МУИС-ийн ХЗС, АНУ-ын Индианагийн их сургуулийн төгсөгч, Харвардын Кеннедигийн сургуулийн мастер С.Эрдэнэболд. Түүний санаачилсан “MARS-V” төслийн тухай болон төсөл бичих зарчмуудын талаар ярилцлаа.
- Анх ямар зорилгоор “MARS-V” төрийн бус байгууллагыг байгуулж байсан талаар ярилцлагаа эхэлье?
- Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төв. Англиар бол Mongolian Aerospace Research and Science Association. Үүнийг товчилбол “MARSA” болж байгаа юм. 2019 оны хавар үүсгэн байгуулагдсан. 2018 оноос эхлэн судалгааны ажлаа эхлүүлж, одоо хүртэл үргэлжилж байна. Энэ байгууллагын гол зорилго нь Монгол Улсын сансрын судалгаа болон технологийг хөгжүүлэх зорилготой. Зорилгодоо хүрэхийн тулд олон улсын сансар судлалын чөлөөт бүсийг эх орондоо байгуулах эрмэлзэлтэй яваа байгууллага.
- Жирийн иргэдийн хувьд Марс гараг руу хүмүүсийг явуулах төсөл гэсэн түүхий ойлголттой байгаа. Энэхүү төслөө энгийн үгээр тайлбарлаж хэлбэл?
- Технологийн хувьсгал үеийн үед хүн төрөлхтөнд харилцааны шинэ хэв маяг, амьдралын шинэ дадал зуршлыг бий болгодог. Хүмүүс галыг нээх үедээ тойрч суудаг болсон. Дугуйг бүтээх үедээ барааг тээвэрлэж чаддаг болсон. Зэвсэг хийж сураад том ан гөрөөг агнаж чаддаг болсон байна. Яг үүнтэй адил ууран хөдөлгүүрийн технологи гараад ирэнгүүт тивээс тив рүү явах боломжууд нээгдсэн. Төмөр зам үүссэн ч гэдэг юм уу. Тэгвэл XX зуун бүх нийтийн дунд үйлдвэржилтийн үе байсан. Мянган хүний хамтарч хийх байсан ажлыг нэг робот эсвэл нэг үйлдвэр хийчихдэг болсон. Энэ мэтчилэн цаг хугацаа өнгөрөх тусам хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсээр ирсэн. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхийн хэрээр эдийн засагт өсөлт авчирна. Үүнийгээ дагаад хүмүүсийн амьдралаа авч явах хандлага, аж төрөх хэв маяг байнга өөрчлөгдсөөр байдаг. XXI зууны технологийн дэвшил нь юу вэ гэвэл нэгдүгээрт, мэдээлэл технологийн үе. Өөрөөр хэлбэл цахим шилжилт явагдаж байна. Онлайн дэлгүүрүүд ажиллаж эхэллээ. Хүмүүсийн бодож, төлөвлөж амжаагүй байгаа зүйлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан хийж болж байна. Нийгмийн сүлжээ хүртэл бидний амьдралын хамгийн ойрын хэрэглээ боллоо шүү дээ. Хуучин 20, 30 мянган сонин хэвлэдэг зах зээл байсан бол өнөөдөр нийгэмд нөлөөлхүйц хувь хүн фэйсбүүк хуудастаа ганцхан мэдээлэл тавихад хэдэн зуун, магадгүй хэдэн сая хүнд хүрч байна. Энэ бүхэн нь нэг ёсондоо цаг хугацаа болон орон зай агшиж байна гэсэн санаа юм л даа. Тэгэхээр бидний амьдарч буй энэ зуунд мэдээлэл технологийг хэн амархан чадварлаг эзэмшиж, түүнийгээ хэрхэн хэрэглэж, баялаг бүтээж чадсан улс орон, корпорациуд хожих боломжтой болоод байна. Дараагийн шинжлэх ухааны том зорилт юу вэ гэвэл шинэ гараг эрхсийг нээн илрүүлэх. Сансрын уудмыг эзэмших, Эрчим хүчийг олборлох чиглэл рүү явж байна. Энэ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн онол биш. Бодит амьдрал дээр үндэстэн дамнасан том корпорациуд үүнд зориулан мөнгө босгож, судалгаа шинжилгээ хийгээд эхэлчихсэн. Тэгэхээр миний яриад байгаа Марсын судалгаа бол энгийн нэг жишээ нь. Цаашлаад сансрын судалгааны орчин, орон зайд монголчууд өөрийн гэсэн дүр төрхтэй оролцогч байх боломжтой. Дэлхийгээс 54 сая, 600 километрийн цаана байгаа Марс гарагийг эзэмшихийн тулд дэлхийн орнууд нөөцөө хамтатгаж ашиглах ёстой. Марс руу явах технологийн өрсөлдөөн аль хэдийн дэлхий даяар өрнөж байна. Харин хүний нөөцийг нь бэлтгэх, сургалтын орчинг бүрдүүлж өгөх нь манай төслийн гол зорилго юм.
- Төслийн албан ёсны нэр нь юу вэ?
- MARS-V гэдэг нэртэй. “Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. Мөн “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гэсэн агуулгыг илтгэж байгаа юм.
- Тийм ч олон хүнд сансарын өөр нэгэн гарагийг ашиглах төслийн санаа орж ирэхгүй шүү дээ. Энэ төслийг санаачлах болсон шалтгаан тань юу вэ?
Нэгдүгээрт, миний мөрөөдөл. Багаасаа л сонин хачин, тэр дундаа шинжлэх ухаанаар нууц нь тайлагдаагүй зүйлүүдийг сонирхдог байлаа. Хоёрдугаарт, манай багт байгаа мэргэжлийн хүмүүсийн эрмэлзэл. Гуравдугаарт, одоогийн бодит байдал. Дэлхий нийтийн хөгжиж байгаа чиг хандлагад манай улс ямар оролцоотой байх вэ, бидний давуу ба сул тал юу вэ гэдэг асуултын хариулт нь энэ төсөл болж байгаа юм. Сул талаа давуу тал болгох боломж бол энэ төсөл.
- Төсөл хэр удаан үргэлжлэх вэ. Эхний бодит үр дүн хэзээнээс нүдэнд харагдаж эхлэх вэ?
- Төсөлтэй холбоотой нарийн зүйлүүдийг одоо хэлэхэд эрт байна. Учир нь одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа. Хэтэрхий эрт хүмүүст олон мэдээлэл зарлачихвал нууцлалын болон зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөнө. Гэхдээ урьдчилсан байдлаар хамгийн эцсийн хугацаа нь 2030 он гэхэд хүн төрөлхтөн Марс руу хүмүүсээ, хөлөгтэй нь хамт илгээнэ. Тэрнээс наана бодит үр дүнгүүд гарч ирнэ гэж тооцож байгаа.
- Хүний төсөөлөлд тийм ч амархан багтдаггүй технологийн төсөл бичээд, үр дүнг нь үзээгүй яваа олон хүн байгаа байх л даа. Хэрэв тийм залуу таныг зорьж очвол та юу гэж зөвлөх вэ?
- Хуучин уламжлалт бизнесийн ойлголтонд бол “Том компани хүчтэй” гэдэг үг үйлчилдэг байсан. Одоо бол бизнест “Хурдан бол хүчтэй” гэсэн хууль үйлчилж байна. Тэгэхээр хүний тоо их, бага гэхээс илүүтэй алсын хараа, зорилго нь тодорхой, бизнес модель нь тодорхой, нийгэмд үзүүлэх үр ашиг нь тодорхой бол заавал урт хугацаа туулах албагүй. Мөн заавал алдаж, дампуурах ч алба байхгүй. Шинэ дүрэм үйлчилж эхэлсэн цаг учраас тууштай бай гэж хэлнэ.
- Одоо шинээр эхэлбэл уналтад орж магадгүй, эсвэл амжилт олох магадлал нь бага гэж дүгнэхээр бизнесийн санаа бий юу?
- Одоо үед бол уламжлалт бизнесээс илүү цахим, хялбар, хүртээмжтэй модель дээр суурилсан бизнесүүд амжилт олно гэж үзэж байна. Хуучных шиг хүнд, нүсэр дэд бүтэцтэй санаанууд ашиг олоход маш хэцүү. Ялангуяа, уул уурхайн салбар улам бүрхэг болж эхэлнэ. Яагаад вэ гэвэл ирээдүйд сэргээгдэх эрчим хүчнээс эхлээд олон төрлийн эх сурвалж бий болно. Манай улс шиг хөгжил буурай, бага эдийн засагтай орны хувьд эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбартайгаа хэр удаан ноцолдох нь ойлгомжтой. Тэгэхээр эдийн засагт байгаа уул уурхайн орон зайг бага багаар бууруулж, илүү мэдлэгт тулгуурласан, шинэ санаан дээр өндийсөн бизнес рүү чиглэх ёстой. Хүний эхлүүлээд, авч яваа бизнесийг “наадах чинь ашиггүй” гэж хэлж болохгүй. Би бизнесийн хангалттай туршлагатай хүн биш л дээ. Гэхдээ хүн төрөлхтний явж байгаа зүгийг баримжаалж, сэргэг явах хэрэгтэй. Ялангуяа програм хангамжийн зах зээл, мэдээллийн технологийн талбар монгол хүн бүрт нээлттэй байгаа. Монгол зарим улсыг бодвол харьцангуй боломжийн үнээр интернет хэрэглэдэг учраас шүү дээ. Дээр нь залуу үе хамаагүй илүү потенциалтай нь нотлогдож байна.
- Таны бодлоор олон улсын жишигт нийцсэн, ямар ч байгууллага дээр очсон гологдохооргүй төсөл бичихийн тулд ямар зарчим баримлах ёстой вэ?
- Хоёр арга зам байна. Нэг нь олон улсын жишигт нийцсэн стандартад бүрэн нийцэхийн төлөө хичээх. Нөгөөдөх нь, олон улсын стандартад нийцэхээс илүү шинэ замыг (стандарт) бүтээх. Хоёр дахь нь галзуу санаан дээр босч ирнэ. Өөрөөр хэлбэл байгаа дүрмээр явах уу, шинэ дүрэм зохиох уу гэдэг нь хувь хүний бас багийн сонголтын асуудал. Манай төслийн хувьд бол огт байхгүй замаар явж байгаа. Дүрмийг шинээр зохиож, “тулгаж” явж байгаа гэсэн үг. Монголд байгаа бизнесийн орчинд бол байгаа дүрмээр явах нь хугацаа алдах эрсдэлтэй. Тиймээс огт байхгүй дүрмийг шинээр зохиож чадах нь чухал. Энэ нь олон улсын стандартаас давсан шалгуурыг өөртөө агуул гэсэн санаа. Сансрын бизнесийн талбар ч гэсэн яг ийм. Шинээр хөгжиж байгаа учраас уламжлалт бизнесийн модель дүрмээс илүү цоо шинэ санааг гаргаж ирэх нь чухал. Ерөнхийд нь багцалж хэлье. Нэгдүгээрт, төслийн зорилго асар тодорхой байх ёстой. Хоёрдугаарт, шинжлэх ухааны хувьд үнэ цэнэтэй, тодорхой аргументтай байх ёстой. Гуравдугаарт, бизнес модель буюу ашиг орлого олох консепц нь шударга, эрүүл, байгаль орчинд ээлтэй, хөгжилд эерэг үр өгөөж өгсөн байх ёстой. Дөрөвдүгээрт, ямар нэгэн эдийн засгийн хямрал, цаг хугацаа, орчин, орон зайн хэлбэлзлээс хамаарч нуран унах ёсгүй. Харьцангуй тогтвортой байх ёстой. Нэмж хэлэхэд, манайх шиг жижиг орны хувьд бизнес нь улстөрийн тогтвортой байдалтай шууд уялдана. Тиймээс цавчаа, цохионд өртөхөөргүй, төрөөс хол найдвартай байх хэрэгтэй. Ер нь бол галзуу санаа супер төсөл болохын тулд сдандарт замналыг үл хэрэгсэж, шинэ дүрмийг зах зээлд тулгах ёстой. MARS-V бол тийм галзуу төсөл байж чадна.
- Яг эдгээр шаардлагуудыг хангаж, амжилттай хэрэгжсэн төсөл Монголд байгаа юу?
- Тун ховор. Миний хэлж байгаа эдгээр шаардлага бол мэдлэгийн зах зээлийг онилж хэлж байгаа юм. Харин манай мэдлэгийн зах зээлийн бизнесүүд одоо дөнгөж гарааны бизнесийн төвшинд байна. Энэ бизнесүүдийг мундаг гэж хэлэхийн тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Нийгэмд өгч байгаа үр өгөөжийг нь харах хугацаа шаардлагатай.
- Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа, Амжилт хүсье.
М.ДЭЛГЭРЭХ
Bataar.mn