Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болж, хурлаас гаргасан шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Агаарын бохирдлыг бууруулахаар Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулж, Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг өгөв. Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн 2500 төрийн алба хаагч айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх болно. Мөн Эрчим хүч болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад агаарын бохирдлыг бууруулах дунд, урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж танилцуулна. Сайжруулсан шахмал түлшинд хөндлөнгийн буюу гадаадын лабораториор шинжилгээ хийлгэж, үр дүнг УОК-т танилцуулах хугацаатай үүрэг өглөө” гэв.
Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал, “Агаарын чанарын гол үзүүлэлтээр зургаан үндсэн элементийг хэмжиж байгаа. 2019-2020 онд үзүүлэлтүүд нэлээд буурч, хүхэрлэг хий өссөн. Харин 2021 оноос хойш хүхэрлэг хийн үзүүлэлт буурсан. Өнгөрсөн жилийн 11, 12 дугаар сард салхи ихтэй байсан учир агаарын бохирдол харьцангуй бага байлаа. Энэ жилийн 11 дүгээр сард агаарын бохирдол хүлцэх хэмжээнд ойролцоо байсан. Харин энэ сараас хотгор газрын хүйтэн агаартай холбоотойгоор агаарын бохирдол ихсэж байна. Маргаашаас ихэнх нутгаар цас орно. Тиймээс эцэг, эхчүүд эдгээр өдрийг ашиглаад хүүхдүүдээ агаарт гаргах боломжтой. Гэр хороололд, ялангуяа Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байгаа” хэмээн ярилаа.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, “Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахаар хоёр ажил төлөвлөсөн. Эхнийх нь орон сууцжуулах, дахин төлөвлөх. Эхний ээлжид 20 мянган айлын орон сууцны тендерийн ажил эхэлсэн. Сэлбэ дэд төвд 12000, Баянхошуу дэд төвд 8000 айлын орон сууц барина. Ийнхүү орон сууцны асуудлыг шат дараатай шийднэ. Дараа нь орон сууцжуулалт болон дахин төлөвлөлтөд хамрагдахгүй байгаа айл өрхийг хийн түлшээр хангах ажлын судалгаа хийж эхэлсэн. Энэ долоо хоногт гаднын судалгааны багууд Улаанбаатар хотод ирнэ. Ингэснээр нэг дэд төв дээр 250-300 айлыг холбох боломжтой. Эхний ээлжид 2025-2026 онд шилжих өвөл 80-100 мянган айлыг хийн түлшээр хангана гэж тооцоолсон. Тавантолгой түлш рүү өгч байгаа татаасыг газын хэрэглээ рүү шилжүүлнэ. Сэргээгдэх эрчим хүчний тухайд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ажилласан. 2025-2026 он руу шилжих өвөл мянган айлыг, дараа жил нь 10 мянган айлыг холбоно гэж тооцоолж байна” гэлээ.
Түүнчлэн “Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат “2019 оноос хойш “Тавантолгой” компани шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Түүхий эдийг өнөөдрийг хүртэл солиогүй. Зургаан жилийн хугацаанд бидэнд нийлүүлж байгаа эрчим хүчний нүүрсний шинж чанар тогтвортой байгааг хурал дээр танилцуулсан. Бид БНСУ-ын уурын хатаалгатай технологи ашигласан ч манай цаг агаарт тохирохгүй байсан. Тиймээс 2022 оноос бүх үйлдвэр хатаалгатай болсон бөгөөд бүх түлш стандартын дагуу явж байгаа. Жилд манайх 520-560 мянган шахмал түлш үйлдвэрлэн борлуулж байна. 2022 оноос өмнөх стандартаар чийглэгийн агууламж 10 хувь байсан. Харин түүнээс хойш чийглэгийн агууламж 6.0 хувь болсон. Одоо хэрэглэгчид хүрч байгаа шахмал түлшний чийглэг 2.5 хувь байгаа” гэв.