Цар тахлын үед төр засгаас нийт 11 арга хэмжээг хэрэгжүүлнэ
Шинэ коронавирусний цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгийг идэвхжүүлэх, банкны реформ хийх чиглэлээр УИХ-аас хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.04.10/ мэдээлэв.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд арга хэмжээ УИХ-ын хаврын чуулганыг энэ долоо хоногт нээж өчигдөр онцгой горимд шуурхай ажиллах чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баталсныг тэрбээр онцлов. Үүний зэрэгцээ Засгийн газар болон ажлын багийн боловсруулсан Эдийн засгийг идэвхжүүлэх долоон багц арга хэмжээний төслийг мөн баталсныг тэмдэглэлээ. Үүнээс гадна цар тахлын эсрэг нэмж 5 арга хэмжээ авахаар төлөвлөн ажлын багууд гарч судалгаа, тооцоо, төслөө боловсруулж байгааг мэдээллийн эхэнд тодотгов. Ингэснээр, цар тахлын үед төр засгаас нийт 11 арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
УИХ-аас шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого боловсруулж ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 15-наас шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр хямдруулна гэдгийг мэдэгдэв. Үүнд 600 орчим тэрбум төгрөгийн импортыг хэмнэхээр ОХУ-ын нефть экспортлогч компанитай гэрээ байгуулсан гэлээ.
Мөн банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэхээр төлөвлөжээ. Ингэхдээ, банкны өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр олгосон 500 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүүг гурван сарын хугацаанд хөнгөлөх шийдэл гаргаж Монголбанк, Засгийн газарт чиглэл болгожээ. Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай байгууллагын ажилчдад тусгай нөхцөлөөр ипотекийн зээлд хамруулах санхүүжилтийн төлөвлөгөө гаргахыг Монголбанканд даалгажээ. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж тооцсон байна.
Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зургаан сараар хүү хуримтлуулахгүй хойшлуулахаар болжээ. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ, хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан ч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн хүүгийн хоёр нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс хариуцаж болно гэж заалт оруулсан байна.
Нэг зээлдэгчдэд гаргах батлан даалтын хязгаарыг багасгах чиглэл гаргаж байна. Ингэснээр, жижиг, дунд бизнес эрхлэгдэд зээл авах боломжийг нэмэгдүүэх юм. Үүнд зээлийн батлан даалтын сангаас 1.2 их наяд төгрөгийн баталгаа гаргана хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов.
Цорын ганц өсөлттэй бүтээгдэхүүн бол алт байна. Тиймээс Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлж валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах бололцоотой гэж үзжээ. Ингэхдээ, алт олборлогчдод хөнгөлөлттэй санхүүжилт олгох, эх үүсвэрийг нь зээлийн болон бусад хэлцлээр гадаад дотоодын зах зээлээс бүрдүүлэх аж. Энэ чиглэлээр шийдвэр гаргах бүрэн эрхийг Монголбанканд олгох зохицуулалтыг Төв банкны хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгажээ.
Мөн УЕП, АТГ, Банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан ажлын баг байгуулж татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж эмнэлэг, сургууль, улсын хэрэгцээнд ашиглахаар болсныг тэмдэглэв.
ББСБ-уудын ажлыг эмх цэгцтэй, нээлттэй, хариуцлагатай болгох зорилгоор цахим үйлчилгээг дэмжихээр болж байна. Мөн зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор, Мөнгө хүүлэлтийг эсрэг хуулийг өргөн барьж хэлэлцүүлэхээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын багт даалгажээ. Өөрөөр хэлбэл, ломбард, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ хэт их хүү тогтоон мөнгө хүүлж байгааг хязгаарлах юм. Ингэхдээ, зах зээлийн зарчимд тулгуурласан, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын туршлагад үндэслэж байгаа гэдгийг УИХ-ын дарга тайлбарлав.
Банк, төрийн үйлчилгээг эрчимтэй цахимд шилжүүлэхтэй холбоотой төслийг боловсруулж, УИХ-аар батлуулахыг ХХЗХ, ХХМТГ-т үүрэг болгосон байна. Оюутан, сурагчдад зориулсан тусгай цахим шугам нээж үнэ төлбөргүй хичээлээ үзэх боломжоор хангахын сацуу эрүүл ахуйн стандарт хангасан хүргэлтийн үйлчилгээ, онлайн худалдааг идэвхжүүлэх ажил өрнүүлэхийг үүрэг болгожээ.
Монголбанкны бодлогын хүүг нэг хувиар дахин багасгаж 9 хувь болгож байгааг мэдээлийн үеэр онцоллоо. Банкны шинэчлэл хийснээр, ил тод, нээлттэй, цахимжсан банкны системтэй болохыг тэмдэглэв. Тус салбарт эрх зүйн шинэчлэл хийх замаар тогтмол зээлийн хүүг багасгана гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцлов. Тэрбээр Банкны шинэчлэл хийх УИХ-ын ажлын багийг ахалж байгаа юм.
Дээрх чиглэлийг нэгтгэн Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулах ажлыг багийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан ажилуулж байгааг тэмдэглээд, тус хуулиар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэхээр болсныг дуулгав. Мөн тус хуульд, амны хаалт заавал зүүх гэх зэрэг заалтыг тусгасныг тодотгов. Түүнчлэн олноороо хоригдож байгаа хоригдлуудын эрсдэлийг тооцож, хөнгөн ялтай хоригдлыг суллах эсэх талаар хуулийн төсөлд тусгахаар судалж байгааг тэмдэглэв. Эл хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
"СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ баталсан. Тус тогтоолоор, хувийн аж ахуйн нэгжүүдийн ажилтны орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 30 хүртэл зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр болсныг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэв. Мөн энэ хугацаанд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөхийн зэрэгцээ хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сард 50 хувь болон түүнээс илүү багассан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор тусгажээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд төрийн албан хаагчид хамрагдахгүй. Учир нь орлогын эх үүсвэр нь доголдоогүй гэлээ. Харин өөрөө төсвөө бүрдүүлэн ажилладаг төрийн өмчит их, дээд сургуулийн ажилчдад дээрх хөнгөлөлт хамаарахаар болсныг онцоллоо.