007 онд үзэгчдийн хүртээл болсон “Монгол” кино болон “Netflix”-ийн “Marco Polo” цувралын ард эгшиглэсэн юм. Харин “Хү” хамтлагийнхан одоо “Вillboard”-ын жагсаалтуудыг тэргүүлэх болсон. 2019 оны дөрөвдүгээр сард “Чонон сүлд” дуу “Вillboard”-ын “Шилдэг хард рок” дуунуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн юм.
“Хү” хамтлагийг “Оддын дайн”-ы төсөлд оролцохыг урьсан Америкийн “Respawn” энтертайнментын дууны найруулагч Ник Лавьерс нь тэдний уран бүтээлийг сонссон хүмүүсийн нэг байв. “Тэдний хөгжим маш өвөрмөц сонсогдож байснаас гадна харийн мэт хөгжмийн зэмсгүүдтэй байсан ч энэ бүгд сонгодог рокийн шинжийг агуулж байсан” гэж Н.Лавьерс цахим шуудандаа бичжээ. Уг хоршил нь “Оддын дайн”-д төгс зохицсон юм. “Sugaan Essena” дуунд хамтлагийнхан өөрсдийн зохиосон “Оддын дайны Хү хэлээр” дуулжээ. Уг дууг өнгөрсөн хоёрдугаар сард гарснаас хойш “YouTube” цахим хуудсаар 7.7 сая гаруй удаа үзсэн байна.
“Нэгдэн нийлж, байгаль дэлхийгээ хамгаалж, бие биеэ хүндэтгэх нь энэ дэлхийд амьдарч буй бидэнд маш их хэрэгтэй байна. Бидний мессежийг олон нийт өргөнөөр хүлээн авч буй нь үүнтэй холбоотой, яагаад гэвэл бүх хүн үүнийг хүсдэг” гэж Галаа хэлжээ. Гэсэн хэдий ч бусдын ийм их хайр хүндэтгэлийг хүлээж байгаадаа Галаа өөрөө хүртэл хааяа гайхдаг байна. “Facebook” нийгмийн сүлжээнд шүтэн бишрэгчид нь өөрсдийнхөө хийлгэсэн шивээсний зургийг нийтэлдэг бөгөөд тэдний нэг нь Галаагийн царайг шивүүлсэн байжээ. “Өөрийнхөө царайг бусдын бие дээр шивүүлсэн байхыг харах итгэмээргүй байсан” гэж Галаа ярьсан байна.
Өдгөө 30 настай Галаа хамтлагийн гишүүдийнхээ нэгэн адил Монгол Улсын Консерваторид мэргэжил эзэмшжээ. Мөн тэрбээр хамтлагийнхан шигээ хар өнгийн богино ханцуйтай цамц, шивээс, урт үсэнд дуртай ажээ. “Хү” хамтлагийн шүтэн бишрэгчдийн хүрээ ямар нэгэн зүйлээр хязгаарлагддаггүй гэж хөөмийлөхийн сацуу цуур, лимбэ тоглодог Жаяа хэлжээ. Тэрбээр орчуулагчаараа дамжуулан, Парисын “Le Trianon” театрт энэ оны хоёрдугаар сард болсон тоглолтын үеэр бүх тасалбар зарагдаж дууссан бөгөөд үзэгчид бидэнтэй хамт хашхирч байсан хэмээн ярьжээ.
“Маш өөр төрлийн хүмүүс цугласан байсан. Тэдний хэн нь ч монгол хэлийг мэдэхгүй боловч тухайн цаг мөчид хүн төрөлхтний хувиар нэгдэж, хөгжмийг мэдэрч байсан” гэж Жаяа хэлжээ. “Бид хүмүүсийг нэгтгэхийг үргэлж хүсдэг байсан бол үүндээ хүрч байгаагаа тухайн үед мэдэрсэн” гэж хамтлагийн хамгийн ахмад гишүүн, 37 настай Жаяа ярьсан байна.
Мөн тэдэнд хэл амны бай болох үе ч тохиолдож байсан. Тэд анх олонд танигдаж байх үед хас тэмдэгтэй холбоотой сөрөг сэтгэгдлүүд гарсан байна. Харин тэд хас тэмдэг бол бидний соёлд олон мянган жилийн турш ариун бэлгэдэл байсаар ирсэн хэмээн “Facebook” хуудсандаа тайлбарлаад, шүтэн бишрэгчдээ хүндэтгэн цаашид ашиглахгүй гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн цар тахлын улмаас өөр гомдлууд ч мөн гарсан байна. Монголын зарим иргэний хэлснээр, Монгол Улс хилээ хааснаас хойш тус улсын олон иргэн хилийн чанадад гацсан боловч Засгийн газар “Хү” хамтлагийнхныг түрүүлж эх орондоо авчирсан ажээ. Харин Жаяа энэ талаар хэлэхдээ, бидэнд өөрөөр хандсан зүйл огт байхгүй бөгөөд Австралид 45 хоног хүлээсний эцэст Монгол руугаа буцсан ажээ.
Үүнээс гадна өөр нэгэн шуугиан дэгдсэн нь “COVID-19” халдвартай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс зохион байгуулсан “Хү” хамтлагийн хандивын тоглолтыг парламентын сонгуулиас нэг хоногийн өмнө буюу бүх намын кампанит ажил дууссан үед товлосон явдал байв. Үүнтэй холбоотойгоор тэд тоглолт хийх өдрөө өөрчлөхөд хүрсэн бөгөөд үндэсний телевизээр шууд дамжуулсан уг тоглолтын үеэр 55 сая төгрөг буюу 19292 ам.доллар цугласан байна.
Хэдийгээр “Хү” хамтлагийн дэлхий даяар хийх аялан тоглолт цар тахлын улмаас зогссон боловч тэд ирэх онд гаргахаар төлөвлөөд буй хоёр дахь цомогтоо анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ. Мөн тэд “YouTube” цахим хуудсанд “Hu's in the Kitchen” нэртэй цуврал бичлэгүүдээ байршуулж байна. Менежер Туга “Хү”-г Детройт хотод тоглолт хийж байх үеэр уг шоуг хийх санааг олжээ. Шоуны 14 дэх дугаар долоодугаар сарын сүүлээр гарсан бөгөөд уг бичлэгийг 66 мянга гаруй удаа үзжээ. Өмнөх дугаарууд дээр олон төрлийн хоолыг үзүүлсэн бол сүүлийн дугааруудад Монголын уламжлалт хоолнуудыг танилцуулсан байна.
Монголын соёлыг дэлгэрүүлэх элчийн хувьд бид зөвхөн уламжлалт хөгжмөө төдийгүй эх орныхоо соёл, амьдралын хэв маягийг түгээхийг хүсэж байна” гэж Галаа хэлжээ. “Hu's in the Kitchen” шоуны хамгийн сүүлийн дугаарт хамтлагийн гишүүд хуушуур хийж, хөгжилтэй яриа өрнүүлсэн байна.
“Найман эрэгтэй хүний хоолны гурил бэлдэнэ гэдэг амаргүй” гэж Жаяа хэлжээ. Өмнөх бичлэгийн үеэр өөр нэгэн гишүүн мөн ингэж хэлж байсан удаатай аж. Аялан тоглолтын үеэр хамтлагт дөрвөн гишүүн нэмэгддэг юм. Уг дүрс бичлэгийн үеэр Жаяа хуушуурыг үндэсний их баяр наадмын үеэр иддэг гол хоол хэмээн тайлбарласан байна. Зуны улиралд болдог энэхүү баярын үеэр бөх барилдаж, сур харваж, морь уралддаг юм.
“Хү” хамтлагийнхан одоогоор Улаанбаатар хотод байгаа бөгөөд тэд цаашид Монголын өвөрмөц хоолнуудыг хийж үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Жаяа дараагийн удаад ямар хоол хийх талаар тодорхой хэлээгүй боловч маш олон төрлийн ер бусын хоолнууд бий гэдгийг онцолжээ.
“Хү” хамтлагийн гишүүдтэй ярилцсан Катя Ценгель нь “New York Times Magazine”, “Wall Street Journal” зэрэг сонин, сэтгүүлд нийтлэлээ гаргадаг ажээ.