/TASS/. Энэ оны Нобелийн шагнал гардуулах ёслол Стокхолмын Филармонид болж, Шведийн хаан XVI Карл Густаф анагаах ухаан, физик, хими, утга зохиол, эдийн засгийн салбарын шагналыг гардууллаа.
Ёслолын ажиллагааг нээж Нобелийн сангийн удирдах зөвлөлийн дарга Астрид Сёдерберг Виддинг үг хэллээ. Тэрбээр, "шинжлэх ухааны чөлөөт суурь судалгаагаар дамжуулан хүний мэдлэгийн хил хязгаарыг тэлж, ирээдүйд тохиолдох гэнэтийн, урьдчилан таамаглах аргагүй үйл явдлуудад урьдаас бэлэн байх боломжийг бий болгодог билээ" хэмээгээд "энэ үдэш шагнал гардаж буй эрхмүүд шинжлэх ухаан, уран зохиолын хүчийг илэрхийлэгчид юм" гэж онцлон тэмдэглэв.
Сёдерберг Виддинг мөн шагналыг үүсгэн байгуулагч Альфред Нобелийн талаар дурдаж “тэрбээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө дэлхийг өөрчлөхөд нөлөөлөх шинжлэх ухаан, уран зохиол, энх тайвны үйлсийн онцгой хүч чадалд итгэдэг байсан” гэж хэлжээ. Нобелийн хорооны даргыг үг хэлсний дараа 2023 оны шагналтнууд уламжлал ёсоор шинэхэн цэцгээр чимэглэсэн тайзан дээр гарч, алтан медаль болон дипломоо гардан авлаа.
Харин энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг гардуулах ёслол Осло хотод боллоо. Иранд хоригдож буй хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммадигийн хүүхдүүд шагналыг гардан авч, түүний өмнөөс үг хэлжээ.
Энэ оны анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг Америк-Унгарын эрдэмтэн Каталин Карико, Америкийн судлаач Дрю Вайсман нар "нуклейн хүчлийн суурийг өөрчлөх чиглэлээр нээлт хийж, COVID-19-ийн үр дүнтэй mRNA вакциныг гарган авах боломжийг олгосныхоо төлөө" хүртсэн юм. Физикийн салбарын шагналыг Франц-Америкийн эрдэмтэн Пьер Агостини, Унгар-Австрийн эрдэмтэн Ференц Краус, Францын эрдэмтэн Анн Л’Юилье нарт "бодис дахь электронуудын хөдөлгөөнийг судлахын тулд аттосекундийн гэрлийн импульс үүсгэдэг туршилтын аргуудыг боловсруулсных нь төлөө" олгосон байна.
Химийн салбарын шагналыг Америкийн эрдэмтэд болох Мунги Бавенди, Луис Брюс нар, мөн Зөвлөлт, Оросын физикч Алексей Екимов нар хүртсэн билээ. Брюс, Екимов нар тус тусдаа квант цэгүүдийг нийлэгжүүлсэн бол Бавенди эдгээр нано бүтцийн шинж чанарыг цаашид судлахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Утга зохиолын Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч Жон Фоссэд “үгээр илэрхийлж болшгүй зүйлсийг тусгасан шинэлэг жүжиг, зохиол туурвисных нь төлөө” олгосон юм. Америкийн судлаач Клаудиа Голдин "хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн үүргийн талаарх ойлголтыг сайжруулсны төлөө" Альфред Нобелийн дурсгалд зориулан Шведийн Төв банкнаас олгодог эдийн засгийн салбарын шагналыг хүртсэн.
Шагналыг үүсгэн байгуулагчийн хөрөг бүхий Нобелийн одонг 18 каратын алтаар урласан бөгөөд 175 гр жинтэй байдаг бол 1980 оныг хүртэл 200 гр хүртэл жинтэй, 23 каратын алтаар урладаг байжээ. Эдийн засгийн салбарын шагналын эзэд арай илүү буюу 185 гр жинтэй одонг гардан авдаг байна. Гэхдээ хэрэв Нобелийн медалийг дуудлага худалдаанд оруулахаар болбол үнэ цэн нь жингээс төдийгүй хэн эзэмшиж байснаас хамаардаг ажээ.
Нобелийн диплом нь өнгө өнгийн үсгийн фонт, тусгай алтан монограмм бүхий 23х25 см хэмжээтэй урлагийн жижиг бүтээл бөгөөд хавтсыг нь арьсаар хийдэг. Физикийн салбарын шагналтны диплом цэнхэр, хими, физиологи, анагаах ухааных улаан, эдийн засгийнх бор, утга зохиолынх нь зураачийн сонгосон өнгөтэй байдаг ажээ. Шагнал гардуулах ёслолын дараа дипломуудыг хотын захиргааны байрны нэгэн танхимд шилэн хоргонд тавьж, олон нийтийн хүртээл болгодог. Шагнал гардуулсны дараа шагналтнууд, зочид, хааны гэр бүл, засгийн газрын гишүүд, шинжлэх ухаан, бизнес, соёлын салбарын элитүүдийн төлөөлөл Стокхолм хотын захиргааны байранд зохион байгуулдаг хүлээн авалтад оролцдог уламжлалтай.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг