Завхан аймаг өвөлжилт хаваржилтад багагүй хөрөнгө зарцуулж байна

оруулсан Алсын Хараа

Завхан аймгийн 24 сумын мал аж ахуйн хаваржилтын мэдээллийг аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газраас сэтгүүлчдэд өглөө. Завхан аймгийн 24 сумын 116 багийн 9.0 мянган малчин өрхийн хотонд 3,8 сая толгой мал хаваржиж байна. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу зудыг үнэлэх шалгуураар үнэлж эрсдэлийг тооцож үзэхэд Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс сумууд нэн хүнд, Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумын хойд, зүүн хойд хэсэг буюу Дархан-Уул, Нуур багууд, Тэлмэн, Түдэвтэй сумуудын нутаг дэвсгэр цагаан  зудтай үнэлэгджээ. Харин Сонгино, Цэцэн-Уул, Завханмандал, Эрдэнэхайрхан сумууд цагаанаар зудархуу байсан бол  2020 оны 2 дугаар сарын 23-25, 28-29-ны өдрүүдэд орсон цасны улмаас хаваржилтын нөхцөл байдал зарим сумдад нэмж хүндрэл үүсэж Цагаан зудтайд Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут сумууд  нэмэгдсэн байгаа.

Отроор яваа зарим малчид мал төллөлт дуусахаар ирнэ гэжээ

Завханы Тосонцэнгэл, Их уул, Отгон сумдын 199 өрхийн 288 хүн, 87.1 мянган толгой мал хөрш Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн 10 сумын нутагт отроор өвөлжиж, хаваржиж байна. Одоогийн байдлаар Отгон сумын адууны отор нутагтаа ирсэн Тосонцэнгэл, Их-Уул сумаас Хөвсгөл, Архангай, Баянхонгорт байсан отрын өрх, малын дийлэнх хэсэг  нутаг руугаа  нүүж байна. Мал нь төллөж байгаа зарим өрхүүд тухайн аймгийн сумдад хаваржиж байна. Өнөөдрийн байдлаар гадна аймаг, сум болон өөрийн аймгийн сумдад отроор өвөлжсөн мал, малчдын нүүдэл ид хийгдэж байгаа.

Энэ сарын 10 -аас хойш цаг агаар дулаарна

Завхан аймагт дөрөвдүгээр сар гарснаар цаг агаар харьцангуй дулаарч цас суух, хайлах үзэгдэл эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Баянтэс сум 26 см, Тэс сум 14 см, Баянхайрхан, Түдэвтэй сумдын нутаг 8-10 см цастай байна. Өвөлжилт, хаваржилт нэн хүнд, цагаан болон цагаанаар зудархуу байгаа сумдад цас одоо л хайлж байна. Учир нь манай аймагт 10,  11,  12, 2 дугаар  саруудад олон жилийн дунджаас ахиу цас орсон. Аймгийн нийт нутгаар анх цас орсон хугацаанаас хойш, гуравдугаар сарын 25-ний байдлаар их бага хэмжээний  13-51 удаагийн оролтоор 9.2-69.9 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Тосонцэнгэл 69.9 мм, Их-Уул 63.1 мм, Баянтэс 50.2 мм, Цагаанхайрхан 45.8 мм  тунадас орсон. Харин Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй,  Тосонцэнгэл, Их-Уул сумдад гуравдугаар сарын сүүлчийн арав хоногт тал газраа 40-70 см, гуу жалгандаа 80-150 см зузаан цастай байсан. Харин энэ сард нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орсон. Энэ сарын 8-09-ний шөнө төв болон Хангайн уулсаар, 11-12-ны шөнө нутгийн баруун хойд, хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Идэр, Тэс, Буянт, Завхан голын хөндий болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан. Нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Энэ сарын 10-аас нийт нутгаар дулаарна гэж аймгийн Ус Цаг Уур Орчин шинжилгээний газраас бидэнд мэдээлсэн байгаа. Энэ сарын 10-наас цаг агаар дулаарч эхэлбэл хаваржилт, мал төллөлтөд эерэг байх болов уу гэлээ.

Малчдад үзүүлсэн тусламж дэмжлэг багагүй байгаа

Завхан аймгийн малчид, мал бүхий иргэд 16,8 мянган тонн байгалийн хадлан, 2344,2 мянган тонн ногоон тэжээл, 283,5  тонн гар тэжээлийг өнгөрсөн намар бэлтгэсэн. Ингээд 11 дүгээр сард сумдын нөөцийг, 12 дугаар сард   аймгийн нөөцийн өвс, тэжээлийг 50 хувийн хямдралтай  үнээр малчдад хуваарилан өгч дууссан. Он гарсаар нэгдүгээр сард улсын нөөцийн өвс 883 тонныг үнэгүй, тэжээл 900 тонныг 50 хувийн хямдралтай үнээр олгож дууссан байна. Аймгийн онцгой комиссоос Баян-Өлгий аймагтай тохиролцсоны дагуу 4,0 мянган боодол өвсийг  тээвэрлэлтийн зардлыг нь аймгийн ЗДТГ дааж, нэг боодол өвсний газар дээрх  үнэ болох 5,0 мянган төгрөгөөр малчдад хүргэсэн байгаа. Мөн туулах чадвар өндөртэй таван автомашиныг Зэвсэгт хүчний жанжин штабтай ярьж тохиролцсоны дагуу Их-Уул, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг сумдад ажиллуулсан.

