"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг иргэдийн данс руу Цагаан сараас өмнө шилжүүлсэн. Иргэд тус компанийн хэчнээн ширхэг хувьцаа эзэмшдэгээс хамаарч өөр өөр дүн бүхий ногдол ашиг авлаа.
2019 оны ногдол ашгийг 2020 онд олгосон. Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол тооцож, 1072 ширхэг хувьцаатай иргэдэд 96 мянган төгрөг (татварын өмнөх) олгосон юм. Харин өнгөрсөн сард ногдол ашиг тараахдаа нэгж хувьцаанд ногдох ашгийг 108.7 төгрөгөөр тогтоожээ. Тус компанийн ТУЗ 2020, 2021 онуудад ногдол ашиг тараагаагүй. Харин 2022, 2023 оны ногдол ашгийг ар араасаа олгоно хэмээн зарлав.
Тус компани ямар хэмжээтэй нүүрсийг ямар үнээр борлуулсан, төрийн эзэмших хувьд ногдох ногдол ашгийг олгох, эсэх талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.
ЭТТ буяны байгууллага биш тул цаашид бусад компаниудад татаас өгөөд байж болохгүй.
-Бид 2022 оны жилийн эцсээр 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч нийт иргэдэд ногдох хувь болох 27 хувьтай тэнцэх мөнгийг хуваариллаа. УИХ-ын тогтоол гарч, ЭТТ-н хувьцаа эзэмшигч иргэдийн тоо 2.5 саяас 3.4 сая болж өссөн. Манай улсын бүх хүн хувьцаа эзэмшигч боллоо.
Ингэснээр нийт хувьцааны 26.4 хувийг иргэд эзэмших болж, 340 тэрбум төгрөгийг хуваарилав. Гэхдээ төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг хуваарилаагүй. Би бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ирэхэд ЭТТ-н нийт өр төлбөр 4.2 их наяд төгрөг байв. 2022 онд БНХАУ-ын дөрвөн том компаниас 603 сая ам.долларыг урьдчилж авсан байв. Энэ нь нийт өр төлбөрийн дийлэнхийг эзэлсэн. Эдгээр компанийн нүүрсийг нийлүүлж дууссан. 2022.10.26-нд ЭТТ-д онцгой дэглэм тогтоосон нэг шалтгаан нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилготой холбоотой. Тухайн үед гадаад валютын албан нөөц ихээхэн буурсан байв.
Бид нүүрсээ гаргаад байсан ч төлбөрийг ЭТТ-н өмнөх удирдлагууд урьдчилаад авсан тул төлбөр орж ирэхгүй байсан юм. БНХАУ-ын “Чалко” компанид нийлүүлэх нүүрсийг 2023 оны есдүгээр сард дуусгасан. Гэхдээ тус компанитай байгуулсан гэрээ 2028 онд дуусна.
“Тавантолгой түлш” ЭТТ-н охин компани. 2018 оноос хойш энэ компанид нийт нэг их наяд төгрөгийн хөрөнгийг бид дангаараа оруулжээ. Энэ компани нийслэлийн иргэдийн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байна. Бид энэ компанийг 100 хувь санхүүжүүлээд яваад байх уу? Цаашид ЭТТ биш нийслэл энэ үйлдвэрийг шилжүүлэн авч, хариуцах нь зөв. Энэ талаар нийслэлийн шинэ удирдлагуудтай ярилцаж байна. Улаанбаатарын агаарын бохирдол НЗДТГ-ын шийдэх асуудал юм.
2022-2033 оны ногдол ашиг тараалаа гээд компани санхүүгийн хүндрэлд ороогүй.
2012 оныг хүртэл улсын төсвөөс нийслэлийн нийтийн тээврийн татаасыг өгдөг байгаад 2013 оноос нийслэл энэ зардлыг өөрсдөө гаргах болсон. Энэ зарчмаар нийслэл сайжруулсан түлшний үйлдвэрээ ч хариуцах нь зөв гэж бодож байна. Нийслэлийн асуудлыг улс өмнөөс нь шийдэхэд алдаа дутагдал гаргасан тал ч бий.
