-УИХ-аар ирэх оны төсвийг хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Таны хувьд Засгийн газраас орж ирсэн төсөв дээр анхнаасаа ямар байр суурьтай байсан бэ?
-Миний хувьд төсөв дээр гол анхаарах зүйл нь төсвийн зарцуулалт үр дүнтэй, ил тод байх явдал гэж үздэг. Бид аливаа ажлыг эхлүүлэхдээ үр дүнгээ оновчтой тодорхойлж, түүндээ хүрч байгаа эсэхээ зөв үнэлэх хэрэгтэй. Ингэж байж дараагийн ажлуудаа илүү амжилттай төлөвлөж, зарцуулсан төсвийн үр дүнг бодитоор хэмжиж чадна. 2025 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцохдоо би энэ зарчмынхаа дагуу төсөл, хөтөлбөрүүдийн чанар болон тоо хэмжээний үзүүлэлтүүдэд анхаарч ажиллалаа. Төсөв нь зүгээр нэг тооцоолол биш, харин бодит үр өгөөжид чиглэх ёстой гэдгийг онцолсон. Ингэхдээ төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хоёр дахь удаагаа хэлэлцэж байгаа шинэ Төсвийн тухай хуулийн төсөлд тусгалаа олсон байгаа. Өчигдөр мөн байнгын хороодын хуралд зарчмын зөрүүтэй саналуудаа өгч нэлээн хэдэн санал маань дэмжигдээд явж байна.
-Та тодорхой хэдэн жишээ дурдахгүй юу. Яг ямар ямар санал гаргав…?
-Цөөн хэдэн жишээ дурдахад нэгдүгээрт, хөтөлбөрийн хүрэх үр дүнгээ “Төрийн өмчит хуулийн этгээдийн үр ашгийг нэмэгдүүлнэ” гэж заасан боловч энэхүү үр дүндээ хүрсэн эсэхээ үнэлэх шалгуур үзүүлэлтээ “Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээ 53.9 хувь байгааг 80 хувьд хүргэнэ“ гэж заасан байгаа юм. Гэтэл энэ 53.9 хувь нь 2021 оны үнэлгээ байх жишээтэй. Угтаа бол үр ашгийг нэмэгдүүлье гэж зорьж байгаа бол төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийн үзүүлэлт хэр байгааг хэмжиж түүнийг өсгөх шалгуур үзүүлэлт оруулж байж энэ төрийн өмчит компани ашигтай байна уу, аль эсвэл дандаа алдагдалтай ажиллаж төсвийн мөнгийг үргүй зарцуулаад байна уу гэдгийг хэмжих хамгийн бодитой шалгуур үзүүлэлт юм.
Хоёрдугаарт, “Хүүхдэд з амын хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадал, хэвшлийг төлөвшүүлж, зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоог бууруулна” гэж хөтөлбөрийн хүрэх үр дүнгээ тодорхойлчихоод түүнийгээ хэмжих шалгуур үзүүлэлт нь “төхөөрөмж, хэрэгслийн нийлүүлэлтийн биелэлт” гэж оруулж ирсэн нь өөрөө логикийн алдаатай. Угтаа бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жил бүр зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахаар тодорхой тоо тавьж оруулах ёстой. Ингэж байж л энэ улсын төсвийг зарцуулж байгаа ажлууд үр дүнгээ өгч байгаа эсэхийг үнэлэх ёстой гэж бодож байна. Гэтэл төхөөрөмж хэрэгсэл авснаа хөтөлбөр амжилттай хэрэгжиж үр дүнтэй байлаа гэж дүгнэж болохгүй биз дээ. Эцэст нь шалгуур үзүүлэлтээ зөв тодорхойлж байж тухайн төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд гарч байна вэ гэдгээ бид хэмжиж, 2026 онд төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед тухайн төсөл хөтөлбөр дээр төсөв тавих нь зөв юм уу, буруу юм уу. Хэрэв үнэхээр үр дүнгүй бол тэнд төсөв зарцуулах шаардлагагүй гэх мэтээр зөв голдрилдоо орох ёстой юм.
-Шинэ гишүүдийн туршлага дутаж байгаа шүүмжлэлд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Шинэ гишүүдийн хувьд туршлага дутаж байна гэсэн шүүмжлэл гардаг ч би үүнийг огт өөрөөр харж байна.
-Яаж харж байна гэж…?
-Шинэ гишүүд хуулийн төсөлд маш их анхаарал хандуулж, идэвхтэй оролцож байгаа нь тодорхой харагддаг. Залуу гишүүдийн энэ эрч хүч, хичээл зүтгэлээс их зүйл хүлээж болох юм гэж бодож байна.
-Ерөнхийлөгч хориг тавиад дахиад төсвөө хэлэлцэж байгаа. Энэ үеэр салбар бүрийн төсвөөс тодорхой хэмжээгээр танаж байна. Зарим салбарын хувьд төсвийг нь нэмэх байтал таначихлаа гэдэг зүйлийг хэлж байна. Тана гэсэн бол нийтээр нь танадаг байдал дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний бодлоор төсөв танах асуудалд маш нухацтай хандах шаардлагатай. Салбараар нь бүхэлд нь танах биш, харин зардлын зориулалтаар нь нарийн авч үзэх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна. Зайлшгүй, шаардлагагүй, үр дүн багатай зардлыг хасах нь зүйтэй ч үүнийгээ хийхдээ бусад үр өгөөжтэй ажил, хөтөлбөрүүдийг тасалдуулахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй. Төсөв бол зөвхөн тоон үзүүлэлт биш. Харин тухайн салбарын хөгжил, иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг хэрэгсэл. Хэрэв бид зүгээр л нийтэд нь танавал, үр дүнгээ өгч байсан ажлууд зогсох, урт хугацааны ашиг тус нь тасалдах эрсдэлтэй. Тиймээс төсвийн зарцуулалтыг оновчтой, бодлогын түвшинд хянаж, үр дүн багатай хэсгүүдээс эхлэн хасах нь хамгийн зөв зам гэж бодож байна.
-Өнгөрсөн жил Засгийн газраас өвөл, хаврын хүндрэлийг тооцож малчдад тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Таны хувьд төсөв хэлэлцэж байх энэ үеэр уг асуудлыг хөндөж шүүмжилсэн. Ер нь энэ хоршооны хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр чинь зүгээр мөнгө өгөх хөдөлгөөн байсан юм биш үү гэдгийг хэлсэн. Үнэхээр тийм байна уу?
-Малчдад чиглэсэн хөтөлбөрүүдийг би маш чухал гэж үздэг. Өнгөрсөн жилийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байсан. Энэ үед малчдыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан нь сайн санаачилга байсан. Гэхдээ ийм хөтөлбөрүүд бодит үр дүнгээ өгөхийн тулд зөв үнэлэлт, дүгнэлттэй байх ёстой гэж би боддог. Жишээлбэл, зүгээр л санхүүжилт авсан хоршооны тоог үр дүн гэж үзэх нь хангалтгүй. Үүний оронд, тухайн санхүүжилтээр хэдэн ажлын байр нэмэгдсэн, хоршоодын орлого хэр өссөн, эдгээр нь хэрхэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэх мэт илүү тодорхой үзүүлэлтүүдийг ашиглах нь зүйтэй. Малчдын амьжиргааг сайжруулж, эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгааг нарийн хэмжиж, цаашид хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой гэж үздэг. Иймд миний зүгээс энэ хөтөлбөрийн хүрэх үр дүнг нарийвчлан тодорхойлж, бодитой шалгуураар хэмжих шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
-Олон мянган малчид шинэ хоршоогоор дамжуулаад зээл авчихсан. Яг амьдрал дээр энэ хоршооноос зээл аваад өндөр хүүтэй зээлээ төлөх маягаар явсан малчид ч олон байх шиг. Тэгэхээр анхнаасаа малчдаа дэмжих бодлого нь буруу тооцогдсон уу?
-Малчдаа дэмжих бодлого маш чухал, үүнтэй хэн ч маргахгүй байх. 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн “Шинэ хоршоо” х өдөлгөөний хувьд одоохондоо үр дүнгээс нь шууд зөв буруу гэж дүгнэхэд эрт байна гэж бодож байна. Аливаа төсөл, хөтөлбөр үр дүнгээ өгөхөд цаг хугацаа хэрэгтэй байдаг шүү дээ. Гол нь бид энэ хөтөлбөрийн бодит үр дүнг үнэлж, зөв хэмжих хэрэгтэй. Малчид энэ зээлийг ашиглаад орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа сайжруулж чадаж байна уу, хоршоодоор дамжуулан бий болсон эдийн засгийн боломжууд бодитоор үр өгөөжөө өгч байна уу гэдэг л чухал. Зүгээр л тоо бүртгээд өнгөрөх биш, бодит өөрчлөлтөд, амьжиргааны түвшин хэрхэн дээшилж байгаад анхаарах хэрэгтэй. Миний бодлоор малчдаа дэмжих бодлого зөв замдаа байгаа ч, бид үүнийг илүү оновчтой, үр дүнтэй болгохын тулд цаашид илүү нухацтай хандах хэрэгтэй гэж харж байна.
-Шинэ хоршоог өнөөгийн УИХ-ын дарга санаачлан эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн цаана ямар нэгэн улс төрийн эрх ашиг явагдаж байгаа гэж та хардаж байгаа юу?
-Шинэ хоршоо хөдөлгөөнийг улс төрийн эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр малчдыг дэмжих, тэдний амьжиргааг сайжруулахад чиглэсэн бодлогын нэг хэсэг гэж харж байгаа. Мал аж ахуйн салбар маань уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн олон сорилттой нүүр тулдаг. Тиймээс энэ хөтөлбөр малчдад хэрэгтэй дэмжлэгийг үзүүлж, цаашлаад амьдралд нь эерэг өөрчлөлт авчирна гэж итгэж байна. Ийм санаачилга амжилттай хэрэгжиж чадвал мал аж ахуй, орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна.
-Цаашид ер нь зээл, өр төлбөртэй асуудал, тэр дундаа улсын төсвийн эх үүсвэртэй иймэрхүү төсөл, хөтөлбөрүүдэд ямар бодлого барьж яаж зөв явуулах ёстой бол?
-Манайд үнэхээр сайн санаа, зорилготой төслүүд олон байгаа нь маш сайшаалтай. Гэхдээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зөвхөн зорилго дээрээ төвлөрөөд зогсох биш, бодит үр дүн нь юу болох вэ гэдэгт илүү их анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүсийн амьдралд яг ямар өөрчлөлт авчрах вэ, ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхой харуулах нь чухал. Зарим хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүн, түүнийг хэмжих аргачлал, шалгуур үзүүлэлтүүд хоорондоо зөрчилтэй, эсвэл бүрхэг байгаа нь ажиглагдаж байгаа. Үүнийг засч, илүү тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй. Ингэж чадвал төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулж байгаа эсэх нь илүү ойлгомжтой болно. Эцэстээ, зөв тодорхойлсон зорилго, бодит үр дүн хоёр л хамгийн чухал гэсэн байр суурьтай байгаа. Иргэд бодитой үр дүн л хүсч байгаа шүү дээ.
-Бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн гол бодлого бол хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлэх гэдэг. Гэтэл бизнес эрхлэгчдэд олгож үзээгүй хөнгөлөлттэй зээлийг малчдад олгож байгаа нь нэг талдаа улс төрийн оноо авах гэсэн арга байсан юм биш үү. Сонгуулийн үеэр хийгдсэн ажил гэхээр ийм хардлага төрж байна л даа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Малчдад хөнгөлөлттэй зээл олгож байгаа энэ хөтөлбөр нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, санхүүгийн ачааллыг нь багасгах, улмаар орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой. Хөдөөгийн амьдрал амаргүй. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн эрсдэл зэргээс болж малчид ихээхэн сорилтуудтай тулгардаг. Энэ хөтөлбөр нь эдгээр сорилтуудыг даван туулахад нь бодитой тус дэмжлэг болж чадна гэж бодож байна. Нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудалд ч мөн анхаарах хэрэгтэй. Тэд ч бас эдийн засгийн хөдөлгөгч хүч. Бодлогын түвшинд аль аль талыг нь тэнцвэртэйгээр дэмжих татвар татаасын оновчтой бодлого чухал. Эцэстээ бид бүгд нэг зорилгын төлөө л зүтгэж байгаа шүү дээ. Тэр нь иргэдийн амьдралыг сайжруулж, эдийн засгаа өсгөх.
"Өдрийн сонин"
Сэтгүүлч Э.Мөнхтүвшин