Олон жил царцаагдсан төрөх эмнэлгийн барилга удахгүй ашиглалтанд орно

оруулсан Алсын Хараа

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй төрөх эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш санхүүжилт нь царцаад байсан энэхүү 300 ортой төрөх эмнэлэг 2020 оны II улиралд ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус төрөх эмнэлэг нь 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. 

Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 10 гаруй жилийн өмнө гарч, Засгийн газар "Нийслэл өргөө" компани, "Пума" консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжилттай барилгыг эхлүүлсэн боловч нэмэлт төсөв шаардлагатай болсоор 2013 онд барилга угсралтын ажлын гүйцэтгэл 34%-тайгаар зогссон байдаг. Харин 2017 онд “Томо бюлдинг” компани царцсан гэх тодотголтой байсан барилгыг концессын гэрээгээр үргэлжлүүлж,  2018 оны дөрөвдүгээр сараас барилгын ажлыг эхлүүлжээ.

“Томо Бюлдинг” компани нь өөрсдийн босгосон санхүүгийн эх үүсвэрээр барилгын ажлыг  үргэлжлүүлсний үр дүнд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, олон улсын стандарт бүхий, ашиглагч байгууллагын зориулалт, шаардлагад нийцүүлсэн барилгыг удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамны захиалгаар, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн уг барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрчээ.

Энэхүү барилгыг Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн зориулалтаар ашиглахаар төлөвлөөд байгаа бөгөөд, долоон блок 34230 м2 талбай бүхий есөн давхар барилга нь иж бүрэн тусгай зориулалт бүхий тоноглолтой, хүүхдийн 140, эх барих, эмэгтэйчүүдийн 160 ортой төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор нийслэлийн Хүрээ амаржих газар буюу II төрөх эмнэлэг шилжин орж үйл ажиллагаагаа явуулах юм. Тус эмнэлгийн хувьд Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн эх хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хүчин чадал нь 75 ортой ч ачааллын улмаас 45 ор нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэт эрүүл мэндийн салбарт хэрэгцээ шаардлага бүхий эмнэлгийн барилга 25, эрүүл мэндийн төв 29, эмчийн хөгжлийн төв нэг, эмнэлгийн барилгын засварын ажил 21, нийт 76 төсөл арга хэмжээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд амжилттай хэрэгжсэн байна. Эдгээрээс 31 төсөл арга хэмжээг бүрэн дуусгаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан бөгөөд, бусад төсөл арга хэмжээ он дамжин хэвийн үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих