Протокол: Шүүх байгуулах хуулийн төслийг дэмжлээ

оруулсан Алсын Хараа

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр 13.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн гишүүдийн олонх дэмжлээ.  Байнгын хорооны хуралдааны протоколыг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Авлигын тусдаа шүүх байгуулах санал орж ирээгүй юм байна гэж ойлголоо. Үүнийг Б.Энхбаяр сайд тайлбарлаад өгөөрэй. Авлигын хэргийг анхан шатаар шийдвэрлэхгүй болж байгаа юм байна. Энэ нь шүүхийн тогтолцоонд  сөрөг нөлөө үзүүлэхгүй юу Б.Батцэрэн шүүгч ээ. 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулж, нилээн асуудал болж байж хүнтэй нь хамт шилжүүлдэг болсон.  Одоо ШЕЗ,  шүүхийнхэн хэрэг шилжүүлнэ, хүнээ та нар  өөрсдөө олоод ав гээд хаях юм байна. Үүнд тайлбар өгөөч. Нийслэлд анхан, шат болон давж заалдахаар ч гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах санал орж  ирж байна. Хүүхдийн шүүх гэдэгт ямар асуудал орж ирэх вэ. Үүнийг гэр бүл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн шүүх болгож дагнах боломжгүй юу.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн гаралт, учрах хохирлын хэмжээ, цар хүрээ нэмэгдсэн. АТГ-аас  өгч байгаа мэдээллээр авлигын гэмт хэргээс учирч байгаа хохирол  хэдэн их наядаар хэмжигдэж байна. Мөн улс орон дамнасан, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой, гадаад улс орнуудад данс нээсэн, хөрөнгө байршуулсан зэргээр илэрч байна. Тиймээс ердийн гэмт хэргийг илрүүлэх арга ажиллагаагаар  авлигын гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Тэгэхээр хүчин чадлыг нэмэгдүүлэх арга  ажиллагааг сайжруулах шаардлага байна.  Энэ төрлийн хэргийг  хянаж байгаа мөрдөгч, прокурор, шийдвэрлэж байгаа шүүгчийн ур чадвар нь нөгөө цагаан захтануудын ухаанаас хэдэн арван жилээр хоцорсон. Гэмт  хэрэгтнүүд ухаантай, эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сүлжээтэй болсон  байна. Одоогийн байгаа шүүгчийн бүрэлдэхүүн, тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй юм байна гэж Засгийн газар үзэж байгаа. Тиймээс  шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулж өргөн барьсан хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн 1.3-д  Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүх  байгуулах асуудлаар тодорхой  саналаа УИХ-д өргөн барих  үүрэг даалгавар Засгийн газар өөртөө авах гэж байгаа.  Энэ бол Засгийн газрын өөрийнх нь бодлого бөгөөд хүсэл эрмэлзэл.  Энэ  хүсэл эрмэлзлийг  УИХ дэмжиж,  энэ тогтоолыг баталж өгөх юм бол Засгийн газар ШЕЗ, Дээд шүүхтэй яаралтай хамтарч ажиллана.  Шүүхийн тухай хуульд зааснаар  шүүх байгуулах хуулийг Засгийн газар дангаараа санаачилга гаргаж, өргөн барих боломжгүй.  Шүүхийн ерөнхий  зөвлөл боловсруулаад Дээд шүүхийн зөвшилцсөн саналыг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,  УИХ-д өргөн барих зохицуулалттай байгаа.

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн:

-Үндсэн хууль болоод Шүүхийн тухай  хуульд шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давж заалдах,  хяналтын шатны шүүх  гэсэн байдлаар хуульчилсан.  Үндсэн хуулийн  50.2 –д  Дээд шүүх  давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзнэ гэж заасан.  Мөн  Шүүхийн тухай хуулийн 25.7.1-д хуулиар тусгайлан  харъяалуулсан тохиолдолд хэрэг  маргааныг анхан шатны журмаар  хянан шийдвэрлэх, хуулийн 25.7.2-д  давж заалдах шатны шүүх анхан шатны  журмаар шийдвэрлэсэн хэргийг  давж заалдах журмаар  хянан хэлэлцэх эрхийг  хуульчлан заасан байдаг.  Тэгэхээр хууль тогтоогч  давж заалдах шатны шүүхийг  тодорхой төрлийн хэргийг  анхан шатны журмаар шийдвэрлэх, хяналтын шатны шүүхийг давж заалдах журмаар  шийдвэрлэх шүүхийн харьяалалыг тогтоосон тохиолдолд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй.

УИХ-ын гишүүн  Д.Ганбат:

-Сүүлийн  найман жил,  шүүхтэй холбоотой  хууль хэрхэн өөрчлөгдсөн бэ.  2012-2016 онд  шүүхийн  олон хуулийг багцаар нь өөрчилсөн. Үүний дараа шүүх сайн ажиллаж эхэлсэн гэж хардаг. Харин одоо шүүх ямар байдалтай байна вэ. Авлигын талаар дагнасан шүүх  байгуулах гээд байгаа  юм уу, үгүй юу. Мөн шүүхийг бэхжүүлэх талаар  яагаад ярихгүй байна.  Шүүхийг хараат бус  ажиллах  боломжийг нь яагаад өгөхгүй байна.

