2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулав.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “2023 оны эхний гурван улирлын дараах байдлаар манай улсын эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарсан. Валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш тогтворжсон. Өнөөдрийн байдлаар инфляц 8.6 хувьтай байна. Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд инфляц нэг оронтой тоонд орж ирсэн. Мах махан бүтээгдэхүүн улирлын шинж чанартайгаар нийлүүлэлт нь сайн байдаг учраас үнэ нь буурсан” хэмээн ярив.
Харин цаашид хэрэгжүүлэх ажлын талаар “Мөнгөний хатуу бодлогын нэг сөрөг үр дагавар нь бизнесийн салбарын зээл гаралт бага болсон гэсэн гомдол гарсан. Мөнгөний хатуу бодлогыг цааш хадгалах шаардлагатай байгаа. Зургаа дээр хасах, нэмэх хоёр нөхцөлийн зорилтот түвшинд хүрсний дараа мөнгөний бодлого зөөлөрнө. Энэ хугацаанд бизнесийн зээлийн олголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Үүнд Монголбанкнаас хэрэглээний өсөлтийг хэт хурдацыг хязгаарлах, бизнесийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор ажиллана. Энэ жил нийт нутгаар зудын эрсдэлтэй байгаа учраас ирэх хавар мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хамаарч үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс мах бэлтгэгч болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Хүнс үйлдвэрлэгчдийг дэмжихээр 125 тэрбум төгрөгийн хэмжээтэй хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийн 5.5 хувийг уул уурхайн тээврийн салбар бүрдүүлж байна. Тиймээс энэ салбарын нийлүүлэлт, тээвэрлэлтийг доголдуулахгүй ажиллуулах тал дээр гол бодлого баримтална. Үүний гол нөхцөл байдал нь дизель түлш юм. Дизелийн түлшний нийлүүлэлт, эрэлтийн доголдол үүсээд байна. Нүүрс экспортлогчид маань шатахуунаар тасарч болохгүй. ОХУ-аас импортолж буй шатахууны хэмжээ хэвийн байгаа” хэмээв.
Харин мөнгөний бодлогын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны арванхоёрдугаар сарын хурлаар хүүг 13 хувьд хэвээр нь үлдээсэн. Энэ бол богино хугацаанд инфляцыг зорилтот түвшинд оруулах бодлого. Тээвэр ложистикийн зардал 2019 оны түвшинд хүрсэн гэх таатай нөхцөл бүрдсэн. Цаашид хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдал дээр бодлого явуулбал бидний зорьж буй түвшин рүү очно. Ирэх оны төсөв 20 хувиар тэлсэн учраас хэрэглээ, эрэлт тал өдөөгдөнө. Энэ утгаараа инфляцын хоёр дахь давлагаа явах вий гэсэн болгоомжлол бий. Хэрэв он гараад статистик дүн бидний төсөөлснөөр явбал мөнгөний бодлогын хүү инфляцаа дагаад буурах боломжтой. Энэ нь санхүүгийн салбараар дамжаад бизнес эрхлэгчдэд хүүний дарамтыг багасгах боломж бүрдэнэ” хэмээсэн юм.
Тэгвэл энэ оны эдийн засгийн онцлох өсөлтийн талаар “2023 онд нийт 700 тэрбум төгрөгийн хүнсний хөнгөлөлттэй зээлийг гаргасан байна. Дийлэнх нь газар тариалан, хүнсний ногоо тариалж буй хүмүүст очсон. Энэ хөтөлбөр ирэх онд үргэлжлээд явна. Монголбанк арилжааны банк болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтраад уул уурхайн бус жижиг дунд бизнес эрхлэгч, ногоон болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг ирэх оноос гаргаж эхлэхээр эх үүсвэрүүд нь ороод явж байна. Төлбөрийн тэнцэл өнөөдрийн байдлаар 960 сая ам.доллар, урсгал тэнцэл 300 сая ам.долларын ашигтай гарахаар байгаа.
Мөн манай улсын валютын нөөц 4.6 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн нэг шугамын ашиглалтыг хаалаа. Цаана нь дөрвөн шугам үлдсэн. Энэ онд таван том банк 5-11 хувийн хувьцаагаа арилжаалж, 473 тэрбум төгрөгийг олон нийтээс босгосон. Ирэх жилүүдэд Монголын банкууд гаднын хөрөнгийн биржид хувьцаа гаргах боломж нээгдэж эхэлнэ. Монголбанк санхүүгийн тайланд нийт арилжааны банкны чөлөөт эх үүсвэр нь найман их наядад хүрсэн. Ийм хэмжээний зээл гаргах боломжтой гэсэн үг” гэлээ.