УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин баталлаа.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Хэлэлцээрийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Нүүрсний экспортыг сайжруулах зорилгоор УИХ-ын 58 дугаар тогтоолыг баталж, хил холболтын төмөр зам оруулж ирснийг дэмжиж байгаа. Энэ дотор автозамын холболтын асуудлыг 11 дүгээр зүйл болгож оруулж ирсэн. Ховд аймгийн Булган боомтын 126, 127 дугаар хилийн шугамаар шинэ гарц нээх, Байтагийн боомтыг байнгын болгох ийм заалт оруулж ирсэн. Хил холболтын төмөр замаар говийн бүсийн Шивээхүрэн, Хангимандал, Гашуунсухайтын төмөр замын холболтын асуудал, зүүн бүсийн Бичигт боомтын төмөр замын холболтын асуудлыг шийдвэрлэж байгаа. Нүүрсийг төмөр замар экспортлох тухай асуудал байгаа. Энд яагаад автозамын асуудлыг оруулсан бэ гэхээр баруун бүсийг хамт хөгжүүлэх л гэсэн.
Баруун бүсийн боомт байнгын болох юм бол Хөшөөт дээр байгаа 2 компани 10 сая тонн нүүрс экспортлох, Хотгор, Тарвагатай зэрэг нүүрсний уурхайнууд экспорт хийнэ. Увс, Баян-Өлгий аймагт гурав, дөрвөн төмрийн хүдрийн компаниуд бий. Эдгээр компаниуд мөн экспорт хийх бололцоотой болно.
Өнөөдрийн байгаа байдлаар Булганы боомтоор 200 машин гарч байгаа. Гэтэл тэндхийн гаалийн дарга нь “Танай компани 120 машин гарга, танайх 40 машин гарга” гээд зогсож байна. Энэн дээр арга хэмжээ авах хэрэгтэй.
11 дүгээр заалтын хүрээнд туссан асуудлаар Хөгжил шинэтгэлийн хороотой ямар асуудал хэлэлцсэн бэ. Хэзээ нээгдэх вэ.
ОХУ баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг маш их сонирхож байгаа. Новосибирскээс Ташкентын хил хүртэлх 898 км замын хүчитгэх, хүнд даацын болгох дээр концессын гэрээ зарласан. Цагааннуурын боомтоос Байтагийн зам хүнд даацынх биш учраас уул уурхайн тээвэр хийхэд хүнд байгаа. Цаашдаа бид босоо тэнхлэгийн автозамыг хүнд тээврийн автозам болгох ажлыг хийх хэрэгтэй. Ингэж байж бид БНХАУ болон ОХУ-тай тээвэр хийх боломжтой болно?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан. Энэ бол Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм.
Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Энэ үеэр хэлэлцээрээр Хөгжил шинэтгэлийн хороон дээр боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлсэн тухай проткол үлдэж байгаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг.
Шивээхүрэн боомт бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Шивээхүрэн боомтыг холбосны дараа автозамаар холбогдвол баруун босоо тэнхлэг болж байгаа. Шивээхүрэнгийн дараа Бичигт. Бичигт мөн экспортоо 10 сая тонноор нэмэгдүүлэх болможтой. Бичигтийг Эрээнцавтай холбочихвол зүүн бүсийн коридор болно. Үүний дараа тав дахь боомт бол Ханги. Энэ мэтчлэн бусад боомтыг ээлж дараалан ярих боломжтой. УИХ-аас өнөөдөр Гашуунсухайт -Ганц мод боомтын хэлэлцээрийг соёрхон бталснаар Шивээхүрэнтэй албан ёсны хэлэлцээр хийх боломж энэ протколоор нээгдэж байгаа. Шивээхүрэнгээ нээчихвэл Бичигт, Бичигтээ нээчихвэл Ханги. Үүний дараа бусад боомтуудын боломжит хувилбар буюу ТЭЗҮ дээр ажиллах боломжтой болно. Өнөөдрийн хэлэлцээр бол 70 жилийн дараа батлагдах хоёр дахь түүхэн үйл явдал юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Нүүрсний үнэ унасан шалтгаан нь УИХ-аар энэ гэрээг соёрхон батлахтай холбогдуулж, зориуд бууруулсан юм байна гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл та бүхэн гэрээндээ нүүрсний анхны үнээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнөх өдрийн ханшаар тооцно гээд оруулчихсан. Манай нүүрсний үнэ оргил үедээ хэд байлаа, өнөөдөр хэд болсон бэ. Цаад тал энийг хараад оны өмнө нүүрсний үнийг зориудаар буулгаж байгаад хэлэлцээрийг соёрхон батлах энэ хугацаанд анхны үнээ хямдаар тооцох бизнесийн ухаан гаргасан юм уу гэж хараад байна. Энэний зөрүүнд бид ямар алдагдал хүлээх эрсдэл хүлээж байна вэ. Оны өмнө өгч байсан үнээрээ нүүрсний үнийг тооцвол энэ хооронд ямар алдагдал хүлээхээр байна вэ.
Нүүрс тээврийн жолооч нарын асуудал яригдахгүй байна, цаашдаа яах вэ. Ар гэрээсээ хол маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа. 1.9 жилийн дараа ажилгүй болох юм байна гэж харж байгаа.
Төмөр зам ашиглалтад орсноор өмчлөл нь хэнийх болох вэ, цаашдаа хэн ашиглалтыг хариуцаж явах вэ.
15 жилийн өмнө төмөр замыг ашиглалтад оруулсан бол Монгол Улсын эдийн засагт говийн бүсийн экологид гээд олон талын давуу байдал ашигтай байдлыг хүртэх боломж байсан. Төмөр замыг гацаасан хүн нь чимээгүйхэн сууж байгаад хариуцлагаас мултрах нь?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Хэлэлцээрийн 4 дүгээр заалтад өчигдрийн үнэ, өмнөх өдрийн үнэ гэсэн өгүүлбэр байхгүй. Тавантолгойгоос олборлогдсон нүүрс хоёр замаар зарагдаж байгаа. Нэг нь биржээр арилжаалагдсан байгаа үнэ, өмнө нь урт хугацаатай байгуулсан дөрвөн гэрээний нүүрсийг өгөх үнэ гэсэн байдлаар явагдаж байгаа. Энэ гэрээнүүдийн хамгийн сүүлд баталгаажсан үнэ дээр + сонгогдсон индексийн тохируулгыг ашиглаж энэ үнэ бүрдэнэ гэж ойлгож болно. Тогтвортой хийгдсэн дөрвөн гэрээний үнэд тээвэрлэлтийн зардал ороогүй үнэ байгаа. Биржээр арилжаалагдсан үнэд Хятадын талын боомтод аваачиж хүргэх өгөх үнэ орсон байгаа. Тээвэрлэлтийн үнэ ороогүй нүүрсний үнэ хараад зарим нь “хямд үнээр нүүрсээ борлуулж байгаа юм байна” гэдэг. Биржээр зарж байгаа нүүрсний үнэ коксжих нүүрсэн дээр 91 ам доллар байна, өмнө нь 120 ам.доллар байсан. Улсын төсөвт үнийг 105 ам.доллараар тооцсон. Нүүрсний үнэ өнөөдрийн байдлаар дундаж нь 80 ам.доллар байна.
Мөн энэ үнэ бол дэлхийн худалдааны дайн, Трамп тарифтай холбоотойгоор БНХАУ -ын экспортын гангийн бууралттай холбоотой үнийн уналт. Манай Гашуунсухайт,-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээртэй холбоотой үнийн уналт биш.
БНХАУ жилдээ 4 тэрбум тонн орчим нүүсний хэрэглээтэй улс. Манайхаас импортолж байгаа 80 сая тонн нүүрс бол бол хэрэглээнийх нь ердөө 2 хон хувь. Манайхтай гэрээ байгуулахад зориулаад бусад үнээ унагана гэдэг ойлголт байхгүй.
Мөн анхны үнэ гэдэг бол хөдөлдөг үнэ. Хөдөлгөөнгүйгээр тогтоочихсон үнэ биш. Олон улсын практикт нүүрсний худалдааны гэрээг урт хугацаатай тогтвортой байдлаар хийдэг. Урт хугацааны нүүрсний гэрээний үнэ өнөөдөр биржийн үнээс өндөр байгаа.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Нүүрсний автомашины тээвэр цаашид ч үргэлжилж хийгдэнэ. Засгийн газраас байгуулагдсан экспортыг сайжруулах ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Гашуунсухайтад ажилласан. Жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд анхаарч Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Хайрхан багт суурьшлын бүс байгуулахаар ажиллаж байна. Тэнд ажиллаж амьдарч байгаа уурхайн ажилчдаас эхлээд төмөр замын ажилчид, жолооч нарыг орон сууцжуулах, цэцэрлэг, эмнэлэгтэй болгох. Энэ онд мөнгө гаргаад хамгийн түрүүнд эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Сангийн сайд хэлсэн.
Тавантолгойн төмөр зам барих төсөв дотор Тавантолгойн төмөр замын ажилчдын байрыг барих 17 сая ам.доллар байгаа. Төмөр замын ажилчдын байрыг барьж сууршлын бүс бий болгоно.
