Хүн ам багатай Монгол Улс Японы үндэсний спортод хэрхэн ноёрхож байгаа тухай Америкийн эдийн засагч, нийтлэлч Антонио Грейсфо ийнхүү бичжээ.
Япон бол соёлын хэдэн мянган жилийн түүхтэй, хөрөнгөтэй, хөгжингүй орнуудын нэг. Харин Монгол Улс нь Японоос хүн амаараа 42 дахин, дундаж орлогоороо 10 дахин бага орлоготой жижиг орон билээ. Гэвч Японы олон жилийн түүхтэй сумогийн талбарт монголчууд ноёрхож байна.
Нэгэн цагт гадаадынханд хаалттай байсан сумо бол Японы уламжлалт соёлыг хамгийн сайн хадгалж ирсэн спорт төдийгүй маш их хүндтэй урлаг юм. 1970 болон 80-аад оны үед Япон улс хөгжиж, иргэд нь хөрөнгөжихийн цагт хүнд хэцүү давааг туулдаг сумо бөхийг сонирхох залуусын тоо буурсан байна. Сумогийн бэлтгэл маш хатуу чанга дэгийн дор болдог бөгөөд үүнд унтах, сэрэх, идэх, цэвэрлэгээ хийх, хоол хийх гээд бүхий л зүйл хамаарч цагийн хуваарийн дагуу явагддаг. Үүгээр зогсохгүй залуу бөхчүүд ахмад бөхчүүдэд дэглүүлэх нь ч бий.
Үүний улмаас сумо бөхийн уламжлалыг хадгалах залуу бөхчүүд хомстож, улмаар гадаад бөхчүүдийг сумод оруулах шийдвэр гаргажээ. Эхний ээлжид 1980-аад онд Хавай, Самоагаас гаралтай америкчууд сумод оржээ. Тэдний дундаас Акебоно Таро, Мусашимару Койо гэсэн хоёр Ёкозуна буюу аварга төрсөн байна. Дараа нь 1992 онд хар багаасаа үндэсний бөхөөр барилдаж, бэлтгэл хийдэг Монголд анхны сонгон шалгаруулах тэмцээн болов.
Монгол нь БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог 3 сая хүн амтай орон юм. 20 дугаар зууны ихэнх хугацаанд Монгол Улс ЗХУ-ын дагавар улс байсан бөгөөд ЗХУ задрах үед оросууд Монголд үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоож, улмаар тус улсад эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсжээ. Сонгон шалгаруулалт болохыг сонссон эцэг эхчүүд хүүхдээ Япон руу явуулж, их мөнгө олох боломж нээгдлээ хэмээн шалгаруулалтад оролцуулсан байна. Энэхүү шалгаруулалтад нийт 300 хүүхэд оролцож, 6 нь тэнцсэнээр сумо бөхийн бэлтгэлийн гараагаа эхэлжээ.
Монголчуудын 40 орчим хувь нь өнөөг хүртэл мал маллаж амьдардаг бөгөөд тал хээрийн хүндхэн амьдрал нь тэдний хувьд хэвийн зүйл аж. Зарим нь 3 настайгаасаа морь унаж, 5 настайгаасаа бөх барилдана. Морь унаж, даваа гүвээгээр алхах нь хөдөөгийн монголчуудын гуяны булчинг чангалж өгдөг нь бөхөд байх хамгийн ач холбогдолтой зүйлүүдийн нэг. Мөн малаа хариулах, малтайгаа ноцолдох нь бөх барилдаж байна л гэсэн үг юм. Эдгээр хүнд хөдөлмөр, биеийн хүчний ажлыг мах сүүнээс бүрдэх Монгол хоолны дэглэмтэй хоршуулах нь хөвгүүдийг бөхийн дэвжээнд гайхалтай амжилт гаргахад ихээхэн тус болдог байна.
Японы сумо бөхийн мэргэжилтнүүд сонгон шалгаруулалтын үеэр монголчуудад үнэхээр дурлаж, Монгол үндэсний бөхийн ур чадварыг сумод шингээх боломжтойг олж харжээ. Сумо бөхчүүдийн дундаж жин 136 кг-аас дээш байх хэдий ч биеийн жингийн 20 хувь нь л өөх байдаг байна. Иймээс мэргэжилтнүүд махлаг гэхээсээ илүүтэйгээр туранхай, булчинлаг хөвгүүдийг сонгохыг илүүд үзэв. Тэд дэвжээний амьдрал, чанга хатуу дэглэмийн дор жин нэмэх нь ойлгомжтой юм.