ЭТТ буяны байгууллага биш тул цаашид бусад компаниудад татаас өгөөд байж болохгүй. ЭТТ төмөр замын хоёр том төслийг санхүүжүүлсэн нь компанийн өр төлбөр өсөхөд нөлөөлсөн. Эдгээр нь Ганцмод-Гашуунсухайт, Зүүн баян төмөр замын төслүүд юм. Эдгээр замаар нүүрс экспортолж эхэлснээр ЭТТ хөрөнгө оруулалтаа нөхнө.
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төмөр зам барих ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Барилгын ажил ирэх дөрөвдүгээр сард эхэлж, хоёр жил орчим үргэлжилнэ. Манай талаас болон урд хөршөөс 100 хувь төрийн өмчийн “China energy” компанийн төмөр замуудыг холбохын тулд есөн давхар байшинтай тэнцэх гүүр, тулгуур баганууд, ачиж буулгах байгууламж барина. Энэ төслийн өртөг 260 сая ам.доллар буюу 800 орчим тэрбум төгрөг болно.
“Багануур”, “Шивээ-Овоо” компаниудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ЭТТ 48 тэрбум төгрөг зарцуулсан. Уг нь эдгээр нь адилхан л нүүрсний компаниуд. ЭТТ эдгээр зардлаа төрд өгөх ёстой ногдол ашгаасаа суутгана. Ер нь компанийн санхүү бүртгэлийг зөв голдиролд нь оруулах цаг болсон.
2023 оны компанийн цэвэр ашиг 3.2 их наяд төгрөг байна. Төрсөн хүүхэд бүрийг хувьцаа эзэмшигчээр бүртгэж буй тул 2022 оны ногдол ашиг авсан иргэдийн тоо дахин өснө. Мөн компани ашигтай ажиллалаа гээд бүх ашгаа ногдол ашигт тарааж болохгүй. Эхлээд хөрөнгө оруулалтаа хийгээд, үлдсэнийг нь ногдол ашигт хуваарилна. Уурхайд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал зөндөө байна. Тоосжилтыг шийдэх, ажилчдын байр барих, ажилчдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.
-Өнгөрсөн онд нийт хэдэн сая тонн нүүрс худалдсан бэ?
-34.4 сая нүүрс борлууллаа. Үүний 9.8 сая тонныг биржээр худалдсан. Биржийн үнийн зөрүүнээс 542 сая ам.долларын орлого олжээ. Он гарснаас хойш 4.4 сая тонн нүүрс борлууллаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад компанийн санхүүгийн үзүүлэлтүүд бүгд эерэг гарлаа. 2022-2033 оны ногдол ашиг тараалаа гээд компани санхүүгийн хүндрэлд ороогүй. Мөнгөн хөрөнгөө тооцсон тул компани дахин зээл авахгүй.
-Танай аудитыг ямар компани хийдэг вэ?
-Үндэсний аудитын газар завсрын болон жилийн эцсийн аудитыг хийдэг.
-Уул уурхайн биржээр нүүрсээ худалдах нь ил тод байдлыг хангах гэх мэт олон давуу талтай. Биржээр худалддаг нүүрсний хэмжээг нэмэх үү?
-Энэ онд нийт нүүрснийхээ талыг биржээр худалдана. БНХАУ-ын дөрвөн томоохон компанид нүүрс нийлүүлэх гэрээний сүүлчийнх 2028 онд дуусна. Тэр үед бид бүх нүүрсээ биржээр худалдана. Гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэлээн ярьсан ч хятадын компаниуд зөвшөөрөөгүй.
БНХАУ-ын дөрвөн томоохон компанид нүүрс нийлүүлэх гэрээний сүүлчийнх 2028 онд дуусна.
-ЭТТ-г түшиглэн байгуулах цахилгаан станцын ажил ямар шатанд байгаа вэ?
-Эрчим хүчний яам энэ төслийг хариуцдаг. Сонгон шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж тендерт оролцсон компани шүүхэд хандсан тул дахин тендер зарласан юм билээ. Энэ төслийг бид санхүүжүүлнэ. Энэ станцыг яаралтай барьж, ЭТТ болон эргэн тойрны уурхайнууд цахилгааны эх үүсвэртэй болж, хүчин чадлаа нэмэгдүүлнэ.
