Манай улсад НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу төлбөрийн электрон систем үйлчлээд 5 жил болж буй ч нийслэлд зах, худалдааны төв болон гэр хороолол, зуслангийн дэлгүүрүүд, хөдөө орон нутагт мөн дэлгүүр хоршоо худалдан авалтын И баримт тэр бүр өгдөггүй.
Үүнийг жижиг дунд үйлчилгээний газрууд пос машин нэвтрүүлэхэд хүндрэлтэй, зардал ихтэй байдаг хэмээн тайбарладаг боловч тэд татварын төлбөрийн баримтын төхөрөөмж авчих хэмжээнд өдрийн орлого олдог. Тиймээс энэ нь шалтгаан бус шалтаг болдог аж. Гэвч одоо татварын байгууллагаас дээрх байдлыг технологийн бас нэг шийдлээр өөрчилж байна. Тодруулбал, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зарилгоор цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлж байгаа талаар Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.
Цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг бүрэн хэрэгжүүлнэ
Энэхүү баримтыг пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан худалдан авагч иргэдэд НӨАТ-ын төлбөрийн баримт олгох юм. Тухайлбал, өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах боломж болон зай талбай, нөхцөл байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг олон шалтгаанаар иргэдэд и-баримт өгч чадахгүй байгаа гэх татвар төлөгчид эхний ээлжинд ашиглах боломжийг гаргаж өгнө. Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгч нарт мэдээлэл бүхий QR кодыг байршуулахаа мэдэгдлээ.
Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлэхдээ, "Шинэ цахим үйлчилгээг нэвтрүүлснээр худалдагч болон худалдан авагч нарт, хоёр талд чирэгдэлгүй болж буй"-г онцлов. Тэрээр, "Өмнө нь худалдаа, үйлчилгээний газрууд худалдан авагч нарт и баримтыг гаргаж өгөхийн тулд программ хангамж авч, зайлшгүй хэвлэх төхөөрөмжтэй байх, тэр нь цаас шаарддаг, худалдан авагч талаас заавал интернэт орчинд хэрэглэх ийм нөхцөл байдалтай байсан. Тэгвэл одоо наад зах нь цаас хэвлэхгүй учир хэрэггүй болж байна. И баримт апплакейшнээр дамжуулан цахимаар, автоматаар төлбөрөө хийж баримтаа бүртгүүлэх боломжтой болж байна" гэв.
Ингэснээр одоо хөдөө, орон нутаг, хот суурин газар гэлтгүйгээр шууд И баримтыг үүсгэх боллоо гэдгийг мэдээллээ. НӨАТ-ын төлбөр, баримтын шинэ системийн нэвтрэлтийн талаар тэрээр малчид дээр жишээ татав. Малчид малаа борлуулж худалдлаа гэхэд шууд бэлчээр дээрээ qr код үүсгээд явах боломжтой байна. Хөдөө, хотгүй иргэд гар утсаараа и баримтыг бүрдүүлж өгөх боломжтой болж байна гэв. Тэрээр худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж шинэ симтемийг нэвтрүүлэх бэлтгэлийг хангаснаа дуулгалаа.
НӨАТ-ын хууль 2015 онд өөрчлөгдөн шинэчлэгдэж, уг татварын 2 хувийн буцаан олголтын урамшууллын систем нэвтэрч эхлэх үед улсын төсөвт орж буй татварын орлого 500 орчим тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 1.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлогыг НӨАТ-аас бүрдүүлдэг болоод байна. Тухайн үед буюу 2016 онд шинэлэгдсэн хууль үйлчилж эхлэхэд и баримтад 595 мянган иргэн бүртгүүлж байсан бол энэ тоо жил бүр нэмэгдсээр энэ оны 6 дугаар байдлаар 1.4 саяд хүрчээ.
Шин системийг Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Томоохон QR кодыг хананд наах хэлбэрээр хэвлэн ААН-үүдэд тараана. Харин жижиг бизнес эрхлэгчид утасны ард наалт хэлбэрээр QR кодыг байршуулах боломжтой аж.