Монголоос шалгарсан 6 хүүхдийн 5 нь сумогийн амьдралд дасахад хүндхэн байсны улмаас оргож байсан ч эцэстээ дэвжээндээ эргэн ирж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна. Энэ эхлэлийн эцэст Монгол Улс Асашёорю Акинори, Хакухо Шо, Харумафүжи Кохэй, Какүрю Рикисабуро гэсэн 4 Ёкозуна буюу аваргатай болсон билээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Японоос цорын ганц Кисеносато Ютака гэж бөх Ёкозуна цол хүртэж, улмаар 2 жилийн дараа зодог тайлсан.
Хэдхэн монгол хүүхэд Японыг зорихоос өмнө монголчуудын дийлэнх нь сумогийн талаар нэг ч сонсож байгаагүй ажээ. Энэ талаар нэгэн жолооч Энхбат хүүрнэхдээ, “Тухайн үед Монгол гадаад ертөнцөөс хол байсан. Бидэнд телевизийн орос, монгол гэсэн хоёр л суваг байсан. Хэн ч сумогийн талаар мэддэггүй байлаа” гэв.
Гэвч үүнээс төд удалгүй, “Асашёорю анхны түрүүгээ авахад монголчууд ихэд баярлаж, Монголоор бөөн шуугиан болж байлаа. Энэ цаг мөчөөс эхлэн бүх сувгаар сумогийн тэмцээнийг дамжуулж, хүн бүр үзэх болсон. Тухайн үед Монголоос өөр ямар ч гадаад хүн тийм амжилтад хүрээгүй байсан. Сумогийн аваргууд Монголын бахархал, амжилтын бэлгэдэл болсон. Мөн Асашёорю Акинори хөвгүүдийн хувьд жинхэнэ баатар, үлгэр жишээ нь болсондоо” гэж эмч Түвшин хуучлав.
Монгол нь одоо хөгжиж буй орон хэдий ч сүүлийн 20 жилийн хугацаанд багагүй хөрөнгөжсөн байна. Залуучууд бүгд гар утас, интернэт, хиймэл дагуулын телевизийн хэрэглээтэй болоод зогсохгүй орос хэлнээс татгалзаж, англи хэлийг сурах болжээ. Өнөөдөр сумо бөхөөс илүүтэйгээр АНУ-ын сагсан бөмбөг монголчуудын дунд илүү алдартай болсон хэдий ч бөхчүүд, холимог тулааны тамирчдын урам зоригийн эх үүсвэр нь сумогийн аваргууд хэвээр байна. Энэ талаар чөлөөт бөхийн дасгалжуулагч Дандар дурсан ярихдаа, “Бид сумочдоороо их бахархдаг. Ер нь Монголын дасгалжуулагчид бүгд л “бид сумод ноёрхдог тиймээс бид холимог тулаанд ч мөн адил чадах болно” гэдэг хандлагатай” хэмээв.
Монголын үндэсний бөх дотооддоо хамгийн алдартай хэдий ч бөхчүүдийн хувьд санхүүгийн дэмжлэг багатай байдаг бол сумогийн хувьд эсрэгээрээ. Шилдэг барилдааны шагнал 20 мянган ам.долларт хүрдэг. Зарим барилдаанд хувийн ивээн тэтгэгчид хэдэн зуун ам.доллар нэмж өгдөг байна. Үүнээс гадна бөхчүүд цолноос хамаарч сар бүр цалин авч, том бөхчүүд тэмцээнд оролцсоны төлбөр авахын зэрэгцээ жилд 6 удаа хүртэлх нэмэлт бонус авдаг. Ёкозуна цолтой бөхийн сарын цалин 26 мянга орчим ам.доллар байдгийг Монголын 400 ам.долларын цалинтай харьцуулбал газар тэнгэр шиг зөрүүтэй.
Монголын сумо бөхийн сэтгүүлч Д.Алтанхуягийн хэлснээр одоо сумод Монголоос 40 хүн барилдаж байна. Тэдний дундаас дуулиантай эргэн ирэлт хийсэн нь Терунофүжи юм.
Тэрбээр сумо бөхийн хоёр дахь том Озеки цолонд хүрч байсан боловч өвдөгний хүнд бэртэл, эрүүл мэндийн асуудлаас болж олон башё өнжиж, улмаар 2017 онд сумогийн доороосоо хоёр дахь цол руу унасан билээ. Ийм байдалд орсон түүнийг олон нийт ерөнхийдөө зодог тайлна байх хэмжээн бодож байв. Гэвч Терунофүжи мөрөөдлөө орхилгүй энэ оны 3 дугаар сарын башёд түрүүлж, гайхалтай эргэн эрэлт хийсэн юм.
Түүний энэ амжилтын талаар сэтгүүлч Золоо хэлэхдээ, “Терунофүжи Монгол бөхийн чанарыг харуулж, эргэн байр сууриа олохоор ажиллаж байна. Тэр үүнийг чадаж, аварга болно гэдэгт итгэж байна” гэв