-ЭТТ 769 орчим тэрбум төгрөгийн бондыг дотоодын хөрөнгийн зах зээлээс өндөр хүүтэй босгосон. Энэ хөрөнгийг юунд зарцуулсан бэ?
-Нийт хоёр их наяд төгрөгийн бонд босгохоор төлөвлөснөөс 769 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм билээ. Бид үүнээс 400 тэрбум төгрөгийг хүүтэй нь төлсөн. Одоо 360 тэрбум төгрөгийн өр төлбөр бий. 769 тэрбум төгрөгийг дээр дурдсан төмөр замын хоёр төсөлд зарцуулсан.
-Энэ оны нүүрсний эрэлт, үнэ ямар байх төлөвтэй байна вэ?
-Бид байнга судалгаа хийдэг. Одоогоор нүүрсний зах зээлд ямар нэг эрсдэл алга. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн зогсонги байдлаас болгоомжилж байна. гэхдээ нүүрсний зах зээлд шууд нөлөөлөхгүй болов уу.
БНХАУ-д жил бүрийн 4-5-р саруудад үнэ буурдаг. Одоо нэг тонн коксжих нүүрсний үнэ дунджаар 200 орчим ам.доллар байна. Бид долоо хоног бүр арилжаа хийж байна. Арилжаанд оролцогчдын тоо байнга өссөн. Бидний зарласан үнийг хамгийн ихдээ 40 хувиар өсгөсөн тохиолдол бий. Биржийн арилжаа харьцангуй тогтворжсон. ЭТТ хамгийн өндөр үнээр дууддаг. Мөн бид Ганцмод боомтод нүүрсээ хүргэх нөхцөлөөр худалдаж байна. Зарим нь биднийг Гашуунсухайт буюу дотоодын боомт хүргэх нөхцөлөөр худалдах нь зөв гэж шүүмжилдэг. Бидний дуудсан хамгийн өндөр үнэ 1.1 сая төгрөг байв. 600 мянгаар дуудсан тохиолдол ч бий. Өндөр дуудах тусам орлого өснө шүү дээ.
Өнгөрсөн онд монголын компаниуд нийт 69.6 сая тонн нүүрс худалдаж, улсаараа дээд хэмжээнд хүрлээ. Хувийн компаниудын борлуулалт ч өссөн. Өнгөрсөн оны зорилт 50 сая тонн байсан шүү дээ. Анх энэ тоог зарлахад олон хүн итгээгүй. Урд хөршид ямар нэг асуудал үүсэхгүй бол бид одоогийн дэд бүтцээрээ энэ онд мөн л 70 сая тонн нүүрс гаргана.
-Боомтууд дээрх боймыг бүрэн тайлсан уу?
-Хил дагуу дахин боомт байгуулах шаардлагатай. Замын-Үүд боомтоор нүүрс худалдах гэсэн боловч энэ боомт ачаа тээврийн хүчин чадлаа бүрэн ашиглаж байна. Шивээ хүрэн, Гашуунсухайт, Хангийн төмөр замыг холбохоор нүүрсний хэмжээ өснө.
-Төгсгөлд нь ЭТТ-г түшиглэн байгуулж буй нүүрс баяжуулах үйлдвэрийн явцыг танилцуулна уу?
-Нойтон болон хуурай аргаар нүүрс баяжуулах, хоёр тусдаа үйлдвэр байгуулна. Жилд арван сая тонн нүүрсийг нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг тавдугаар сард ашиглалтад өгөх ёстой. Туршилтын хугацаа нь нэг жил. Туршилтын явцад бүх тохируулгыг хийсний дараа бидэнд хүлээлгэн өгнө. Битүү туузан дамжуургын сонгон шалгаруулалтыг саяхан зарласан.
Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг “Админерал” компани Концессын гэрээгээр барьж эхэлсэн ч хэл ам гарсан. Энэ төсөл хугацаанаасаа хоцорч байна. Хувийн хэвшил өөрсдөө 100 хувь хөрөнгөө гаргаж, дараа нь төрд хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан юм билээ. Тус компанийн баяжуулсан нүүрсийг бид борлуулж, хийсэн ажлынх нь өртгийг төлнө.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Эх сурвалж: Gogo.mn