Эдгээр автомашинуудаар малчдад өвс, тэжээл хүргүүлэх, цасанд боогдсон зам давааг нээх, мал бэлчээрлэхэд зориулж дальпуу татах ажлыг хийсэн. Мөн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс цагаан зудтай найман суманд хивэг 45,1 тонн, өвс 25,4 тонныг малчдад хүргүүлсэн байгаа. Түүнчлэн өвс, тэжээл тээвэрлэх, зам даваа онгойлгоход зориулж 9,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гээд малчдад үзүүлсэн тусламж дэмжлэг багагүй байна.

Аймгийн Засаг даргын нөөц сангаас 280 сая төгрөгийг зарцуулсан

Завхан аймагт өнөөдрийн байдлаар зах зээлийн үнээр нэг боодол өвс 8-11,5 мянган төгрөг байна. Харин 25 кг-аар савласан  хивэг 13-14,2 мянган төгрөгийн үнэтэй сумдад борлогджээ. Иргэд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хүндрэлтэй нөхцөл байдалд малчдад дэм болох зорилгоор өвс, тэжээлийг харьцангуй хямд үнээр борлуулах санаачилга гарган ажиллаж байгаа. Тухайлбал Тосонцэнгэл сумын “Жанчив симба” хөрөө рам, Баян-өлгий аймгаас ногоон өвс 1000 боодлыг авчирч 6,0 мянган төгрөгөөр борлуулсан. Харин иргэн Том /Америк/ Улаанбаатар хотоос 30 тонн хивэг авчирч нэг малчин өрхөд таван уутаар тооцон нэг уутыг 10,0 мянган төгрөгөөр худалдсан байна. Аймгийн Засаг даргын нөөц сангаас 280,0 сая төгрөг гаргаж тэжээлийн тээвэр 72,0 сая төгрөг, сум хооронд, сумаас баг хоорондын дальпуу татахад 31,0 сая төгрөгийг зарцуулжээ. Туулах чадвар өндөртэй машины шатахуунд гэхэд 19,0 сая  төгрөг, улсын болон орон нутгийн зам даваа онгойлгоход зориулж Завхан АЗЗА компани, Пирамид проект компаниудын тээврийн зардалд нь зарцуулсан гээд аймгаас өвөлжилт хаваржилтын хүнд нөхцөлд тодорхой тооны төсөв хөрөнгийг гаргаж зарцуулсан байна.

Малчдад шаардлагатай малын эм бэлдмэлийг хүргүүлсэн

Завхан аймаг өнөөдрийн байдлаар цас ихтэй Баянтэс, Тэс сум хооронд 60 км, Баянтэс сумын  баг хооронд 540 км замд дальпуу татсан байна. Мөн Асгат сумын баг хооронд 530 км, Баянхайрхан сумын баг хооронд 100 км, Их-Уул суманд баг хооронд 900 гаруй км замд дальпуу татаж, цас арилган зам гаргах, малчдад өвс тэжээл хүргэх, отрын айлуудын малын нүүдэл хийсэн байна. Сумдын захиалга санал хүсэлтийн дагуу Улсын онцгой комисст хандаж өвс 597 тонн, тэжээл 460 тонн нэмж шаардлагатай байгааг албан бичгээр хүргүүлээд байгаа. Монгол Улсын Засгийн газрын 419 дүгээр тогтоолоор хуваарилагдан ирсэн малын эм, био бэлдмэлийг сумдад хуваарилж өглөө. Тухайлбал тарга бэлдмэл 104.4 литр, шингэн хоромхон 60 литр, шидэт эм 144.8 литр, бадглюмицетин 20 кг, асклю-ол 30 литрийг Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Идэр, Тосонцэнгэл, Их-Уул сумдын малчдад хүргүүлжээ. Харин Тосонцэнгэл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс сумын 430 малчин өрхөд  малын эм бэлдмэл тусламжаар өгснийг хүргүүлсэн байна. Тухайлбал нэг өрхөд  ивомек   силевит, биовит, глюкоз бүхий тус бүр нэг ширхгийг, 35 мянган төгрөгийн эм бэлдмэлийн багцийг өгчээ. Эдгээр эм бэлдмэлийг малчдад хүргэхэд зориулж хөдөөгийн таван баг тус бүрд 500,0 мянган төгрөг, сумын ЗДТГ-т зам харгуй гаргахад зориулж 500,0 мянган төгрөгийг тус тус хандивласан байна.

Малчин бүртэй утсаар ярьж санал хүсэлтийг нь сонсож байгаа

Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад малын хорогдол гарсаар байна. Өнөөдрийн байдлаар 45,6 мянган мал хорогдоод байна. Үүний дотор тэмээ дөрөв, адуу 2331, үхэр 3203, хонь 22306, ямаа 17760 хорогдсон байна. Их-уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Түдэвтэй, Баянтэс зэрэг сумдад малын хорогдол илүүтэй гарсан бөгөөд сэг зэм устгах ажил давхар хийгдэж байгаа. Аймгийн хэмжээнд төллөх эх малын 25 хувь буюу 401,6 мянган эх мал төллөжээ. Үүнээс 383,7 мянган төл мэнд бойжиж, төл бойжилт аймгийн хэмжээнд 98.0 хувьтай байна. Завхан аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын мэргэжилтнүүд сумдыг хуваарилан авч долоо хоногийн лхагва гариг бүрийг малчдаа, сонсох өдөр болгож  24 сумын 298 малчинтай ганцаарчлан утсаар холбогджээ. Бид малчин бүрийн санал, хүсэлтийг сонсож, мал хаваржилт, мал төлөлт, цаг үеийн ажлын мэдээлэл солилцож сэтгэлийн дэм өгч ажиллаж байгаа хэмээн аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Завхан/МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих