Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолоор чиглэл болгосон банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах төслийг УИХ-ын гишүүн Д.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу Улсын Их Хурлаас цар тахлын нөлөөллөөр хумигдаад байгаа санхүүгийн хүртээмж, зуучлалыг зээлийн хүү өндөр байгаагийн улмаас зогсонги байдалд хүргэхээс сэргийлэх үүднээс түүнд нөлөөлж байгаа хүчин зүйл, шалтгаант холбоог тодорхойлсон судалгааны үр дүнд тулгуурлаж зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжүүлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Сүүлийн жилд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч 2020 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар жигнэсэн дундаж хүү жилийн 16.3 хувь болсон. Гэсэн ч тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа тул эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт хийх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц түвшинд зээлийн хүүг дорвитой бууруулах шаардлагатай байна. Тиймээс зээлийн хүүг бууруулахад санхүү, эдийн засгийн бодлого болоод хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэх болно.
Зах зээлийн зарчмаар тогтож байгаа зээлийн хүүнд зөвхөн банк, санхүүгийн байгууллагуудын шийдвэрээс үл хамаарах суурь инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, макро орчны тогтвортой байдал, банкны харилцагчийн зан төлөв зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Судалгаагаар банкны зээлийн хүүний бүтцийг үзвэл татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал 60 орчим хувь буюу зээлийн хүүнд эзлэх хувь нь 9.8 нэгж хувь, үйл ажиллагааны зардал 17 хувь, зээлийн хүүний 2.8 нэгж хувь, зээлийн эрсдэлийн зардал 11 хувь, зээлийн хүүний 1.8 нэгж хувь, банкны ашиг болон бусад зардал 12 хувь, зээлийн хүүний 1.9 нэгж хувийг тус тус эзэлж байна. Зээлийн хүүг бүрдүүлж байгаа дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад аливаа төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанаас үл хамаарч санхүү эдийн засаг, хууль эрх зүй зэрэг олон салбар байгууллагын оролцоог шаардах, чиг үүргийг уялдуулах, хамтын ажиллагааг бүрдүүлсний үндсэн дээр шийдвэрлэгдэх асуудал юм.
Иймд дээрх нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд төрөөс зээлийн хүүг бууруулахтай холбогдон гарч байсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, сул тал зэргийг судалсны үндсэн дээр макро болон микро түвшинд зээлийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, мөнгөний бодлогын хэрэгслийг уян хатан болгож эдийн засгийг дэмжих, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, цахимжуулах, эх үүсвэрийн төвлөрлийг бууруулах, зээлийн мэдээллийн ашиглалтыг нэмэгдүүлэх, зээл түүнтэй адилтгах хэлцлээс үүдэлтэй шаардах эрхийг баталгаажуулах, банкны зохистой засаглал, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, төрийн зохицуулах байгууллагын шимтгэл, хураамжийг бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст 1 хувьд хүргэхээр хэрэгжилтийг хангаж ажиллахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
1/ Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх;
2/ Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах;
3/ Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах;
4/ Хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах
Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой.