Газрын тосны үнэ буурчээ

оруулсан Алсын Хараа

/Anadolu/. Ирэх оны эхний улиралд газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа энэ үед ирэх оны олборлолттой холбоотой квотын талаар “ОПЕК+” бүлгийн гишүүн орнууд санал зөрөлдсөн тухай мэдээлэл тархсанаар тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүллээ. Үүнээс шалтгаалан даваа гарагт газрын тосны үнэ буурчээ.

Тодруулбал, Brent маркийн газрын тосны үнэ нэг торх нь 79.81 ам.доллар болсон нь өнгөрсөн баасан гаргийн арилжаа хаагдах үеийнхээс /80.48 ам.доллар/ 0.83 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн WTI маркийн газрын тосны үнэ баасан гаргийнхтай харьцуулахад 0.84 хувиар буурч, 74.90 ам.доллар болжээ.

Brent маркийн газрын тосны үнэ Саудын Арабын тогтоосон доод үнэ болох 80 ам.доллароос доошилсон нь одоогоор хэрэгжүүлж буй олборлолтыг танах шийдвэрийг сунгах эсвэл дахин бууруулах магадлалыг өсгөсөн байна. Саудын Араб нь тус бүлгийн тохиролцсоны дагуу 2024 оныг дуустал нийт олборлолтыг өдөрт 2 сая торхоор бууруулахад хувь нэмэр оруулж байгаагаас гадна өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ ойролцоогоор 1.5 сая торхоор танаж байгаа юм.

Үүний зэрэгцээ, Олон улсын эрчим хүчний агентлагаас газрын тосны зах зээлд хийсэн хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээгээр ирэх оны эхний улиралд дэлхийн хэмжээнд дунджаар 101.5 сая торх газрын тос хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Хэрэв “ОПЕК+” олборлолтоо бууруулсаар байвал энэ хугацаанд дэлхийн газрын тосны дундаж нийлүүлэлт 102.8 сая торход хүрэх төлөвтэй байна. Ингэснээр олборлолт буурсан тохиолдолд ч гэсэн өдөрт бараг 1.3 сая торх газрын тосны илүүдэл бий болох нь.

Ирэх нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх олборлолтын квотын асуудлаарх уулзалт 11 дүгээр сарын 26-нд болох байсныг 11 дүгээр сарын 30-нд болгон дөрөв хоногоор хойшлуулахаар шийдвэрлэсний дараа зах зээл дэх тодорхойгүй байдал улам нэмэгджээ.

Ирэх оны эхний улиралд эрэлт нэмэгдэнэ гэсэн таамаглал гарсантай холбоотойгоор зарим гишүүн улс олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул гишүүдийн дунд санал зөрөлдөөн үүссэн байна. Хөрөнгө оруулагчид одоо дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын бодлогын хүүтэй холбоотой Холбооны нөөцийн сангийн мэдэгдлийг анхааралтай ажиглаж байна. Түүнчлэн Хятадын макро эдийн засгийн мэдээллийг ч мөн ажиглаж байна.

Сэтгэгдэл бичих