С.САРУУЛ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Монгол Улс Норвеги, Сингапурын туршлагаар баялгийн сантай болох асуудал олон жил яригдлаа. Өдийд баялгийн сан байгуулчихсан байсан бол өнөөдөр ямар байх байсан бол?
-Томоохон хулгай, хууль бус үйлдлүүд дандаа байгалийн баялагтай холбогдож байгааг монголчууд харж байна. Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгой гээд ихэнх хулгай байгалийн баялаг тойрч, уул уурхай дагасан дэд бүтэцтэй холбогддог. Ингэж Монголын байгалийн баялаг алдагдаж, цөөн хүнд төвлөрч буйг цогцоор нь цэгцлэх шийдэл бол баялгийн сан. Хэрэв бид тав, арван жилийн өмнө Баялгийн сан байгуулж хяналтыг нь сайн тогтоож улс төрөөс ангид байлгаж зөв зарчмаар хэрэгжүүлж ирсэн бол өнөөдрийн томоохон хулгайгаас сэргийлж болох байсан.
Байгалийн баялаг бол ард түмэн, төрийн нийтийн өмч буюу бүх хүнд хамааралтай гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Нөгөө талаасаа бусад орны жишгээс харахад байгалийн баялаг гэнэтийн орлого учраас хэт хамааралтай болох гээд байдаг сул талтай. Тиймээс зөв хуваарилахгүй л бол тухайн улс орон хулгай луйвраасаа салахгүй. Өөрөөр хэлбэл, баялгийн сан байгуулахгүй бол хэчнээн удаа удирдлагыг нь сольж, ганц хоёр хууль өөрчлөөд юу ч шийдэгдэхгүй. Тиймээс байгалийн баялагтай холбоотой хулгайнуудыг цэгцлэх тогтолцооны хамгийн том шийдэл нь баялгийн сан юм.
Үндэсний баялгийн сангийн хууль Үндсэн хуультай дүйцэхүйц ач холбогдолтой гэж хэлж болно. Хууль эрх зүйн орчин бүрдчихвэл буруу замаар урсаж байгаа тэр олон сувгууд зогсож, тэндээс тэжээгдэж байгаа хэсэг бүлгийн эрх ашиг хөндөгдөх юм. Тиймдээ ч энэ хуулийг батлуулахгүй байх, гацаах сонирхол бий. Үнэхээр байгалийн баялгаа ард түмэн, төрийн нийтийн өмч агуулгаар нь авч үлдэнэ гэвэл баялгийн сангийн хуулийг хийхээс өөр гарцгүй гэдгийг шийдвэр гаргах түвшинд ойлгосон байна. Үүний нэг жишээ нь баялгийн сан байгуулахыг Үндсэн хуулиар баталгаажуулж өглөө. Энэ бол маш том дэвшил.
-Баялгаас хүртээж байна гээд бэлэн мөнгө тараагаад байх шиг. Энэ нь тэгш хүртээх хуваарилалт мөн үү?
-Газрын хэвлийн баялаг өнөөдөр экспортын 93 хувь, төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна. Валютын урсгалын дийлэнхийг оруулж ирж байгаа өндөр ач холбогдолтой салбар. Өнгөрсөн хугацаанд баялгийн сан байгуулах цөөнгүй оролдлого хийж ирсэн.Ингэхдээ баялгийн сан гэсэн нэрийн дор ард түмэнд өгөөжийг нь хүртээж байна гээд бэлэн мөнгө тараах хэрэгсэл болгож ашигласан. Сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараая гэхэд ямар нэг механизм хэрэгтэй болонгуут Хүний хөгжлийн сан гэдэг ч юм уу ямар нэг сангийн нэрийг ашигласан жишээ бий. Үүний уршгаар “сан” гэдэг үг буруу жишиг болж тогтсон байна.
Уг нь баялгийн сан улстөрчдийн ажил биш. Мэргэжлийн багт даатгах ёстой. Баялгийн сангийн менежментээр улстөрчид дураараа оролдож, удирдаж болохгүй. Харин одоогийн нөхцөлд баялгийн санг удирдах механизм дутагдаад байгаа учраас хэн ч хамаагүй оролцох орон зай гарч ирээд байгаа юм. Бас нэг аюул нь тухайн улс орны орлогын хамгийн өндөр хувийг бүрдүүлдэг байгалийн баялгийг хувийн секторт өгчихвөл олон нийтийн зүгээс хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй. Ард түмний өмчийг цөөхөн хүн эзэмшээд байвал шударга хуваарилалт биш болно шүү дээ. Тиймээс төрийн эзэмшлийн хэлбэр дор зөв голдиролд орох ёстой. Бусад орны жишгийг харсан ч баялгийн сангаа ард түмнийг төлөөлж төр эзэмшдэг. Газрын баялгийн өгөөж төрийн эзэмшил баялгийн сан дор олон улсын нээлттэй зарчмаар улс төрөөс ангид явах ёстой.
-Та уул уурхайн дэд сайд байхдаа баялгийн сангийн хуулийг хариуцаж ажиллаж байсан. Хэр тооцоо судалгаа хийв.Тухайн үед яагаад батлуулж чадаагүй юм бэ?
-Үндэсний баялгийн сангийн хуулийн дэд ажлын хэсгийг ахлаад гурван жил ажилласан. Энэ хугацаанд маш их тооцоо судалгаа хийсэн. Макро эдийн засгийн мөнгөн урсгалын моделиор уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө, орлогын талаар 10 жилийн тооцооллыг хийж 160 гаруй хуудас бүхий товхимол ном хүртэл гаргасан байх жишээтэй. Энэ бүхний эцэст баялгийн санг зөв байгуулж чадвал эдийн засаг, ДНБ-нд дараагийн 10 жилд эерэг үр дүн үзүүлэх юм гэдгийг олж харсан. Мөн АМНАТ, ноогдол ашгийн урвуу хамаарлыг засаж чадах юм гэсэн тооцооллыг гаргаж ирсэн. Хууль Засгийн газрын хурлаар орж УИХ-д өргөн баригдсан ч татагдсан л даа.
-Улс төрд суудалтай намын дарга нар нэгдэж баялгийн сан байгуулах талаар гарын үсэг зурсан. Тэгэхээр ямар ч байсан шуурхайлах нь гэж харлаа. Харин хэрхэн байгуулах шийдлийг юу гэж харж байна вэ?
- Баялгийн сан байгуулъя гээд МАН, АН, ХҮН буюу улс төрд суудалтай гурван намын дарга нэгдэж гарын үсэг зурлаа. Энэ бол маш зөв. Монгол Улсыг хөгжүүлэхэд баялгийн сантай болох нь зөв гэдэгт санал нэгдлээ гэж харлаа. Гол нь зөв механизмаар хийх ёстой.
Баялгийн сан байгуулах шийдлийг гурван түвшинд харж байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан хадгаламжийн хэлбэр. Шавхагдах баялаг учраас хадгалах нөөцлөх ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хэлбэрээр арвижан хадгалагдах ёстой. Дараагийнх нь дотоод зах зээл рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын хэлбэр. Баялгаас орж ирж буй орлогын тодорхой хэсгийг дотоод руу буюу төсөв дийлэхгүй байгаа үр ашигтай дэд бүтэц, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах юм. Үүгээр дамжуулж эдийн засгаа тэлэх, төрөлжүүлэх болон томоохон стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрөө төсвөөс хамаарахгүй санхүүжүүлэх хэрэгтэй. Үүнийг хөгжлийн сан гэж нэрлэж байгаа. Одоо бол томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулъя гэхээр төрд гаднаас зээл авах, бонд босгох эсвэл төсөв гэсэн хоёр л сонголт байдаг. Харин баялгийн сангаас хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нь илүү үр дүнтэй. Гуравдугаарт, ард түмэнд шударга хуваарилах хамгийн оновчтой шийдэл бол хүний хөгжилд хөрөнгө оруулах. Тэр дундаа эрүүл байлгах, тэгш боловсролыг хүртээх нь хамгийн чухал. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зөвхөн төсвөөс хамааралтай байх юм бол чанарын дэвшил гаргахад хүнд. Жишээ нь, өнөөдөр бид 2024 төсвийнхөө 23 орчим хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгасан. Нийт төсөвт эзлэх хувь нь муугүй боловч үүний 85 хувь зөвхөн урсгал зардалд яваад үлдсэн жаахан хувь л чанарын хөрөнгө оруулалт болдог гэсэн үг. Байгалийн баялгийн тодорхой хэсэг хүний хөгжилд зориулагдаж байж жинхэнэ утгаараа ард түмэнд өгөөжөө хүртээнэ. Ийм л зарчимтай. Хэн нэгний гэр бүлд бэлэн мөнгө тараах биш эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлж, хүүхдэд нь өндөр боловсрол эзэмшүүлэх юм бол тухайн айлд байгалийн баялгаас тэгш хүртээж буй шударга хуваарилалт мөн. Түүнчлэн урт хугацаандаа хүний хөгжилд оруулж, үр шимийг нь хүн бүр хүртэж дагаад амьдралын чанарыг нь сайжруулж буй хөрөнгө оруулалт юм. Энэ гурван зарчмыг Үндэсний баялгийн сангийн механизм руу оруулж чадвал байгалийн баялаг хулгайн суваг руу урсах биш шударга хуваарилалт болно.
-Тэр дундаа төрийн өмчит компаниудын шинэчлэлд ямар ач холбогдолтой вэ?
-Байгалийн баялгийн орлого хоёр урсгалаар орж ирдэг. Бүх компани татвар төлдөг. Харин байгалийн баялаг ашигладаг уул уурхайн компаниуд ашигт үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр АМНАТ төлдөг бол нөгөө талд ашигтай ажилласан компани ноогдол ашиг тараах боломжтой. Өөрөөр хэлбэл, орой дээрээс нь АМНАТ ёроолоос нь ноогдол ашиг авах ийм л хоёр төрлийн орлогын эх үүсвэр төрд байна. Одоогийн нөхцөл байдлыг харвал уул уурхайн компаниудаас төрд төвлөрч байгаа орлогын 80-90 хувь нь АМНАТ, үлдсэн 10-20 хувь нь ноогдол ашиг байгаа. АМНАТ ашигт ажиллагаанаас хамаардаггүй. Гэтэл төрийн өмчит компаниудын дийлэнх нь ашигтай ажилладаггүй. Ийм л султай.
Арван жилийн дараа ямар байх вэ гэдгийг төсөөлөх юм бол АМНАТ 10-20 хувь, ноогдол ашиг 80-90 хувь буюу одоогийнхоос урвуу хамааралтай болох ёстой. Нэг ёсондоо төрд ноогдох уул уурхайн потенциал бол АМНАТ биш. Харин ноогдол ашиг бол үүнийг хэд дахин нугалах потенциал юм. Үүний төлөө л зорих учиртай. Хөгжсөн орнуудын жишиг ийм л байдаг. Үр дүнд нь сайн менежменттэй, ашигтай, ил тод байж ноогдол ашиг өгдөг зарчим руу шилжих юм. Түүнээс өнөөдрийнх шиг АМНАТ дээр фокуслаад байх юм бол төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг тоохгүй хаяад байна гэсэн үг.
Баялгийн санг зөвхөн хуваарилалтын механизм гэж харж болохгүй. Тэгвэл төсвөөс ялгарахгүй. Том алдаа болно. Төр ард түмний өмнөөс эзэмшиж буй баялгийг ашигтай, орлоготой ажиллуулах, бүтэн потенциалыг нь ашиглах механизм гэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Монгол ТӨХК-ийн шинэчлэл баялгийн сангийн хууль байх ёстой. Монголын газрын баялаг нэг их наяд төгрөг үү, эсвэл их наяд ам.доллар болох уу гэдгийг шийдэх гээд байна шүү дээ. Тиймээс Эрдэнэс Монгол ТӨХК өөрөө баялгийн сан болж хувирахгүй бол их наяд ам.долларын потенциалыг 10 их наядын хувингаар харж болохгүй.
Ер нь мэргэжлийн багийн хийх ёстой ажлыг улстөрчид хийх юм бол ямар ч үр дүнгүй. Жишээлбэл, компани болгоны ТЭЗҮ батлах, хөрөнгө оруулах, гэрээний заалт болгоныг Засгийн газрын хурлаар шийдэх нь зөв үү. Баялгийн сангийн механизм, мэргэжлийн менежмент байхгүй учраас арга ядахдаа Засгийн газар хийж байгаа хэрэг. Зүй нь мэргэжлийн менежмент нь улс төрөөс хараат бусаар цэвэр хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө хулгайгаас ангид, ил тод ажиллаж байх ёстой. Монголын хөрөнгийн бирж томорч зөв зарчмаар ажиллаж чадаагүйн нэг шалтгаан нь баялгийн сан байхгүйтэй холбоотой. Яагаад гэвэл баялгийн сангууд өөрөө урт хугацааны хөрөнгө оруулагч байдаг. Үүний уршгаар эсрэгээрээ арилжааны банкнууд хэт томорч улс төр рүү хүчтэй ороод нөгөө талд хөрөнгийн зах зээл нь тэлж чадахгүй болсон. Хөрөнгийн зах зээлийг томруулах боломж нь баялгийн сан, түүний хөрөнгө оруулалт юм.
Баялгийн сангийн механизмыг зөв хийж чадвал байгалийн баялаг тойрсон хулгайг цэгцэлнэ, хөрөнгийн зах зээлийг томруулж арилжааны банкнуудын хэт томрох орон зайг хумьж өгнө. Буцаад улс төр ч гэсэн зөв голдиролдоо орох ач холбогдолтой юм. Байгалийн баялаг дараагийн 20 жилийн орлогыг бүрдүүлэх гол суваг нь үнэн учраас Үндэсний баялгийн сан бол үсрэнгүй хөгжилд хөтлөх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)