Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр /2020.05.25/ эхэллээ. УОК-ын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан хөл хорионы хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Мөн энэ өдөр УОК байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна. УОК 20 дахь удаагийн хуралдаанаараа хөл хориог тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Ингэснээр олон улсын нислэгүүд мөн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа билээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж байна.
"Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй, зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Өнөөдрийг хүртэл 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байна.
Гадаадад буй иргэнээ татан авах тусам, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олширч байна. Анх 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад оронд буй иргэдээ ээлж дараатай татна. Эрсдэл улам өндөр байна. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, 5 сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 346 мянга гаруй амиа алдаад байна.
Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна. ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул тавдугаар сарын 31 хүртэл сунгасан хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргаж байна"гэлээ.
Хүн амын дунд "Covid-19" дотооддоо алдаагүй тусгаар тогтносон цор ганц улс боллоо
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдрийн байдлаар 141 тохиолдлоос 121 нь ОХУ, Англиас 7, Солонгосоос , Польш, Швейцарь, Бангладеш улсаас тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн. Хоногт 150-200 эмч мэргэжилтэн тусгаарлалтад ажиллаж байна. Тусгаарлах байранд 1141 хүн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд өрх, сумын эмч нар байнгын холбоотой ажиллаж, зөвлөгөө өгч байна. Гадаад буй иргэдээс 13 нь эдгэрсэн байна. Шведэд нэг иргэн эмчлүүлж байна. биеийн байдал нь дээрдэж байна. Бусад нь биеийн байдал хэвийн байна гэж мэдээлсэн. Хүн амын дунд халдварт өвчин тархах эрсдэл өндөр байна.
Хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархаагүй гурван улс байна. Үүнээс Монгол Улс хүн амын дунд "Covid-19" алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо. Хоёр нь арлын улс байна.
"Covid-19"-ийн шинжилгээг Зооноз өвчин судлал, ХӨСҮТ, Дархан-Уул аймагт хийж байгаа бол цаашид ЭХЭМҮТ, Ховд аймаг зэрэг зургаан газарт хийх боломжтой. Нөхцөл байдал цаг тутамд өөрчлөгдөж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна. Цаашид хүн хийх шаардлагатай ажлыг дурдая
- Эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнуудыг орон сууцад оруулах
- Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх. Тухайлбал, хүн амын нэг хувь буюу 32 мянга гаруй хүн халдварт өртөнө гэж тооцоолж эмийн нөөцийг 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нөөцлөх, эмнэлгийн хэрэгсэлд 182 сая төгрөг, хувийн хамгаалах хэрэгсэл буюу N95 маскад 37.7 тэрбум төгрөг зэрэг санхүүжилтийг шийдэж өгөх
- Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулах хүсэлтэй байна.
Эдгээр зүйлийг бэлдсэн тохиолдол бид хүн амын дунд "Covid-19"-ийн халдвар тархахад бид эрсдэл багатай даван туулах боломжтой.