УОК-оос шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан машины дэлбэрэлт болсон ослын талаар мэдээлж байна. Энэ үеэр байр орон сууцнуудын дунд байгаа шатахуун түгээх станцыг нүүлгэх эсэх талаар энэ үеэр тодруулсан юм. Уг асуултад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Стандартын дагуу бизнес эрхэлж байгаа албан байгууллагад хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ улс орны аюулгүй байдалтай холбоотой үед стандартыг хангасан ч шаардлагатай гэж үзвэл шатахуун түгээх станцыг буулгаж нүүлгэх ажлыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор хэн нэгэн хэлмэгдэж хохирох ёсгүй. Дан ганц шатахуун түгээх станцын асуудлаар ч биш бусад ахуйн гэмтэл бэртлийн үндэс болоод буй асуудлыг ч цэгцлэх ёстой. Стандартаа дагаж мөрдөж хэвших шаардлагатай байна" гэж онцоллоо.
Уг нь сэтгүүлчид шатахуун түгээх станцууд зохих журмын дагуу байгуулагдсан. Сүүлд орон сууцууд нэмэгдэж баригдсан гэдэг байдлаар хариуцлагаас зугтдаг талаар тодруулсан ч Шадар сайд энэ асуултад дорвитой хариулт өгсөнгүй. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд 14 дүгээр сургуулийн хашаанд тулгаж ШТС барьсан нь олны анхаарлыг татаж байв. Энэ асуудлаар иргэд эсэргүүцсэн ч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байгааг сэтгүүлчид тодруулсан юм.
"Одоо иргэдийн хохирлыг хэн төлөх вэ?", "Буруутай этгээдийг тогтоох хүртэл хэр хугацаа шаардах вэ?" гэдгийг сэтгүүлчид асуув. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Буруутай этгээдийг тогтооход хууль хяналтын байгууллага ажиллана. Учирсан хохирлын хэмжээг гаргана. Энэ хүртэлх хугацааг хүлээж ард иргэдийг орох оронгүй, өмсөх хувцасгүй байх нөхцөлийг төр бий болгохгүй. Нийслэл, дүүрэг, улсын нөөц хөрөнгөөс эдгээр асуудлыг эхний ээлжинд нэн яаралтай шийдвэрлэнэ. Ингэхийн тулд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ" гэв. Мөн тэрбээр"Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ? гэдэг асуудлаас үүдэж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд дахин шалгалт хийх түргэн шуурхай ажлыг зохион байгуулахаар болж байгаа. Төр урт удаан хугацаанд стандарт тогтоож ирсэн. Үйл ажиллагаа явуулах норм, дүрмийг дандаа тогтоож ирсэн. Энэ нь өөрөө амьдралын нөхцөл байдалтай уялдаж, шинэчлэгдэж, сайжирч, хэрэгцээ шаардлагад нь бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-үүд шаардлага хангах үүрэгтэй.
Энэ үйл ажиллагааг хангаагүй, хууль дүрэм, стандартаа зөрчсөн бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авах зохицуулалттай. Дан ганц шатахуун түгээх станц гэлтгүй Монгол Улсад, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлүүд анхаарахыг энэ том үйл явдал тод харуулж байна. Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6,500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3,000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг" гэдгийг хэллээ.
Галд өртсөн "Edu Apartment" 60 айлын орон сууцнаас оршин суугчдын талаар тодруулсан юм. Энэ тухайд Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын дарга Г.Ариунбуян "Галын аюулд хамгийн их өртсөн нь "Edu Apartment". Энэ байранд ойролцоогоор 180-200 орчим иргэн амьдардаг. Нэг орцтой, 14 давхар байр. Энэ байранд гарсан галыг манай байгууллагын 10 анги, 200 гаруй албан хаагчид гурван цаг гаруй ажилласны эцэст тархалтыг нь зогсоосон.
Бид Цагдаагийн байгууллагатай хамтарч утаашилтын бүсээс оршин суугчдыг гаргах ажлыг шуурхай зохион байгуулснаар иргэдийг "Күүпер Плаза" зочид буудал руу шилжүүлсэн. Шатсан орон сууцанд үзлэг явуулаад хоёр өрхийн иргэнтэй холбогдох боломжгүй байсан ч сүүлд нь холбоо тогтоосноор Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өөр гэмтэж бэртсэн иргэн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэж хариуллаа.
Иргэдийн биеийн байдлын талаар ЭМ-ийн сайд С.Чинзориг "Одоогоор ГССҮТ түүний харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна. Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна. Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг 13 дугаар хорооллын "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гурван баг ажиллаж байгаа. Долоон оператор эрүүл мэндийн 119 дугаараар зөвлөгөө өгч байна." гэсэн мэдээллийг өглөө.
Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Ослын дуудлага цагдаагийн байгууллагад 01:03 цагт ирсэн. Баянзүрх дүүргийн хөдөлгөөнт эргүүлийнхэн тав орчим минутын дараа очиж иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж хамгаалалтын бүс тогтоож ажилласан. Хоёр тээврийн хэрэгслийн жолоочдоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Цаашдаа мөрдөн шалгах ажиллагаа явагдах учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулж байгаа" гэв.
Хэдийгээр энх цагийн баатрууд хэмээн онцгой байдлын алба хаагчдыг магтан алдаршуулдаг ч тэднийг аюул осолтой "нүцгэн гар"-аараа тулах нөхцөл байдалд хүргээд байна уу гэдэг асуудал өнөөдөр ч хөндөгдөж байна. Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын дарга Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр төр засаг анхаарч байгаа ч шаардлага хэрэгцээ бий. Өнөөдөр тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн. Гэхдээ өнгөрсөн шөнийн тухайд галын голомт руу орсон алба хаагчид бүгд тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын хувцас, амьсгалын бие даасан төхөөрөмжтэйгөөр үүргээ гүйцэтгэсэн" хэмээв.