Их Британийн засгийн газар өчигдөр тус улсад хууль ёсны дагуу цагаачлан ирэх гадаадын иргэдийн тоо хэмжээг хязгаарлах шинэ журмаа танилцуулжээ. Уг асуудал сүүлийн арван жил Британийн улс төрийн хүрээнд яригддаг гол сэдвүүдийн нэг болоод байгаа. 2016 онд Европын Холбооноос гарах шийдвэрт нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь цагаачлал байлаа.
2022 онд Их Британид 745,000 тусгай мэргэжлийн хүн цагаачлан ирсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм. Эдгээр нь голдуу Энэтхэг, Хятад, Нигери зэрэг улсуудаас ирсэн бол Европын Холбооны орнуудаас маш бага байсан байна.
Шинэ арга хэмжээний үр дүнд дээрх тоо 300,000 хүртэл буурах тооцоотой байгааг дотоод хэргийн сайд Жэймс Клэверли мэдэгджээ.
“Цагаачлалын түвшин хэтэрхий өндөр байна. Өнөөдөр бид үүнийг эрс бууруулах арга хэмжээ авч байна” гэж ерөнхий сайд Риши Сунак хэлсэн байна. Шинэ журмын дагуу мэргэжлийн цагаачдын Британид эрхлэх ажил хөдөлмөрийн жилийн цалингийн доод босго 38,700 фунт стерлинг ($48,900) болсон нь өмнөх 26,200-аас даруй 50 хувиар өссөн дүн болжээ.
Гэхдээ энэ босго эрүүл мэнд, нийгмийн салбарт ажиллах цагаачдад үйлчлэхгүй юм байна. Үүнээс гадна цагаач ажилчдыг Британид гэр бүлтэйгээ ирэхийг хориглох, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлтийг нь бууруулах зэрэг арга хэмжээ авчээ.
Гэхдээ Британийн бизнесийн байгууллагууд засгийн газрынх нь шинэ арга хэмжээ цагаач ажилчдыг үргээж, зарим салбарын ажиллах хүчний дутагдлыг улам гүнзгийрүүлж болзошгүй хэмээн болгоомжилж байна. “Цагаачид манай улсад гэр бүлээсээ хол амьдрахын оронд өөр илүү таатай улс орнуудыг сонгох магадлалтай боллоо” гэж эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл UNISON-ий ерөнхий нарийн бичгийн дарга Кристина Маканеа мэдэгджээ. Түүний бодлоор шинэ арга хэмжээ эрүүл мэндийн салбарт “гамшиг” учруулах нь тодорхой болсон гэнэ.
Эх сурвалж: Reuters