МАН-ынхны анхаарлыг мөрийн хөтөлбөрөөс илүүтэй “Нэр дэвшүүлэх журам” нь татсан уу

оруулсан Алсын Хараа

Б.Гарьд

МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Түүгээр УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал шийджээ. Хамгийн эхнийх нь тус намын уг сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна.
МАН-ынхан 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс мөрийн хөтөлбөртөө санал авах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг бүх аймаг сумд, нийслэл дүүргүүд дэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоос цахимаар, цаасан хэлбэрээр, мөн биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж нийт 40 гаруй мянган саналыг авчээ. Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө багцалжээ.

Ер нь бол найман жилийн туршид засгийн эрхийг барьж буй МАН-ынханд энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, батлах нь сүртэй том ажил байгаагүй л болов уу. Яагаад гэхээр тэд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг гаргачихсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталчихсан. Тэдгээрт Монгол Улсын хөгжлийн бодлого он, цагаараа дараалчихсан байдаг. Түүн дээр дээрх 40 гаруй мянган саналыг шингээчихнэ. Тэгээд ч МАН-ын бодлого ерөнхийдөө тодорхой болчихсон. Бүсчилсэн хөгжил, боомтын сэргэлт, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, цаашлаад албан тушаалтнуудын эрх мэдлийг хязгаарлаж, авлигыг бууруулах зэрэг ажлууд мөрийн хөтөлбөрийнх нь цөм болж таарна. Гэхдээ Бага хурлаар мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үед дээрх асуудлууд дээр нэмээр шинжлэх ухаан, технологи ашиглах, шүүхийг шударга байлгах зэргийг нэмж ярьсан байна. Эдгээр нь МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан гэсэн үг. МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө өчигдөр оройхон ҮАГ-т хүлээлгэж өгчээ.

Мөн тус Бага хурлаар мөрийн хөтөлбөрөөс гадна УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшүүлэх журмаа баталжээ. Чухамдаа гол цөм нь, зүг чиг нь тодорхой мөрийн хөтөлбөрөөмс илүүтэйгээр энэхүү журам яаж гарах нь вэ гэдэг Бага хурлын гишүүдийн анхаарлыг ихээхэн татжээ.
МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарын танилцуулснаар “…УИХ-ын гишүүнд нэр дэвшихийг горилогчид ажил албандаа хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх ёстой” гэжээ. Нэр дэвшихийг горилогчид МАН-ын Хяналтын хороонд хүсэлтээ өгч, тэр нь Удирдах зөвлөл рүүгээ орж, тэндээс тодорхой шийдэлтэйгээр гараад, дараагийн Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэх юм байна. Гол нь тухайн нэр дэвшихийг горилогчийн тухай Хяналтын хорооноос дүгнэлт гарч Удирдах зөвлөл рүүгээ явах аж. Гэхдээ тэнд “…Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон” гэдэг асуудалтай хүмүүс “тээглэчихэж” мэдэх юм байна. Учир нь МАН-ын дарга, генсек нарын удирдлагууд нь ийм асуудалтай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ эртнээс зарлаад байгаа юм.

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн квот батлагдсанаас хойш МАН-ын жагсаалт “нэг эрэгтэй, нэг эмэгтэй”, эсвэл “нэг эмэгтэй, нэг эрэгтэй” гэсэн байдлаар цувуулж бичихээр яригдсан. Энэ үндсэндээ шийдэгдсэн. Нэмээд тойрогт нэр дэвших эмэгтэйчүүд ч жагсаалт шиг эрэмбэлүүлэхээр болсон байна. Нэг үгээр хэлбэл, МАН-ын жагсаалт нь нийгмийн төлөөллүүд дээр нэмээд эмэгтэйчүүд “эрэмбэлүүлэх” болсон. Одоо тойргийн нэрийн жагсаалтад ч тэр дүрэм үйлчлэхээр журамлагдчихаж байна. Тэр утгаараа, МАН-ын Бага хурлын гишүүд, ер нь энэ хуралд харьяалагддагүй гишүүдийнх нь анхаарлыг ч татжээ. Ойрын үед эдгээр сэдэв МАН-д трэнд болох бололтой дог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)

 

Сэтгэгдэл бичих