НҮБ 1989 онд хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй асуудлуудыг анх дэвшүүлж, жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн хүн амын өдөр" болгон зарлажээ. Дэлхий 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нарны аймгийн 3 дахь гариг цорын ганц амьдралтай ертөнц. Агаар мандалын гадаргуугийнх нь 71 хувь нь ус (далай), харин 29 хувь нь хуурай газар (тив арал). Эргэлтийн тэнхлэг нь 23.5 хазайсан байдаг. Энэ нь дэлхийн улирлын шалтгаан болдог онцлогтой. Энэхүү тулах цэггүй налуу тэнхлэг (дэлхий) дээр өнөөдөр (2020 он) 7.7 тэрбум хүн амьдарч байна. Дэлхийн 7.7 тэрбум хүн 195 улсад хуваагдана. Тэрхүү жишгээр авч үзвэл нэг улсад ойрлцоогоор 36,500,000 орчим хүн ам ногдоно. Гэхдээ энэ бол тэгшитгэл. Амьдрал дээр улс орны хүн ам өөр хоорондоо тооны хувьд ялгаатай.
Жишээ нь хамгийн олон хүн амтай нь БНХАУ (1.5 тэрбум), тэгвэл Ватикан улс 921 оршин суугчтай буюу хамгийн цөөн хүн амтай нь байна. Үүнээс гадна дэлхийн тив улсуудын хүн амыг хооронд нь харьцуулсан төрөл бүрийн судалгаа, олон янзын тоон үзүүлэлт байдаг. Тэр бүхнийг нэг дор авч үзэх нь нүсэр урт жагсаалт гарна. Ийм учраас дэлхийн хүн амын дундаж наслалтын харьцуулалт, тоон үзүүлэлтүүдийг авч үзье.
Япон, Сингапур улс хүн амын дундаж наслалтаар тэргүүлдэг. Гэхдээ энэ нь тухайн хоёр орны орших ази тивийн улсуудын хүн амын дундаж наслалт өндөр гэсэн үзүүлэлт биш. Дээрх үзүүлэлтийг тивээр нь авч үзвэл европ тивийн улсуудын хүн амын дундаж наслалт хамгийн өндөрт ордог байх жишээтэй.
Дэлхийн хүн амын дундаж наслалтыг тэргүүлсэн “Топ 20” улсын 14 нь европ тивийнх. Тухайн тивийн улс орнуудын хүн амын дундаж наслалт “Топ 20”-д багтахгүй ч үзүүлэлт нь маш өндөр гардаг юм байна. Тухайлбал Их Британий дундаж наслалт 81.5, Умард Ирланд 80, Уэльс 80, Шотланд 79 байх юм. Энэ бол дэлхийн хүн амын дундаж наслалтын ерөнхий үзүүлэлтүүд.
Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт нэг тив, нэг улсад байлаа ч өөр хоорондоо зөрүүтэй байх юм. Тухайлбал Конго, Кувейт, Мавритани гурван улсад эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ урт насалдаг. Бусад орнуудын хувьд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ урт насалдаг гэсэн үзүүлэлт байна.
Мөн нэг тив, нэг бүс нутагт амьдарч байгаа орнуудын хүн амын дундаж наслалт бас харилцан адилгүй байдаг аж. Хөрш, нэг тив, бүсэд багтах Афганистанд, Иран, БНХАУ-ын хүн амын дундаж наслалтыг харьцуулж үзэхэд хоорондоо 20 насны зөрүүтэй. Афганистан улсын хүн амын дундаж наслалт 58 байхад, цаад хоёр улсынх 78 байх жишээтэй.
Дунджаар тооцоход дэлхийн хүн амын дундаж наслалтаас дорнод европын зарим улсуудынх 6-11 насаар доогуур болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь тухайн бүс нутагт ажлын байрны нөхцөл муу, архины хэрэглээ өндөр байдагтай холбоотой гэж Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт /IHME/-ийн тайланд тэмдэглэжээ.
Монгол хүний дундаж наслалт 70.41 (2019 он) аж. Харин хүйсээр нь ялгавал эрэгтэйчүүдийнх 66.38, эмэгтэйчүүдийнх 75.95 гэж Үндэсний статисткийн хорооны мэдээлийн санд тэмдэглэжээ. Эндээс харахад монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдээсээ 10 орчим насаар урт байна.