ЭМБ-аас коронавирусийн халдварын улмаас биеийн байдал нь хүнд болон ноцтой хэмжээнд хүрсэн өвчтөнүүдэд уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог дутмагшил үүссэн, амин үзүүлэлтүүд нь буурсан тохиолдлуудыг хамаатуулан үзэж байна. Эдгээр өвчтөнүүдийн амь насыг аврахад амьсгалын аппарат, уушги орлуулагч буюу "ECMO" зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж хамгийн ихээр шаардлагатай. Харамсалтай нь халдварын дэгдэлтийн томоохон голомт болсон улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны хувьд эдгээр төхөөрөмжүүдийн шаардлага, хомсдол үүсэх болсон. Итали, Франц зэрэг Европын өндөр хөгжилтэй орнуудын хувьд эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратын хүрэлцээ байхгүй байгаагаас шалтгаалан өвчтөнүүдийг эрэмбэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа талаар мэдээлсэн.
Халдварын тоогоор тэргүүлж буй АНУ-д бямба гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 311357 тохиолдол бүртгэгдээд байна. Гэвч тус улсын хэмжээнд бүх эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд дахь амьсгалын аппаратын хүрэлцээ ердөө 160000 орчимд хязгаарлагдаж байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зүгээс ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд тус улс дахь халдварын дэгдэлт оргил цэгтээ хүрэх талаар анхааруулсан. Халдварын тархалт хамгийн өндөртэй байгаа мужийн удирдлагуудын зүгээс Холбооны Засгийн газарт хандан шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр нэн даруй хангахгүй бол олон мянган хүний амь насыг аврах боломжгүй болох эрсдэл нүүрлээд байгааг сануулсан.
Гэсэн ч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон компаниудын үйлдвэрлэлийн хүчин чадал цар тахлын улмаас үүссэн эрэлтийг хангаж чадахааргүй хэмжээнд байгаа аж. Тиймээс “Tesla”, “SpaceX”, “Ford”, “General Motors”, “Dyson” зэрэг технологи болон автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн үйлдвэрлэлийн нөөц бололцоондоо тулгуурлан амьсгалын аппарат үйлдвэрлэх ажлуудыг эхлүүлээд байна. Гэвч тэдний хувьд эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хямд өртөгтэй үйлдвэрлэх асуудал хамгийн том асуудал, бэрхшээл болоод байгаа юм.
Тэгвэл дэлхийн хамгийн шилдэг их сургууль болох АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль (MIT)-ийн эрдэмтэд ердөө 400-500 ам.долларын өртгөөр бүтэх боломжтой амьсгалын аппаратуудын загварыг боловсруулж, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид нээлттэй ашиглах боломжтойгоор танилцуулжээ. Хямд амьсгалын аппаратын судалгаа, загвартай бүрэн эхээр нь танилцах
Кембридж болон Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэд анх 2010 онд энэхүү хямд өртөгтэй амьсгалын аппаратын загварыг хөгжүүлж “Journal of Medical Devices” сэтгүүлд хэвлүүлж байсан аж. Гэсэн ч тухайн үед хямд өртөгтэй амьсгалын аппаратыг ажиллуулахад сувилагч, эрүүл мэндийн ажилтны механик ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байдгаас шалтгаалан энэхүү судалгааны ажилд хөрөнгө оруулалт олдоогүйн улмаас хөгжүүлэлт зогссон байна. Гэвч хямд амьсгалын аппаратыг зохион бүтээсэн “MIT E-VENT” гэх эрдэмтдийн баг гурван долоо хоногийн өмнө дахин цуглаж, өмнөх загварын механик ажиллагааг байхгүй болгон сайжруулснаар яаралтай түргэн тусламжийн тасагт ямар ч асуудалгүй ашиглах боломжтой болгожээ.
Үүнээс гадна баатарлаг үйлс бүтээсэн эдгээр эрдэмтэд энэхүү судалгаагаа ямар ч санхүүжилтгүйгээр өөрсдийн нөөц бололцоогоор хийсэн бөгөөд аливаа сайшаал, шагнал урамшууллаас татгалзах зорилгоор нэрээ нууцлахыг хүсэж байгаа аж. Тиймээс “MIT” их сургуулийн зүгээс эдгээр эрдэмтдийн цаашдын судалгааг дэмжиж, санхүүжүүлэх зорилгоор цахим хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Хандив өгөх холбоос
Амьсгалын аппарат(Ventilator) болон Уушги орлуулагч (ESMO) төхөөрөмжүүдийн ажиллах зарчим.
Эх сурвалж: news.mit.edu, popular mechanics