Л.Оюун-Эрдэнэ:400сая жуулчин гээд намайг баахан шоолсон.Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна

оруулсан Алсын Хараа

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Холбогдох байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудал танилцуулсантай холбогдуулан гишүүд асуулт асуув.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэцийн Ш.Цогтоо, Д.Солонго нарыг 2013 онд УИХ-аас томилж байсан. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дуусан. Улсын дээд шүүх орны хүнээ оруулж ирэхгүй байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж болох уу.

Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдөө хууль зөрчөөд байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Бидэнд үүнийг хаацайлсан зүйл байхгүй. 2020 оны хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүх рүү Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул орны гишүүдийн саналыг ирүүл гэдэг бичиг явуулсан. Хоёр дахь бичгээ энэ долоо хоногт явуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Х.Нямбаатар нарын хариуцсан эрх байгууллага, эрх бүхий албан тушаалтан гэж ямар байгууллага гэдгийг тайлбарлахаас асуудал үүснэ. Орныхоо хүний саналыг ирүүл гэж бичиг явуулаад 3-4 сар болж байна. УДШ хүсвэл энэ асуудлыг өдрийн дотор шийдэх боломжтой. УДШ хуулийн хугацаа дууссаныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Хоёрдугаарт, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчээс тодорхой хэргийн талаар ярьж болохгүй ч асуух эрх нь УИХ-д байгаа.

Үндсэн хуулийн цэц хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргаж байгаа асуудал болчихоод байна. Тэгэхгүй бол хуулийн бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргасан гэдэг хэл ам гарах эрсдэл үүсчихээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: УДШ-ийн Ерөнхий шүүгчид яаралтай нэрсээ ирүүлэх асуудлыг тавьсан. Процедурын асуудал байгаа гэж хэлсэн. Ирэх долоо хоногт шийдэгдэх байх. Ирэх долоо хоногт Хууль зүйн байнгын хороо прокурорын сонсголын хэлэлцэнэ. Түүнтэй хамт энэ асуудлыг нэг мөр ярьж, шийдэхийг чиглэл болгож байна.

Үргэлжлүүлэн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төсөлд есөн газрыг байгалийн тусгай хамгаалалтад авах асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөл "Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай:

  1. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  2. Дэвэлийн арал байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  4. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  5. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
  6. Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  7. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  9. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар,

Мөн Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан байна.

 

Нийт есөн газрыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Тусгай хамгаалалтад авах гэж буй Хэнтий аймгийн нутаг энэ газарт Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн анх лоббидож тусгай зөвшөөрөл олгосон байдаг юм. Энэ бол Батширээт, Биндэр, Дадал, Баян-Адарга, Норовлин сумын дамжин урсдаг голын эхэнд байгаа уул уурхайн компанийн эзэмшиж байгаа газар юм.

400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд НҮБ-ийн Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга манай ирж бид уулзсан. Тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрний түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй байгаа. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй” гэж хэлж байсан. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна.

Түүхэн газар нутагт уул уурхай эрхэлж байгаа компаниуд буруугүй. Албан тушаалтнууд буруутай. Тэр хүмүүстэй хариуцлага ярих ёстой.

Ийнхүү санал хураалт явуулснаар дээр дурдсан газруудыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.

12:10

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төсөлд Ноён уул орчмыг тусгай хамгаалалтад авах, ангилалыг нь ахиулах асуудлыг тусгажээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутаг дахь Ноён уулын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад оруулж ирэх асуудлыгш бүрэн дэмжиж байна.

Байгалийн өвөрмөц тогтоц, түүхийн дурсгал, ойн сан бүхий газрын дархан цаазат болгосноор Монголынхоо эко систем болон түүх, соёлын өвийг хамгаалах боломжтой болох юм.

Тогтоолын танилцуулгад дурдсанаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн энэ газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцсан байна. Энэ тогтоол хэрэгжээд эхэлбэл эдгээр ААН-үүдээс газраас хэрхэн хүлээн авах вэ. Хамгийн гол нь нөхөн сэргээлтийн ажил яаж хийгдэх вэ. Үүнд ямар байгууллага хяналт тавьж, хариуцлага тооцох вэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Анхнаасаа хууль зөрчиж явчихаад өмнө нь ингэж байсан юм чинь гэдэг байдлаар хандсаар 11 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Гуравхан компани энэ 11 лицензийг эзэмшдэг.

Хууль зөрчиж олгосон лиценз олгосон албан тушаалтнуудтай тэмцэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих