Арваннэгдүгээр сар Монголын спортын ертөнцөд олон онцлох үйл явдал өрнөсөн, амжилт бүтээлээр дүүрэн, бахдал баярын нулимстай болж өндөрлөж байна. Эх орныхоо нэрийг гаргаж, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулсан зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Даамын хоёр аварга “төрөв”
Арваннэгдүгээр сарын спортын тэмцээн Индонез улсын Бали арал дээр болсон Олон улсын орчин үеийн таван төрөлт спортын өсвөр үеийнхний ДАШТ-ээр эхэлсэн юм. Энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор А.Билэгт, Т.Мөнх-Ундрага нар өрсөлдсөн билээ. Манай тамирчид биатли буюу 1200 метрийн гүйлт, 200 метрийн сэлэлт, 1200 метрийн гүйлт, триатли буюу 2400 метрийн гүйлт, 4:5 лазер буудлага, 200 метрийн сэлэлт гэсэн хоёр төрөлд хүч сорив. Энэхүү тэмцээнийг онцолж буй учир нь энэ төрлийн тэмцээнд Монгол Улс анх удаа оролцож, спортын түүхэндээ нэгэн шинэ хаалгыг нээсэн юм. Харин дараагийн онцлох үйл явдал нь дугуйчин С.Жамбалжамцын тухай байв. Монгол Улсаас анх удаа дугуйн төрөлд олимпын эрхээ авсан тэрбээр энэ арваннэгдүгээр сард Испани улсын мэргэжлийн баг “Burgos BH”-тай гэрээ хийсэн билээ. Ингэснээр манай тамирчин “World Pro tour” буюу Дэлхийн мэргэжлийн шилдэг баг тамирчид уралддаг “Vuelta a Espana”, “Giro d’Italia”, “Tour de France” зэрэг Дэлхийн номер нэг тэмцээнүүдэд оролцох боломж бүрдсэн юм. Ийнхүү Монгол Улс Уорлд турын түүхэнд анхны тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн улс болсныг “UCI” онцлон зарласан байна. Дараагийн спортын онцлох тоймоор Польш улсад болсон 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-нийг нэрлэж байна. Учир нь энэхүү тэмцээнээс Монголын хоёр тамирчин алтан медаль хүртсэн юм. Тодруулбал, 5-8 насны хөвгүүдийн ангилалд Н.Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарснаар ийнхүү манай улс нэгэн зэрэг хоёр аваргатай болсон билээ. Энэхүү амжилтаараа Монголын баг энэ удаагийн ДАШТ-нийг багийн дүнгээр тэргүүлсэн. Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм. Казахстан улсын Астана хотод аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 4-ний өдөр боксын өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнээс Монголын баг гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тодруулбал, 50 кг-д “Ихэр бээлий” клубын тамирчин Т.Цогтсайхан, 48 кг-д Б.Саруул, 70 кг-д Г.Энхгэрэл нар юм. Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ. Их Бриатнийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон юм. Энэхүү тэмцээнд 50 тамирчин өрсөлдсөний 40 нь дэлхийн чансаанд бичигдэж буй шилдгүүд байв. Манай улсаас их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул оролцож, дэлхийн шатарчин гэдгээ дахин нэг удаа баталсан билээ. Тэрбээр нийт 11 өрөг тоглохдоо дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.
Монгол тамирчин хүрэл медаль хүртлээ
Мөн Литва улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ арваннэгдүгээр сарын 13-18-ны өдөр болсон. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны есөн тамирчин хүч үзснээс эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж шахалтын төрөлд цээжнээс 162.5 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ. Мөн тэрбээр таталтын төрөлд 222.5 кг-ыг татаж, суултын төрөлд 225 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Харин арваннэгдүгээр сарын 16, 17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тэмцээнд 15 орны 181 тамирчин хүч үзсэн бөгөөд охидын 70 кг-ын жинд А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан байна. Харин дараагийн онцлох тэмцээн бол Катарын нийслэл Доха хотод бол снукер бильярдын ДАШТ юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангасан билээ. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авч, хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор ийнхүү анх удаа монгол бильярдчин дэлхийд нэрээ дуурсгав. Сүүлийн жилүүдэд манай тамирчид гараар татах хүчний тэмцээнд амжилттай оролцдог болсон. Үүний нэг жишээ нь Казахстан улсын Алмата хотод болсон дэлхийн цомын тэмцээн байлаа. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцон нийт таван алтан медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ. Үүнээс загвар өмсөгч А.Чингүүн тус тэмцээнд хоёр төрлөөр өрсөлдөж, хоёуланд нь алтан медаль хүртэж, дэлхийн цомын хошой аварга болсон юм. Харин энэ сарын отгон тэмцээний нэг нь Ой тогтоолтын Олон улсын холбооноос зохион байгуулсан “Ой Тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн”-д Япон, Монгол, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд тамирчдын харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Тэмцээний нийлбэр дүн гарахад бага насанд М.Гэгээн-Оюун, Өсвөр насанд Олон улсын мастер Э.Үүрийнцолмон, Насанд хүрэгчдийн ангилалд Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн нар тэргүүллээ. Тэмцээний эцсийн мөчид 780 тамирчныг тэргүүлэн 2023 оны Дэлхийн аваргаар Монголын тамирчин Т.Тэнүүн тодорсноор хошой дэлхийн аварга болсон юм.
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин