Т.САЙХАН
Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны хэргийн шийдвэрийг /12.11/ танилцууллаа. Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн юм.
Хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын эрхэлж байсан ажил, албан тушал, хэрэг, үйлдэл оролцоо хэргийг харгалзаж, хооронд нь хамааралгүй байдлаар таван түвшинд ангилж шийдвэрийг танилцуулна гэдгийг шүүгч онцоллоо.
Нэгдүгээрт: Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хэрэг дээр гурван асуудал байгаа. "Говийн зам" ХХК, "Бэрэн" ХХК, "Монроуд" ХХК-тай холбоотой. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс тухайн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Мөн Н.Батбаярын холбогдсон "Монроуд" ХХК-тай холбоотой хэргийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн. Эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон.
Хоёрт: ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг.
- Анхан шатны шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх ТУЗ-ийн гишүүдийн хэргийн үйл баримт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй. Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм журмуудад ТУЗ болон Зээлийн удирдлагын хорооны түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарлаж төсөл санхүүжүүлэх шийдвэр гаргаж байсан. Тухайн шийдвэр нь эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гарч байсан талаар баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тиймээс ТУЗ-ийн гишүүд холбогдсон хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн.
- Мөн 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон "Бэрэн" ХХК-ийн 22 сая ам.долларын зээлтэй холбоотой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ үйл баримт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь цагаатгах хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж үзсэн. Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байна. Тодруулбал, Б.Даажамба, Ж.Оюунчимэг, Б.Махбал, Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Д.Бат-Очир, Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг О.Хуягцогт нар байна.
Гуравт: Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүний холбогдсон хэрэг.
Дөрөвт: Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг.
Тавт: Зээлдэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд, бусад хүмүүсийн холбогдсон хэрэг.
Шүүх бүрэлдэхүүн 2024 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар энэ сарын 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байна. Шүүх хуралдаанд хамгийн сүүлд биечлэн 31, цахимаар нэг нийт 32 оролцогч буюу прокурор, өмгөөлөгч болон шүүгдэгч санал, тайлбараа хэлсэн.