Ц.Баатархүү: Тоон гарын үсгийг хэрэглэхэд хялбар технологи нэвтрүүлнэ

оруулсан Алсын Хараа

Ц.МЯГМАРБАЯР

 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй ярилцлаа.

 

- Цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал уу. Хэлэлцүүлгийн зорилго тоон гарын үсгийн хэрэглээ, ашиглалтад саад болж буй тулгамдсан асуудал юу вэ?

Монгол Улс цахим шилжилтэд бүрэн шилжихийн тулд  юу хийх шаардлагатай талаар ээлжит хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд шийдэл гаргаж үр дүнд хүрсэн байх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго  тоон гарын үсгийн тухай  ойлголтыг нэгтгэж цаашид ашиглалтад анхаарахад чиглэж байна. Иргэн, аж ахуйн нэгж зөвхөн тендерт орохдоо тоон гарын үсгээ ашигладаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон хувийн хэвшлээс насанд хүрэгчдийн 54 хувь нь  тоон гарын үсэг авсан байна. Гэвч энэ нь хэрэглэгддэггүй. Үүнийг хэрэглээнд оруулснаар иргэд төрийн байгууллагад очих шаардлагагүй болох юм. Түүнчлэн хувийн хэвшил хоорондоо уулзаж хэлэлцээр хийхдээ заавал биеэр байх шаардлагагүй цахимаар хийх  боломж бүрдэнэ.  Мөн Засгийн газар болон  хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд  цаасны хэрэглээгээ бууруулж  цаг, хугацаагаа хэмнэж бичиг баримтаа цахимаар солилцдог болох ёстой. Суурь дэд бүтэц  буюу тоон гарын үсэг авсан хүмүүсийн тоо хангалттай. Харин эргэлтэд оруулах шаардлагад Засгийн газраас анхаарч байна. Мөн гадаадад зорчиж буй иргэн гадаад паспортоор баталгаажсан тоон гарын үсгээ ашиглан  Монгол Улс руу ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх хэрэгцээ үүсвэл энэ боломжийг нь бүрдүүлэх юм. Ингэснээр монголчууд дэлхийн цахим иргэн гэдгээ баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн өөрт оногдсон цахим тоон гарын үсгээ дэлхийн аль ч улсаас ашиглаж болох  технологийн шийдлийг хийхээр зорьж байна.

-Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжээд 10 жил болсон хэдий ч  тоон гарын үсгийн ашиглалт, хэрэглээ хангалтгүй байна гэлээ. Хэрэв хэрэглээг идэвхжүүлэх технологийн шийдэл хийлээ гэхэд хэр хугацаа шаардлагатай вэ ?

- Төрийн байгууллагын манлайлал чухал. Үүний зэрэгцээ ойлгомжгүй байдал үүссэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар үнэ төлбөргүй тоон гарын үсэг өгдөг. Харин хувийн хэвшил тодорхой төлбөртэй өгдөг. Алийг нь юунд ашиглахаа мэддэггүй. Төрийн байгууллагад давхар  цаасаар харилцдаг харилцаа байсаар байна. Өөрөөр хэлбэл, иргэнээс өргөдөл авахын тулд заавал цаасар өг гэдэг. Ямар нэгэн бичиг баримт нэхэхдээ заавал бичгээр буюу цаасаар үйлддэг. Тэгэхээр Засгийн газар, төрийн бүх институт цахимаар бичиг баримтаа авдаг болбол цахим гарын үсэг аяндаа хэрэглэгддэг болно. Хувийн хэвшил ч гэсэн хоорондоо цахимаар бичиг хэргээ солилцоод эхэлбэл тоон гарын үсгийн ашиглалт нэмэгдэнэ. Суурь технологийн шийдлийг нь хийгээгүйгээс хэрэглээнд ашиглах нь хангалтгүй байсан. Тэгвэл одоо технологийн шийдлийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай болсон.  Засгийн газар суурь дэд бүтцийн технологийн асуудлыг ерөнхийд нь  шийдсэн. Үүнийг хувийн хэвшил нээлттэй ашигласнаар  бичиг баримтаа чөлөөтэй, үнэ төлбөргүйгээр солилцох  боломж бүрдэнэ.

-Тоон гарын үсгийн ашиглалт сайжирснаар  цаасны хэрэглээ хэдэн хувиар буурахаар байна вэ?

-Засгийн газар манлайллыг үзүүлж Засгийн газрын хуралдааныг цаасгүй болсон. Тухайлбал, газар олголт, тендер зэрэг иргэд, аж ахуйн нэгжээс  өдөр тутамд өргөдөл авдаг Засгийн газрын томоохон институтүүд тоон гарын үсгийг нэвтрүүлснээр цаасгүй болж чадсан. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх тооцоо судалгааг гаргаж байгаа.

-Тоон гарын үсгээ хэрэглээнд нэвтрүүлэх боломж сул байгаа гол шалтгаан нь юу  юм бэ?

-Хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, иргэд хэрэглэхэд хэцүү байна.Өөрөөр хэлбэл, зарим нэг технологийн шийдэлд тоон гарын үсгийг дэмждэггүй, зарим дээр нь дэмждэг байх жишээтэй.  Тэгэхээр технологийн шийдлийг жирийн иргэд ашиглахад хялбар болгох хэрэгтэй. Шууд гар утасны аппликейшнаар хэрэглэдэг болгох. Хоёрдугаарт, тоон гарын үсэг хэдэн секундэд зурагдсан гэдгийг баталгаажуулах технологийн шийдэл хэрэгтэй. Үүнийг манай яамны  зүгээс өнгөрсөн сард  шийдвэрлэсэн. Ингэснээр иргэн заавал нотариатын үйлчилгээгээр биеэр очиж гэрчлүүлэх шаардлагагүй болох юм. Өөрөөр хэлбэл, тэдэн сарын тэдний өдөр тийм нэртэй location дээр энэ хүн гарын үсэг зурсан байна вэ гэдгийг баталгаажуулна гэсэн үг. Одоо үүнийг баталгаажуулах гэж хүмүүс нотариат дээр очдог. Тэгвэл яваандаа энэ үйлчилгээ цахим болох хамгийн эхний суурь  шийдлийг шийдээд байна.

-Тоон гарын үсгийг хэрэглэхэд хялбар болгох технологийн ямар шийдлийг нэвтрүүлэх юм бэ?

-Технологи байнга хөгжиж өөрчлөгдөж улам боловсронгуй болсоор байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг дагаж Сloud шийдлийг сонгож байна. Тодруулбал, Windows, IOS -ийг дэмждэг технологиудаар шийднэ гэсэн үг. Жишээлбэл, Macbook  дээр таардаг тоон гарын үсэг  windows  үйлдлийн системтэй  компьютер дээр таардаггүй. Тэгвэл бүх системийг дэмждэг, хувирч чаддаг, интеграц хийдэг технологиор шийдсэн гэсэн үг. Өнөөдөр дэлхий даяр энэ систем тархсан байна. Тиймээс тоон гарын үсэг олгодог аж ахуйн нэгжүүдэд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх ажил хэрэгч саналыг тавьж байна. Технологийн дээрх  бэрхшээл байгаа учраас иргэд банк болон төрийн байгууллага, нотариат руу биеэр очиж гарын үсгээ зурж байна. Эдгээрээс  шалтгаалан  тоон гарын үсгийн  ашиглалт хангалтгүй байна. Нөгөөтээгүүр, бие, биеийнхээ тоон гарын үсэгт итгэхгүй байна. Тиймээс  заавал биеэрээ уулзаж гарын үсгээ ямар нэг бичиг баримт, гэрээ хэлцэлдээ зурж байна. Хэрэглэх нь хүндрэлтэй байна. Үүнийг хялбар болгох тухай хэлэлцэж байна.

- Одоогоор манайд тоон гарын үсэг олгодог гурван хувийн хэвшил байгаа гэлээ. Тэгвэл дэлхий дээр үүнийг маш олон компани бизнес болгож хөгжүүлсэн байна шүү дээ?

- Аж ахуйн нэгж эдийн засгийн хувьд ашигтай байснаар оршин тогтнодог. Одоогоор 5-6 байгууллага тоон гарын үсэг олгох тусгай зөвшөөрөл авсан. Үүний гурав нь идэвхтэй байна. Гэтэл төрийн бодлого ойлгомжгүй байна. Төр өөрөө олгох гээд байгаа юм шиг. Эсвэл хувийн хэвшлээр олгох гээд байгаа ч юм шиг. Ойлгомжгүй байдал нь аж ахуйн нэгжүүдэд ашиггүй юм байна гэдэг ойлголт өгдөг учраас тэд гарчихдаг. Тэгвэл өнөөдөр төр, хувийн хэвшил хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийж буй нь  бодлогыг ойлгомжтой болгох зорилготой. Хэлэлцүүлгээс төр өөрөө тоон гарын үсгийн баталгаажуулалтаа олгоод явах уу  эсвэл хувийн хэвшил олгох уу гэдгээ шийднэ. Ер нь төр суурь дэд бүтцийг нь хийж өгөөд тоон гарын үсэг шаарддаг болъё. Хувийн хэвшил хариуцлагатайгаар технологийн шийдлээ хэрэглэ гэдэг шаардлага тавих нь зүйтэй.

- Эцэст нь энэ бүгдийг журмаар зохицуулах юм уу,эсвэл хуулиараа зохицуулах юм уу?

- Хэд хэдэн журамд өөрчлөлт оруулах санал гарах байх. Тоон гарын үсгийн тухайд  олон улсад хүлээн зөвшөөрөгдөх журамд нийцүүлнэ. Хоёрдугаарт, УБЕГ-аас олгодог гарын үсгийг цаашид хэрхэх эсэхийг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх дээр  нэг гарын үсэг мөн тендер шаардахад дахиад нэг гарын үсэг байна. Тэгэхээр үүнийг ойлгомжтой болгох шаардлагатай. Хууль батлагдсаны дараа хийгдэх зарим журам хийгдээгүй байна. Гэтэл Засгийн газар, ХЗДХЯ журам хүлээж авахгүй болсон. Монгол Улс олон зүйлийг журмаар зохицуулдаг. Хуулиасаа олон журамтай. Журмыг нь олон болгоход биш  хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сайн хуультай болгох бодлого барих нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)

Сэтгэгдэл бичих