2020-2021 оны хичээлийн шинэ жилд ЕБС-ийн сурагчид тодорхой цагаар танхимаар хичээллэх шийдвэр гараад буй. Гэвч эцэг, эхчүүд хэрэв хүсвэл хүүхдээ танхимын хичээлд суулгахгүй байж болно. Энэ нөхцөлд гэрийнхэн нь хүсэлтээ гаргаж, сургуультай гэрээ хийх талаар БШУЯ-наас мэдээлж байна.
Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газраас, эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдээ танхимын сургалтанд хамруулахаас татгалзаж, гэртээ теле хичээл үзэхээр бол албан ёсны хүсэлт гаргана гэдгийг мэдээлэв.
Эцэг, эхчүүд хүүхдээ танхимын сургалтанд хамруулахаас татгалзсан хүсэлтээ бичгээр гаргасны дараа багштайгаа эргэх холбоотой ажиллах, хүүхдээ хоцрогдолгүй сургах талаар сургуулийн сургалтын менежер багштай тусгайлан гэрээ байгуулах юм.
Энэ талаар тодруулахад, “Энэ хичээлийн жилд аль ч ангийн хүүхэд ямар хичээл дээр ямар агуулга судлах ёстой, тэр хичээлийн агуулгыг баталж, теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. Өмнө нь сургуулийн хүүхдүүд ханиад хүрэх юмуу ар гэрийн асуудлаас болоод хичээлээсээ чөлөө авдаг байсан. Харин одоо, хүүхдүүд дээрх нөхцөлд гэрээсээ теле хичээлээ үзэх боломжтой болсон. Мөн тодорхой сайтуудаас сурах бичгээ татаж авах, холбоотой мэдээлэлтэй болох боломж бүрдсэн. Теле хичээл, танхимын сургалт 2 адилхан байна гэсэн зарчмыг баримталж байгаа" талаар БШУЯ-наас мэдэгдэж байна.
Сурагчид танхимын хичээлд суугаагүй нөхцөлд хүүхдүүдийг хичээл тасалсан, сургуульдаа ирээгүйд тооцохгүй. Хичээлийн явцад дүн гаргах дээр асуудал үүсэхгүйгээр танхимын болон зайны сургалтыг жигд хэлбэрээр хослуулж, явуулах боломжийг олгожээ. Коронавируснээс урьдчилан сэргийлж байгаа нөхцөл байдалд, хэрэв эцэг, эхчүүд хүүхдээ халдвар авах эрсдэлтэй гэж үзвэл багш нарт болон сургуулийн захиргаанд хандан хүсэлт гаргана. Тэрийг нь сургуулийн захиргаа хүлээн зөвшөөрч, эцэг эхийн хүсэлтийг авах талаар яамнаас зөвлөмж өгчээ.
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид өдөрт 60 минутаар 2-3 цаг хичээллэж, дөрвөөс илүү цаг хичээллэхгүй бөгөөд анги дүүргэлт дээд тал нь 20 хүүхэдтэй байна. Нэг ангийн сурагчдыг 2-3 хувааж, хичээлийг 08-10.30 цаг, 11.00-13.30 цаг, 13.00-15.00 цагт ээлжилж хичээллэхээр тогтоожээ.
Түүнчлэн, бага ангийн сурагчид зөвхөн монгол хэл, математикийн хичээл судлах бол дунд ангийн сурагчид монгол хэл, математик, байгалийн ухаан, гадаад хэлний хичээл үзнэ. Харин ахлах ангийн сурагчдын хувьд монгол хэл, математик болон сонгон суралцах хичээл үзэх юм. Харин бусад хичээл цахимаар бүрэн орно.