ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

оруулсан Алсын Хараа

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Өнөөдөр тэр өдөр тохиож байна. Зохиолч Мигель Дэ Унамуно “Зөвхөн сайн юм уншина гэдгийг чинь мэдэж байна. Роман ч байсан хамаагүй, унш. Бодит түүх гэлцдэг юм үнэндээ романаас дээрдэхгүй. Хүмүүсийн хов жив, цуу яриагаар тархиа дүүргэж байснаас ном уншсан нь хавьгүй дээр. Гэвч чамд баяр хөөр, намуухан таатай тайвшрал бэлэглэх номууд уншаарай” хэмээн “Зовлонт гэгээн Мануэл Буэно” тууждаа бичсэн нь бий. Хүн төрөлхтөн эрт цагаас өдгөө хүртэл ном, уран зохиолтой холбогдож, урт зууны туршид орхиж гээлгүй өдий хүрсэн. Цаашид харин хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Ямартаа өнөөдөр дэлхийн номын баярын өдөр. Тиймээс унших номынхоо сонголтыг хийхэд тань туслах “уран зохиолын ном”-ын тоймыг уншигчдадаа хүргэж байна.


ОДИССЭЙ

Арван жил үргэлжилсэн Тройн дайнд ялалт байгуулсан эрэлхэг Одиссэй баатар дахин арван жилийн дараа зовж зүдрэн байж гэртээ харьж, хайртай хатан Пенелопагаа өшөөт сүйчдийн гараас аварч, эх нутагтаа эргээд эзэн болон сууж буй талаар өгүүлнэ. Нийт 24 дуулалаас бүрдэх эл туулийг МУСГЗ Д.Цахилгаан эх монгол хэлийнхээ баян тансаг үгсийн эрдэнээр сүлжин зангидаж хөрвүүлсэн байна.

Одиссэйн дүр нь уур хилэн, дайнч баатарлагаар алдартай Ахиллын дүрээс илүүтэй хүний төрөлх шинж, зан авирыг олон талаар нээн үзүүлсэн байдаг. Басхүү Томас Хардигийн хэлсэн нэг үгийг санацгаая. “Сайн зохиолчид сонгосон төрлөөрөө бичдэг, харин агуу зохиолчид бол түүнийг өөрчлөн бичдэг”. Хомэр бол туульсийн төрөл дэх бичиглэлийн хэл, аман уламжлалт домогууд, яруу найргийг шинэчлэж хөгжүүлсэн. Туульс нь баатарлаг, эмгэнэлт, урт үргэлжилсэн байх ёстой. Тэгвэл Хомэр “Одиссэй” дотор хошин өнгө аясыг өргөн ашиглаж чадсан билээ. Өрнөдийн соёлын хүрээнд Хомэрийн туульстай энэ зэрэгцэхүйц бүтээлд “Библи” судар болон Шекспирийн эмгэнэлт жүжгүүд, Дантэгийн туурвилууд л багтддаг.


ХОЁР ХААН ХОЁР ХОНГИЛ

Аргентиний суут зохиолч Борхесийн ихэнх агуу туурвилууд нь Г.Аюурзаны орчуулсан эл түүвэрт багтсан байдаг. Мөнхүү Д.Оюунчимэг эгчийн орчуулсан “Зүүдний ном” түүврийг нь эх хэл дээрээ унших боломжтой. Борхэсийн “Хоёр хаан хоёр хонгил” ном цүнхнээс минь огтхон ч салдаггүй. Түүний идиосинкратик өгүүллэгүүдийн нууцлаг байдал нь уншигчдыг бүрнээ ховсдож чаддаг учир уншихад тун сонирхолтой байх нь мэдээж. Түүний “Астерионы байшин” гэх өгүүллэг бол хамгийн дээд түвшинд боловсруулагдсан “лабиринт” буюу Борхесийн агуу их уран санааны төгс хэлбэршил гэж боддог. Хамгийн гол нь орчлон ертөнцийн нууц, хувь хүний оршихуйн асуултууд, гэгээрэл гэж чухам юу вэ гэх зэрэгт “Бурхны бичээс”, “Росэндо Хуарэсийн түүх”, “Үхэгсдийн хөөрөлдөөн”, “Бөөгийн толь” өгүүллэгүүд хангалттай хариулчих биз ээ. Ялангуяа “Росэндо Хуарэсийн түүх” өгүүллэгийг нь хүн бүр, ялангуяа миний үеийн залуучууд сайтар ойлгож уншаасай гэж хүсдэг.


ЦАСНЫ ОРОН

Японы алдарт зохиолчийн эл романд миний хүсдэг, таашаан уншдаг зохиолчдынх шиг тийм их адал, явдал, хурц үйл явдлууд гардаггүй. Гэлээ ч дүрүүд нь сэтгэл урах шиг болоод уншиж дууссаны хойно хэд хоног мөнөөх эмзэглэлээс ангижирч чадахгүй байж билээ. Гол дүрийн баатар Шимамура нь Японы хойд хэсэгт орших Хоккайдоо арлын их цасанд байх халуун рашааны амралтын газар гурвантаа очиж амарсан тухай өгүүлдэг. Тухайн үеийн улс орны хөгжлөөс тусгаарлагдан үлдсэн эл газарт гол дүрийн баатар маань Комако нэрт бүсгүйтэй учирснаар үйл явдал эхэлж эмэгтэй хүн хийгээд байгалын гоо үзэсгэлэнгийн тухай урт хөврүүлүүд, цасны орноос хайж олох ёстой нууцлаг зүйлийн эрэлд хатах Шимамурагийн адал эхэлдэг.

Кавабата хэзээ ч уламжлалдаа ширүүн хандаж байгаагүй. Зохиол бүрт нь их бага хэмжээгээр үндэсний үзэл ч тусгагдсан байдаг. “Цасны орон” хэмээх алдарт романдаа Хоккайдоо арлын цаст уулс, япончуудын энгийн хийгээд өвөрмөц төрхийг буулгасан. Эмгэнэл бол түүний уран бүтээлд ариун нандин төрхөөр буудаг цорын ганц зүйл. Өрөвдөлтэй, хөөрхий баатрууд нь хэзээ ч хэн нэгнээс тусламж хүсдэггүй учраас түүнийг дэлхий нийтээр унших дуртай байдаг.


БЭНСЭН ҮЛГЭРЧ

Цаг хугацаа бүхнийг эдгээж, бүхнийг хувиргаж, шинэ ертөнцийг нээх тусам түүний хэвлийд цогцоснууд олширч байдаг гэх санаанууд Гүр.Нямдоржийн өгүүллэг бүрт нь туссан байдаг. Тэдгээрийн нэг бол “Цочоод сэрсэн заяа”. Гэнэтийн аймшигт зүүднээс сэрээд эргэн тойрноо харахад хичнээн их аз жаргалыг мэдэрдэг билээ. Харин эл өгүүллэгт өгүүлэгдэж буйгаар хар дарсан зүүдэндээ л амьдрах нь сэрэхээс хавьгүй дээр санагдах мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Олон нөхөд нь “Гүр.Нямдорж л нобел хүртэх зохиолч байсан” гэж халаглан өгүүлдэг нь оргүй хоосон эмзэглэл бус санагддаг. Маш их бүтээлч, задгай сэтгэлгээтэй, авьяаслаг энэ зохиолчийн бүтээлийг залуус бүхэн шимтэн уншдаг, мэддэг байгаасай.


ДУР БУЛААМ

Дэлхийн өнөө цагт ид бүтээн туурвиж буй 21 зохиолчийн шилмэл өгүүллэгийг багтаасан “Дур булаам” түүвэр уншигчдын хүртээл болжээ. Тус бүтээл Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалангийн гурав дахь шилмэл өгүүллэгийн түүвэр юм. Тэрээр номынхоо тухай “Мэдээлэл шинэчлэгдэхгүй бол мэдлэг сэлбэгдэхгүй, мэдлэг сэлбэгдэхгүй бол бид цаг үетэйгээ нийлж алхах, дэлхийн хөгжилд дөрөө харших тухай бодоход хүнд. Уншигчдын сонголт таашаал хорьдугаар зууны эхэн үеийн дэлхийн уран зохиолоос нэг их холдоогүй манай орны хувьд чухам яг энэ цаг үед дэлхийн хүн зон юу уншиж, зохиолчид нь юу бичиж буйг зах зухаас нь ч болохнээ мэдэж, таньж байж өөрсдийн бүтээл туурвилын жин бан, чадал чансаа, үзэл санаа, ялгаа заагийг тодорхойлох биз ээ” хэмээсэн байна. “Дур булаам” түүвэрт Элис Мүнро, Умберто Эко, Салман Рушди, Милан Кундерагаас гадна бидний уншигчид танилцаж амжаагүй Энэтхэгийн зохиолч Шарма, Японы зохиолч Юүко Саката, Тайванийн зохиолч Хуан Чон Кай, Гайти гаралатай Америкийн зохиолч Дантика зэрэг олон шилдэг зохиолчдын шилмэл өгүүллэгүүд багтжээ.


ШАТРЫН ТУУЖ

Шатрын тууж хэмээх зохиол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг тууж дэлхийн дахинд хэдэн саяар худалдаалагдсан төдийгүй Герман, Австри зэрэг улсад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт зүй ёсоор багтдаг юм. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ. Гитлер болон нацизмын үеийн хоригдлын сэтгэлзүйн байдлыг тодорхой өгүүлсэн тус бүтээлийг сэтгэл догдлон уншихаас өөр аргагүй.


ХҮН САНДАЛ

“Хүн сандал”-д орсон зохиолууд хүний сэтгэлзүй, уран сэтгэмжтэй салшгүй холбоотой. Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчихөөд гарч чадахгүй байгаа хүн шиг байдалд уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжинд төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдах жинхэнэ садомазохист болон хувирч эхлэхэд л Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм. Нууцлаг шинжтэй, сэтгэл түгшээм асуудлуудыг хошин наргиан мэтээр хүлээн авч, жигтэйгээр шийддэг, айдас, хийрхэлээ буг чөтгөрийн гэмээр оюун сэтгэхүйгээ цаг ямагт цагдан хорьж дийлдэггүй түүний зохиолын дүрүүд нь ямарч хийсвэрлэл үгүй дэндүү бодит гэмээр сэтгэгдэл төрүүлдэг.

МАСТЕР МАРГАРИТА ХОЁР

Уншигч бүрийн дуртай зохиол л доо. Гэхдээ ихэнх хүн Мастер болон Маргарита хоёрын хайр сэтгэлийн тухай ярьдаг. Оросын суут зохиолч Михаил Афанасьевич Булгаковын тус роман хайр сэтгэлийн тухай бус хүний амьдрал, зэрэгцээ ертөнцөд болж буй үйл явдлуудын холбоо хамаарлыг хоёр шугамаар урсган нийлмэл санааг цогцлоож бичигдсэнээрээ миний бахдалыг хамгаас их төрүүлдэг. “Булгаков нь сонгодог зохиолч гэдэгтэй хэнч маргахгуй юм. Тэрээр өөрийн хосгүй орос хэлний хүчинд  Пушкин, Гоголь, Толстой, Чеховтой нэг эгнээнд тавигдах болсон юм. Тэр их ядуу,  наад захын хэрэглээний зүйл ч үгүй, түүний амьдрал аймшигтайгаар сүйрэн тэр олон зүйлээс татгалзах болсонч, түүнд ганц байсан зүйл бол түүний гайхамшигтай хэл байжээ. Тэр  оросын уран зохиолд хэнээс ч илүү, ёстой нэг гайхуулах шиг бичдэг байв” гэж Оросын зохиолч Максим Кантор өгүүлсэн байдаг. Ёстой ганган хэлсэн байгаа биз.

УЛААН ДЭНЛҮҮ АСАА

Өнөөдрийн байдлаар зохиол бүтээл нь Юн Чаны “Зэрлэг хун” хоймсон романаас ч илүүтэйгээр борлогдсон Хятадын нэрт зохиолч бол Сю Тун юм. Түүний “Улаан дэнлүү асаа” гурамсан зохиол нь орчуулагч У.Хулангийн монголчилсноор манай улсад хэвлэгдсэн байдагч тус номонд багтсан гурван туужаас номын нэрээр нэрлэгдсэн тууж нь хамгийн чухал. Унших явцад гомдох, уурлах, айх, баярлах зэрэг хүний сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлзүйн тогтворгүй байдал бүхэнд ямар нэгэн адын хүсэл агуулагдаж байдаг юм болов уу? гэсэн асуулт цаг үргэлж дотроос ургана. Ертөнцийн бүхий л зүйлс жам ёсны дагуу аймшигт хуулийн үйлчлэлээр өрнөдөг ба хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн тухай өгүүлсэн мэт санагдана. Гагцхүү бидний анзаараагүй зүйлс сэтгэл доторх түймрийг асааж тэр түймэрт хүн өөрөө шатдаг. Дэнлүү асаагаад ч гэрэлтэхгүй харанхуй ертөнцөд орчихвол юу хийх байсан бэ?

ДУРЛАЛГҮЙ ЕРТӨНЦИЙН БЛЮЗ

Номонд шимтдэг хүн бүр өөрийн төрөлх монгол хэл дээрх гайхалтай зохиолчдын нэг Г.Аюурзаны “Дурлалгүй ертөнцийн блюз” тэргүүт хүүрнэл зохиолын түүврийг уншилгүйгээр залуу насаа өнгөрөөсөн бол нэн харамсалтай. Унших болгонд цоо шинэ байдаг метароман.

ПЕТЕРБУРГИЙН ТУУЖИС


Гоголь нийгмийн бараан дүр зургийг ямарч өнгө будаг холилгүйгээр зурсан учраас “Шинель” өдгөө хүртэл үнэ цэнээ алдаагүй гэж боддог. Дээр нь нэмээд тархинд нь үймж байсан эмх цэгцгүй хийсвэр санаануудыг гоолиг охидын нүүрэнд сэвх тодрох шиг цаас руу цацаад орхичихсон нь гайхамшигтай. “Петербургийн туужис” тийм л санаануудын эмх цэгцтэй үлгэр шиг санагддаг. Томоохон судлаачид Гоголийг “этгээд хүн” хэмээн тодотгодог. Угаас этгээд байгаагүйсэн бол үсчин Иван Яковлевич тарган, ууртай эхнэрийнхээ хийсэн шинэхэн талхан дотроос түшмэл Ковалевын хамрыг хэрхэн олох билээ. Үнэндээ энэ бол уран зөгнөлөөр дүүрэн абсурдизм биш бөгөөд реалист бус уран зохиолд ч хамаарахгүй. Оросын тэрс үзэлтэн зохиолч Э.Лимонов “Зөвлөлтийн хүнд сурталтнуудыг би мэдэхгүй байв. Тийнхүү би утга зохиолоос хайж эхлэв. Гоголь! хэмээн сэтгэлд харван орж ирлээ” гэж дуун алдсан байдаг. Тиймдээ ч “Хамар” тууж бол тухайн үеийн нийгмийнхээ үнэн дүр төрхийг цагаан цаасан дээр хачиргүйгээр зурж орхисон Гоголийн бас уран зураг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулгаар, “Петербургийн туужис” нэрээр хэвлэгдэн гарсан нь бий.

Сэтгэгдэл бичих