Монголын эзэнт гүрний дөрөв дэх их хаан Мөнх 1259 онд таалал төгсөхөд түүний дүү Хубилай нь эргэлзээнгүйгээр өв залгамжлагчаар нь сонгогдсон билээ. Мөнх хаан Монголын газар нутгийг алс баруун зүг Сирид өргөжүүлж, харин Хубилай нь өнөөгийн баруун өмнөд Хятад төдийгүй одоогийн Вьетнам зэрэг орнууд руу байлдан дагуулалт хийж, гарамгай жанжин гэдгээ баталсан юм.
Тухайн үед өөрийгөө эзэн хаан гэж тунхаглаж, эрх мэдлийг авах хүсэл түүний дүү Аригбөхөд байсан ба Хубилай хаан нь дүүгийнхээ санаархлыг мэдмэгцээ Шанду хот (хожим нь Самуэль Тейлор Колериджийн алдарт “Хубилай хан” шүлэгт Ханаду гэх болсон) дахь ордонд очин дараагийнхаа алхамыг бодсон гэдэг.
Мөнх хааныг залгамжилсан хэнбугайд ч Хятадын хойд хэсгээс авахуулаад Персээр дамжин Орос хүртэлх асар уудам газар нутгийг тогтоон барих дипломат болон цэргийн хосгүй ур чадвар шаардагдана гэдгийг Хубилай мэдэж байсан юм. Тэрбээр өөрийн зөвлөхүүдтэйгээ хэлэлцсэний дараагаар Күнзийн болон Даоизмын аль алинтай нь холбогддог Хятадын эртний мэргэ төлвийн систем болох “I Чин”-г оруулах замаар өөрийн байр суурийг бэхжүүлэн Аригбөхийн эсрэг зогсжээ. Ийнхүү Монгол уламжлалаас илүүтэй Хятадын уламжлалыг сонгосон шийдвэр нь маргаан дагуулж, түүнийг улам төвөгтэй байдалд оруулсан гэдэг. Гэсэн хэдий ч, Хубилайн чин хүсэл нь өвөг эцгийнхээ хэрэгжүүлээгүй хүсэл болсон, Хятад улсыг бүхэлд нь Монголын засаглал дор нэгтгэх байв.
Тэрбээр Хятадыг эзлэх нь нэг хэрэг, харин захирах нь түүнээс илүү ур чадвар шаардана хэмээгээд, Монголын уламжлалт ёс заншлыг хадгалахын зэрэгцээ Хятадын онцлогийг нэвтрүүлж, эдгээрийг тэнцвэртэй барих нь зайлшгүй юм гэж үзсэн байна.
Хан хөвгүүнийг өсгөж хүмүүжүүлэх нь
/Хан гэдэг нь “захирагч” гэсэн утгатай бөгөөд бүх “Хан”-гуудыг нэгтгэсэн утгаараа“Хаган” буюу “Их хаан” гэж бичигддэг байжээ/
Тулуйн хатан Сорхагтани нь дөрвөн хүү төрүүлсэн ба түүний хоёр дахь хүү нь Хубилай хаан билээ. Тэрбээр Дорнын Христэд итгэгчдийн гишүүн байсан төдийгүй Тулуйн эхнэр байхдаа улс гүрнийг зохион байгуулах дээд зэргийн ур чадварыг харуулсан гэдэг. Түүний хүү Мөнх 1251 онд дөрөв дэх их хаан болж мөн Хубилайг амжилтад хүргэхэд ч чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Сорхагтани Хубилайд Монгол уламжлалыг заахын сацуу Исламын болоод бусад шашнуудад хүлээцтэй хандахыг сургаж, Хубилай хааныг үндэстнүүдийн уламжлал, Буддизм ба Таоизмын үндэс суурийг мэдэх хэрэгтэй хэмээн Хятад багш нараар түүнд хичээл заалгуулдаг байв. Энэхүү олон соёлын боловсрол нь Хубилайд эзэлж авсан улс орнуудын уламжлал, итгэл үнэмшилд хүлээцтэй хандсанаар ямар ач холбогдолтой болохыг ойлгоход тусалсан билээ.