Төмөр замын өмчлөл нь “Тавантолгой төмөр зам” компанид байна. Ашиглалтыг нь, менежментийг нь, ачаа тээвэр зэргийг “Монголын төмөр зам” компани хариуцна. Энд ажиллаж амьдарч байгаа бүх л хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз хэнд хамаарагддаг юм бэ. Гурвалсан гэрээгээр Эрдэнэс Тавантолгой компанийн 40 хувь гэж ойлгоод байгаа хоёр толгойг Хятадын төрийн өмчит “Чайна энержи”-д шилжүүлэх юм байна гэж ойлголоо зөв үү. Хятадын төрийн өмчит компани нь нүүрсийг өөрөө олборлоод өөрөө төмөр замаар тээвэрлээд ашиглаад явна гэж ойлгосон зөв үү. Нэг компани эхнээс нь дуустал хийх нь зөв үү, судалгаа хийсэн үү. Аль болох сайжруулж л байвал сайн байна.
Хувийн хэвшлүүдээ буруутгаад ийм ойлголтыг нийгэмд суулгаж болохгүй. Буруутай бол төр засаг л буруутай, компани буруугүй шүү. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчраагүй бол ковидын үеийг даваа ч үү. Тэрбум долларын борлуулалт хийсэн, олон улсын зах зээл дээр гарсан компани бий болж байна, ингэж ажиллах ёстой. УИХ Засгийн газар дэмжиж байх ёстой. Санаа бодлыг нь сонсъё?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-2014 оны ярьж байсан гэрээнээсээ юугаараа ялгаатай вэ гэж. Таны хэлдэг үнэн, өргөн нарийн цариг хил холбох зорилгоор харилцан хил давж болно гэж. Ийм агуулга дээр тохиролцож зөвшилцөж чадсанаар өргөн нарийн царигтай холбоотой маргаан эцэслэгдэж, бусад боомтууд дээр ч энэ агуулгаар явна гэж тохирсон.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз тус компани дээрээ л байна. Төмөр зам тавьчихвал олборлох нүүрсний тогтвортой байдлыг Монголын тал хангана.
Урьд нь бол “Эрдэнэс Тавантолгой”- той холбоотой лицензийг зайлшгүй хувийн хэвшилд шилжүүлэх нь зүйтэй гэдэг хэлэлцэл хийгдэж байсан. Үүнээс болж маргаан үүсч байсан, энийг та мэднэ.
Энэ маргаан маань эцэслэгдэж байгаа. Гурав дахь дөрөв дах талууд оролцсон байсан, та мэдэж байгаа. УИХ- аар оруулсан уу, Засгийн газар тогтоол гаргах ёстой байсан зүйл дээр Ерөнхий сайдын захирамж, эсвэл тэмдэглэлээр эрх хэмжээгээ хэтрүүлсэн үү гэдэг зүйлийг л нягталж байгаа. Нягтлах ч ёстой. Ийм л зүйл байгаа шүү. Том ч сэдэв юм, энэ асуудал. Олон ч янзын өнцгөөс олон тайлбар явах шиг боллоо. Нөлөөтэй толины тусгалаар янз бүрийн өнцгөөс энэ байр сууриуд гуйвсан байхыг үгүйсгэхгүй.
Юутай ч бид том мэтгэлцээний ард Монгол Улсын парламент, улстөрчид гурав дахь хөрштэйгээ, хөрш оронтойгоо нэгдсэн ойлолголцод хүрч чадсан сайн жишээ болж байгаа. Цаашдаа Шивээхүрэн болон бусад боомтууд гурван улсын эдийн засгийн төмөр замын коридор болсон төслүүдээ хурдтай явуулахын төлөө Засгийн газар бүх чадлаараа хичээж ажиллана.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн үг хэлэв. Тэрбээр "Санал хураалтыг дэмжиж өгөхийг хүсээд, өмнөх цаг хугацаанд талархаж байгаагаа хэлье.
Түрүүн би хэлсэн, өнөөдөр бид хэнийг ч зөвтгөх, хэнийг ч буруутгах гэхээс илүү асуудлаа шийдэх нь Монгол Улсын эрх ашиг.
Урт хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлэлцээрт орж ажилласан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлэхийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид, үе үеийн Аюулгүйн зөвлөлийн гишүүд, УИХ-ын дарга болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-д суудалтай намууд, ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Маш олон талаас нь шүүн ярилцсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг илүү их мэдээлэлтэй болж чадсан байна. Чадах бүх талаараа УИХ, Засгийн газар хичээсэн, зөвшилцсөн, ийм хэлэлцээр болж чадаж байна. Хамтарсан Засгийн газрын хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ажиллая гэсэн 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн эдийн засгийн хувьд хамгийн чухал төсөл” хэмээсэн юм.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14:30 цагаас үргэлжилнэ.