ХЗДХ-ийн Б.Энхбаяр:

-Авлигын хэргийн шүүхийн асуудлаас иргэд  айхгүй байгаа. Харин авлигачид авлигын хэргийн шүүх байгуулахаас айж, эсэргүүцэж байна.  Нүүрсний сонсголыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь нүүрсчид. Нүүрсний хэрэгт ялагдагчаар  татагдсан манай намын улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй  сэтгүүлчид хамтарсан компанитай байна. Бүхэлдээ сүлжээ үүссэн байна.  Тиймээс бүх салбарын  хатигнуудаас салъя.

УИХ-ын гишүүн  Ц.Сандаг-Очир:

-Хялбар  ажиллагааны шүүхийг  нийслэлийн хэмжээнд нэг тойргийн шүүх байхаар оруулж ирж байна. Энэ нь эргээд хялбар гэдэг утгаа алдчих вий. Үүн дээр хэрхэн тооцоо, судалгаа хийсэн бэ.  Мөн алсын  гурван дүүргийн хялбар ажиллагааны шүүх нийслэл дээр ирэх нь. Тэгэхээр   энэ хэрэг маргааны  асуудал, зарчим  алдагдаж төвөгтэй болох  сөрөг тал байна.  Үүнийг хэрхэн харсан бэ. Авлигын хэргийн шүүхийг дагнаж байгуулах нь ямар хэрэгцээ шаардлага байна. Ямар өөрчлөлт гарна гэж үзэж байна вэ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Сүүлийн жилд томоохон авлига, албан тушаалын хэргийг Засгийн газар  УИХ-ын дэмжлэгтэйгээр шүгэл үлээж, нээлттэй болгож ,  мөрдөх албад, хяналт, шүүхийн журмаар эхнээсээ шийдээд явж байна. Нэг томоохон авлигын хэргийг илрүүлэхийн тулд олон хүний хүч хөдөлмөр  зарцуулагддаг. Гэтэл ял оногдолдуулж байгаа байдалд анхан шатны шүүхүүдийн сүүлийн үеийн байдлыг харахад үнэхээр итгэл алдарч байна.  Үнэхээр шүүхдээ итгэхийг хүсэж байна. Би шүүх дээр явж байгаа нэг ч хэргийн талаар нэг ч удаа байр суурь илэрхийлэхгүй байгаа.  Хөгжлийн банкны  шийдвэрүүд дээр  юу гэж бодож  байна гэж олон сэтгүүлч надаас асуусан. Би огт байр суурь илэрхийлээгүй. Яагаад гэвэл энэ хэрэг  дуусаагүй. Давж заалдах, хяналтын шаттай гэдгийг хэлсэн.  Миний байр суурь  нөлөөлөл болчих вий гэж бодож байгаа болохоос биш  бүтэн жил  шалгасан хүний хувьд дотор бодол л байгаа.

УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж:

-2020 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд өөрчлөлт орж,  ялтан болон бусад холбогдох этгээдүүдийг шүүхийн шийдвэрийн хамт,  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгнө гэсэн заалт нэмсэн.  Энэ хуулийн өөрчлөлт орсноос хойш  өнөөдрийн байдлаар 24 мянган ялтан болон албадлагын арга хэмжээ авч байгаа хүмүүст хяналт тавьж байгаа  юм байна. Энэ нь өмнөх жилийнхээс найм дахин өссөн үзүүлэлт байгаа юм.  Өнөөдөр нэг байгуулага өөртөө тохиолдож байгаа асуудлаа нөгөө байгууллагынхаа саналыг авахгүйгээр дураараа оруулж ирж болохгүй.  Тиймээс энэ заалтыг дэмжихгүй байхыг гишүүдээс хүсэж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжихийг хүсэж байна. Ер нь шүүх байгууллагуудын хэрэглэдэг хуулиудад хуулийн байгууллагууд санал нэгдэж орж ирнэ гэж байдаггүй. Асуудлыг олон талаас  нь ярьж зөв шийдлийг нь  гаргах нь хууль тогтоогчийн гол үүрэг. Би хууль санаачлагчийн хувьд энэ л зөв гэсэн хатуу суурьтай биш. Тиймээс энэ хуулийн төсөлд шүүх, прокурор,  шийдвэр гүйцэтгэх  байгууллагын тооцоо үндэслэл,  мэдээ материалыг ажлын хэсэг дээр  ярьж,  илүү зөв шийдлийг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Хууль санаачлагчийн хувьд уян хатан байр суурь баримталж ажиллана.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)

Сэтгэгдэл бичих