Бусад соёлтой харьцуулахад Хубилай хааны үед Монгол эмэгтэйчүүд эд хөрөнгө эзэмших, өвлөх зэрэг олон эрх эдэлдэг, нийгэмдээ өндөр байр суурьтай байжээ. Эрчүүд нь аян дайнд мордохоор явахад, эмэгтэйчүүд отогтоо үлдэн, ар гэрээ, улс орноо зохион байгуулж байв. Энгийн ард иргэдээс авахуулаад язгууртнууд хүртэл эмэгтэйчүүдийг урамшуулж, чадварлаг удирдагч гэдгийг зөвшөөрөх ёстой гэж үздэг байжээ. Сорхагтани хатан хүүхдүүдээ өсгөхдөө бусад улсын соёлыг хүндэлж, хүлээцтэй хандахад сургадаг байсан нь түүнийг маш ухаалаг эмэгтэй гэдгийг илтгэж байгаа юм. Хубилайн эхнэр Чаби хатан ч ялгаагүй байв. Ухаантай, бие даасан, аливаад нээлттэй ханддаг зан чанар нь Хубилайг удирдагч болоход том нөлөө үзүүлжээ. Чаби хатан нь нөхрийнхөө итгэлт хамтрагч нь байсан төдийгүй Хятад, Монгол соёлыг хамтад нь удирдан жолоодоход хамгийн их тусалсан хүн гэгддэг билээ.
Аугаа ялалт
1264 онд Аригбөх ялагдаж, Хубилай гурван жилийн дараа Хятадын өмнөд хэсэгт байрлах Сүн гүрний эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэв. Өмнөд Сүн улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байсан ба Европт хэвлэх технологи үүсэхээс өмнө бичгийн машины загварыг анх удаа туршиж цоо шинэ технологиудыг ч хөгжүүлж байжээ. Нийт хүн ам нь 50 сая орчим хүрч, хотууд нь ч мөн адил хөгжин, зарим хотын хүн ам нэг саяас дээш байсан юм.
Энэ үед Хубилай хаан Сүн улсыг эзлэх тохиромжит цаг бүрдсэнийг мэдэн дахин аян дайныг эхлүүлсэн байна. Харин Сүн улсын хувьд өмнө нь олон жилийн турш Монголчуудын түрэмгийллийг эсэргүүцэж байсан төдийгүй тэд чадварлаг цэргийн жанжинтай, цэргийн маш сайн тоног төхөөрөмж, түүний дотор бүслэх хөдөлгүүр, бууны дарь зэрэг дэвшилтэд зэвсгүүд зохион бүтээсэн байв.
Сүн улсын эсрэг явуулсан Хубилай хааны аян дайн урт удаан, ширүүн байлаа. Монголчуудын давуу тал нь нээлттэй тал газар луу тархах морин цэргүүдийн хурдтай довтолгоо байсан бол Өмнөд Сүн улсын хувьд хүчирхэг бэхлэгдсэн байрлалд цэргээ байрлуулдаг байсан юм. Хубилай хаан удаан хугацааны туршид үргэлжилсэн бүслэлт хийж мөн тэдний хоол хүнс нийлүүлдэг замыг таслахаар эргийн довтолгооныг эхлүүлэв. Энэ нь хээрийн соёлд суурилсан цэргүүдийн хувьд эрсдэлтэй тактик байжээ. 1273 он гэхэд Монголчууд бэхлэлтэд байсан Сянъян хотыг эзэлж чадсанаар өмнөд Сүн улсын ноёрхол аажим аажмаар нурж эхэлжээ. Ийнхүү эцэст нь 1279 онд өмнөд Сүн гүрэн Хубилай хаанд ялагдаж, олон зууны туршид ноёрхож байсан Хятадын нэгдэл нуран унасан билээ.
Нийтлэлийн эх сурвалж: www.nationalgeographic.com