Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг тул аль ч насныхан өвчилж болно. Харин манайд уг өвчинд ихэвчлэн бага насныхан өртөж, хүндрэх нь элбэг байдаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ томуугийн вакцинд төдийлөн хамруулахгүй байгаа талаар “Дархлаатай монгол” үйл ажиллагааны үеэр эмч нар анхааруулав.
Тус үйл ажиллагааг ХӨСҮТ, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийнхэн хамтран зохион байгуулсан юм.
Ханиад, томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан дээрх мэдээлэл солилцох уулзалтыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хийсэн бөгөөд албаныхан ханиад, томууны дэгдэлт, вакцуужуулалтын явц, өнөө жил дэгдэж болзошгүй томуугийн вирусүүд, урьдчилан сэргийлэлт зэрэг цогц мэдээллийг сэтгүүлчдэд газар дээр нь өгснөөрөө онцлог байлаа.
Чингэлтэй дүүрэгт дархлаажуулалт 73.3 хувьтай байна
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн, “Эрүүл мэндийн байгууллагууд ханиад, томуу дэгдэхээс өмнө холбогдох бэлтгэл, ажлуудыг хийдэг уламжлалтай. Ингэхдээ иргэдэд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг өгөхөөс гадна дүүргийн эмнэлгүүд тасаг, нэгж, орны бэлэн байдлаа хангаж ажилладаг. Урьдчилан сэргийлэх хүрээнд хийдэг хамгийн чухал ажлын нэг нь иргэдийг тэр дундаа зорилтот бүлгийнхнийг томуугийн дархлаажуулалтад хамруулах явдал юм. Тодруулбал, үүнд 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65 болон түүнээс дээш насны ахмадууд, архаг, хууч өвчтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багтдаг бөгөөд тэднийг вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг” гэлээ.
Нийслэлийн эмнэлгүүдэд энэ намар томууны 138 400 хүн/тун вакцин нийлүүлсэн бөгөөд тус Эрүүл мэндийн төвд 12 460-г нь хуваарилжээ. Ингэснээр тэд дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-наас эхлүүлж, хамрагдалт нь өдгөө 73.3 хувьтай байгаа аж. Хэдийгээр вакцинжуулалтын явц сайн байгаа ч өвчлөлд өртөмхий бүлэг болох тав хүртэлх насны хүүхдүүдийн ирц хангалтгүй байгааг Н.Нямсүрэн дарга хэлсэн юм.
Вакцин хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтоно
Хүүхдүүдэд вакцин хийхийн тулд эцэг, эх, асран хамгаалагч нараас нь заавал зөвшөөрөл авдаг учраас томчууд энэхүү процесст тоомжиргүй ханддаг аж. Уг нь эмч нар томууны вакцины үр дүнгийн талаарх мэдээллийг ялангуяа эцэг, эхчүүдэд дэлгэрэнгүй өгдөг ч зарим нь тоохгүй явсаар хүүхдээ халдварт өртүүлж, хүндрүүлэх, цаашлаад амь насанд нь хүртэл аюул учруулах эрсдэлтэйгээ мэддэггүй байна. Тиймээс эцэг, эхчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах нь нэн чухал гэдгийг эмч нар дахин дахин анхаарууллаа. Томууны вакцин хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, жилийн турш үйлчлэл үзүүлдэг тул хүүхэд амьсгалын замын халдварт өртсөн ч хөнгөн тусах, аюул, эрсдэл багатай өнгөрдөг нь олон жилийн судалгаагаар нотлогджээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжиж байна
ХӨСҮТ-ийн Томууны үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байгааг анхааруулав. Тэрбээр, “ДЭМБ-аас жил бүр ханиад, томууны дэгдэлтийн талаарх тандалт, судалгааг хийж, тухайн жилд ямар омгийн вирусээр үүсгэгдсэн өвчин дэлхийн аль бүс нутагт илүүтэй тархаж болзошгүйг урьдчилан тооцоолдог. Улмаар тухайн жилд дэгдэх магадлалтай вирусний омгуудыг агуулсан вакциныг улс орнуудад зөвлөдөг. Энэхүү зөвлөмжийн дагуу манай улс зорилтот бүлгийнхэнд томууны вакциныг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй хийж байна. Улирлын томууны вакцин тухайн улиралд дэгдэх магадлалтай дунджаар 3 хүрээний вирусний эсрэг дархлаа тогтоодог учраас өвдөхгүй байх, хөнгөн тусах, бусдад халдвар тараах үйл явцыг бууруулах чухал ач холбогдолтой. Тиймээс тэр дундаа зорилтод бүлгийнхэн дархлаажуулалтад сайн хамрагдах хэрэгтэй” хэмээв.
Өдгөө нийслэлийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгсдийн 21.2 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай аж. Өвчлөлийн түвшинг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 хувиар ихэссэн дүнтэй байна. Аймгуудын хувьд хүн амын хөдөлгөөн ихтэй, хилийн бүсийн ойролцоох нутгуудад томуугийн вирус идэвхжих хандлагатай байгааг ХӨСҮТ-ийн Томууны үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан дурдсан юм.